Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатар дүүргийнхэн хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахаар зөвлөлдлөө

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас санаачилсан “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” сургалт зөвлөгөөн Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Энэхүү сургалтанд иргэд болон хүүхэд гэр бүлтэй хамгийн ойр ажилладаг 20 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, ЕБС-ийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйчид болон СӨХ-ны ажилтнууд оролцов. Тус зөвлөгөөн нь хүүхдүүдийг хүчирхийллийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхээ хэрхэн хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох ялангуяа гэр бүлийн, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилготой болж байна.

Зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, дүүргийн Улаан загалмайн хороо, “Лантуун дохио” ТББ, “Сайн үйлс” ТББ-ууд хамтран оролцож, мэдээлэл, судалгаа шинжилгээ, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар зөвлөлдсөн юм.

“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” зөвлөгөөнийг нээж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Бид хүчирхийллийн тухай мэдээллийг эмзэглэж хүлээж авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх, хамгаалах бодит ажлуудыг хийх ёстой. Сүхбаатар дүүрэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байрны асуудлыг шийдвэрлэж, 2018 оны төсөвтөө суулгасан. Энэхүү зөвлөгөөнөөс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох уриалга гарна. Уриалгыг бүх шатны байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь үр дүн юм” гэдгийг онцоллоо.

СБД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаагаас энэ талаар тодруулав.

-Сүхбаатар дүүргийн тамгын газрын зүгээс Хүчирхийллийн эсрэг хамтдаа сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Эцэг эхчүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд чухам юу тусгасан байдгийг мэддэггүй. Эцэг эхчүүд болон удирдах ажилтнууддаа сургалт хийж, хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Эхний ээлжинд мэдлэг мэдээллийг нь өгье дараа нь энэ хүмүүстэйгээ ажиллая. Ямар ч мэдээлэлгүй хүмүүс өнөөдөр юу хийж чадах вэ, хандлагаа өөрчилж байж үйл ажиллагаагаа засна. Ийм учраас энэхүү сургалт зөвлөгөөнийг хийж байгаа юм.

Бид хүүхдийн эсрэг хүчирхийлэл мэдэгдэхүйц буурах бодит үр дүнгийн төлөө ажиллахыг хичээж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга юм. Энэ хүн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байрыг санаачлан санхүүжилтийг нь шийдээд 2018 онд энэхүү ажлыг эхлүүлэх гэж байна. Хохирогч гэрээсээ гараад хаана очих, хэнд хандахаа мэдэхгүй байсан бол одоо очих газартай боллоо. Энэ бол том алхам. Мөн хүүхдийн тусламжийн 108 утас ажиллаж байна. Бүх төрлийн үйлчилгээг эндээс авна. Хамгаалах байран дээрээ ирээд эрхээ хамгаалуулах боломжтой болж байна гэв.

Б.АМАРТҮВШИН


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүннү Молд “Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзүүлэв

ШУА-ны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөр Хүннү Молд боллоо. Энэхүү өдөрлөгийн хүрээнд тус хүрээлэнгийн номын үзэсгэлэн худалдаа болж “Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзүүлэв. Мөн Монгол орноос олддог палеонтологийн олдвор, Үлэг гүрвэлийн тухай баримтат киног үзүүлсэн юм. Өдөрлөгийг нээж ШУА-ны Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Тунгалаг үг хэлэв.

Мөн шинжлэх ухааны ажилтнууд лекц уншсан юм. Доктор Н.Уранбилэг “Өмнөд Монголоос олддог палеонтологийн сонирхолтой олдворууд эртний ургамал, сээр нуруутан амьтан”, докторант Ц.Чинзориг “Монгол орноос олддог тэмээн хяруул маягийн үлэг гүрвэл орнитомимозаврууд ба өнөөгийн судалгааны түвшин”, магистр О.Одбаяр “Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа”, эрдэм шинжилгээний ажилтан Л.Дагва-Очир “Дэлхийн геологийн тогтоц”, Г.Алтаншагай “Бактерийн палеонтологи” лекцүүдийг тус тус уншлаа.

ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н.Уранбилэг “Үлэг гүрвэлийн гайхамшиг” музейн олдворуудын талаар ингэж ярив.

ТАРБОЗАВР БАТААР


Манай хүрээлэн эртний амьтан болон ургамал гэсэн хоёр салбарт хуваагддаг. Миний хувьд эртний амьтны салбарыг төлөөлөн ажилладаг. Хүннү Мол үзэсгэлэнгийн гол танхимд байгаа гурван том үлэг гүрвэлийн эхнийх нь 1984 онд олдсон Трабазавр Батаар америкт Тринозавр Рекс гэж нэрлэгддэг. Манай Монголд л Батаар гэж нэрлэдэг. Баатар гэдэг үгнээс гаралтай. Олдвор олдсон газраас хоёр дахь нэршлийг өгөх эрхтэй байдаг. Өмнөговь аймгийн, Гурван тэс сумын бүгийн цав буюу Батаарын нутаг гэгддэг газраас олддог үлэг гүрвэлийн төрөл зүйл юм. 1955 онд Батаар гэдэг нэрийг Оросын Малаев гэдэг эрдэмтэн өгсөн. Энэхүү үлэг гүрвэлийн олдвор нь Байгалийн түүхийн музейд олон жил байж байгаад 20-иод жил гадаадын орнуудаар явж, эх орноо суртчилж байгаад буцаж ирсэн.

Тарбозавр батаарын зулзаганы бүтэн толгой, хүзүүний үеүд

ЗАВРАПОЛ


Заврапол гэх энэхүү динозавр үлэмж том биетэйгээс гадна урт хүзүүтэй. Батаараас хамаагүй том хэмжээтэй дөрвөн хөлөөрөө явдаг амьтан. Батаарын хойд хоёр хөл нь хүчтэй урд хөл нь сарвуу маягтай хөгжил багатай байдаг бол Завраполын онцлог нь дөрвөн хөл мөн сүүл нь маш хүчирхэг байсан. Энэ үзмэрт байгаа бүх үлэг гүрвэлүүд байгаль дээр хэрхэн хадгалагдсан тэр чигээрээ байгаа. Ямар ч хиймэл орлуулалтгүй юм. Энэ нь Монгол олдворуудын онцлог болдог. Гадны хөгжингүй орнууд дуурайлгаж, шавраар хийгээд жинхэнийг нь хадгалдаг. Энэхүү үзмэр Өмнөговь аймгийн, Алтан уул сумаас олдсон. Олдвор олдсон газрыг олдворт газар хэмээн нэрлэдэг.

НУГАСАН ХУШУУТ ЗАВРАЛОФ

Том олдворууд ихэвчлэн говиос олддог. Энэхүү амьтан нь завраполтой адил дөрвөн хөл нь маш хүчирхэг амьтан. Баянхонгор аймгийн Баянговийн Гурилын цаваас олдсон олдвор. Манай улсад үлэг гүрвэлийн олдвор Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын нутгаас олддог. Энэхүү гүрвэл нь нэмэхтийн цаг үе буюу 70 сая орчим жилийн өмнө байсан. Энэ цаг үе нь цэрдийн галвын төгсгөл үе юм гэж ярилаа.

Доктор Н.Уранбилэг мэргэжлийнхээ талаар ийнхүү тайлбарласан юм.

-Амьтад байгаль дээр тодорхой орчин, цаг үед амьдарч байгаад мөхөж сөнөдөг. Нэг хэсэг хөхтөн амьтад болон ургамлууд одоо хүртэл хувьсан өөрчлөгдөж амьдарсаар байна. Бид мэргэжлийн үүднээс ямар чулуу хаданд дарагддаг вэ гэдгийг онолын үүднээс мэдэж, палеонтологийн ажлаа хийдэг. Зүгээр ч нэг ухаад явдаггүй юм. Олон хоног эрэл хайгуул хийнэ. Хүчтэй бороо, салхинд биеийнх нь нэг хэсэг гадаргуу дээр ил гарч, бид ажлаа эхэлдэг.

ИГУАНОДОНТЫН ТОЛГОЙ НЬ МУШГИРАН ҮЛДСЭН БҮТЭН ХЭЛХЭЭ ЯС


ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМААС ОЛДСОН ХАМСАЗАВР ГЭДЭГ МАТАР ҮЛЭГ ГҮРВЭЛ


ҮР ХӨВРӨЛИЙН ХЭСЭГ ОЛОН ТӨРЛИЙН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨНДӨГНҮҮД



ОВИРАПТОРЫН ӨНДӨГ БОЛОН ТААМАГЛАЛ


БАТРАЗАВР



15 ЗУЛЗАГАНЫ ХЭЛХЭЭ ЯС. ДЭЛХИЙ ДЭЭРХИ ГАНЦ ОЛДВОР



1971 онд Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөгийн ширээ газраас олдсон Тулалдаж буй чигээрээ хадгалагдсан хоёр үлэг гүрвэлийн олдвор. Ялагч нь дээр нь байгаа өвсөн тэжээлтэн эвэрт үлэг гүрвэл. Доор байгаа нь махан идэштэн үлэг гүрвэлийн ангилалд багтдаг.


ДЭЙНОХЭЙР БОЛОН ТЭРИЗИНОЗАВРЫН САРВУУ


1995 ОНД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМААС ОЛДСОН ГАДРОЗАВРОЙДЫН БҮТЭН ХЭЛХЭЭ ЯС


ПРОТОЦЕРАТОПСЫН ТОЛГОЙ


ОВИРАПТОРОЗАВРЫН ЯС


Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Багш нар хугацаагүй ажил хаясан тохиолдолд хүүхдүүдийн эрх зөрчигдөнө гэв

Монголын сурагчдын холбоо өнөөдөр багш нарын хугацаагүй ажил хаялтын талаар байр сууриа илэрхийллээ. Тэд МҮЭХ, багш нарын эрх ашгийн төлөө тэмцэж байгааг ойлгож байгаагаа мэдэгдэж, хүүхдүүдтэй холбоотой асуудалд мөн адил дуу хоолойгоо хүргэж ажиллана гэсэн юм. Мөн хүүхдүүдийн язгуур эрх ашгийг харгалзан үзэхгүйгээр хугацаагүй ажил хаяж байгааг анхаарч, хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг хүслээ.

Монголын сурагчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г. Төгсөө ингэж ярив.

Манай холбооны зүгээс багш нарын хугацаагүй ажил хаялттай холбоотой холбогдох байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Үүний хариуг шат шатанд нь аваад ажиллаж байна. Багш нар хугацаагүй ажил хаяна гэдэг нь хүүхдийн язгуур эрх ашиг, хүүхдийн эрх хамгаалал ноцтойгоор зөрчигдөнө гэсэн үг. Магадгүй үүний цаана ямар аймшигтай зүйл хүлээж байгааг бид тааж хэлэх аргагүй. Хүүхдүүд хичээл завсардсанаас болж, PC тоглоомын газар тоглож гэмт хэрэг зөрчилд холбогдох вий гэж сэрэмжилж байна. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ тэр бүр дагуулаад явах боломжгүй. Гэрт нь түгжээд явж байгаа эцэг эх олон. Үүнтэй холбоотой олон эрсдэл үүсч байгаа учир энэхүү мэдэгдлийг хийж байна гэв

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Хуучин орон сууцны үнэ буурсан нь үнийн индекс буурахад нөлөөлсөн гэв

Монголбанк үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон гаргаж өнөөдөр танилцууллаа. Энэхүү тооцоололд аравдугаар сарын Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамруулсан аж. Өнгөрсөн сард орон сууцны үнийн индекс 1.01 болж 2013 онд тооцоолсон суурь үеэс 0.9 хувиар өссөн. “Их Монгол” хороололд өнгөрсөн жилийн аравдугаар сарын байдлаар орон сууцны 1мкв-ийн дундаж үнэ 1.964.247 төгрөг байсан. Харин энэ жилийн аравдугаар сарын байдлаар 1.959.589 төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин Улаанбаатарын хэмжээнд “Орон сууцны үнийн индекс” өнгөрсөн оны аравдугаар сараас 0.24 хувиар буурчээ. Хуучин орон сууцны үнэ буурсан нь өнгөрсөн сарын үнийн индекс буурахад нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.

Өнгөрсөн сарын шинэ орон сууцны үнэ өмнөх оны аравдугаар сараас 6.86 хувиар өссөн бөгөөд есдүгээр сарын индексээс 0.92 хувиар өссөн байна. Улаанбаатарын хэмжээнд шинэ орон сууцны 1мкв-ийн дундаж үнэ 2.178.000 төгрөг гэсэн судалгаа гарсан. Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ 2.940.000 төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт бол Сонгино хайрхан дүүрэгт 1.530.000 төгрөг байна. Харин хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны аравдугаар сараас 5.23 хувиар буурсан аж.

“Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Д.Должинсүрэн “Орон сууцны үнийн индекс”-ийг танилцуулах үеэрээ ингэж ярив.

-Орон сууцны метр квадрат аравдугаар сарын байдлаар 2,18 сая байгаа. Энэ нь зах зээлийн дундаж үнэ. Үүнээс доош 1,2 сая, 900 мянгын барилгууд ч байна. Үнэ болон барилгын хувьд сонголттой, борлуулагчдын төлбөрийн нөхцөл уян хатан болсон. Ипотекийн зээл боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тийм учир барилгын компаниуд урьдчилгаагаа багасгаж, банк санхүүгийн байгууллагуудтай хамтарсан байдлаар зээл олгож эхэлсэн.

-Орон сууцны хэмжээний хувьд иргэдийн эрэлт ямар байгаа вэ?

-1, 2 өрөө байр эрэлт өндөртэй байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүмүүсийн худалдан авч буй байрны хэмжээ томорч байгаа. Өмнө нь 40-өөс доош метр квадраттай байрын эзлэх хувь өндөр байсан бол сүүлийн жилүүдэд 40-80мкв хэмжээтэй байруудын борлуулалт өсөж байгаа.

-Түрээсийн орон сууцны үнэ хэд байгаа вэ?

-Дотоодын иргэдэд нэг өрөө байр 442.000, хоёр өрөө байр 575.000, гурван өрөө байр 685.000, дөрвөн өрөө байр 860.000 төгрөгөөр тус тус түрээсэлдэг гэх судалгаа гарсан. Харин гадаадын иргэд 282-670 долларт түрээсэлж байгаа.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Аав ээжүүд утааны эсрэг жагслаа

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ хоёр дахь жилдээ жагсаж байна. Энэ нь тус байгууллагын гурав дахь удаагийн жагсаал юм. Тэд нийслэлийн удирдлагуудад 13 шаардлагыг хүргүүлсэн аж. Үндсэн хоёр шаардлага нь утааг бууруулах, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн тоог нэмэх юм. Энэхүү шаардлагуудыг иргэдээс ирсэн санал хүсэлтээс үндэслэн гаргасан ажээ.

-ТЭД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГ ҮҮРЭГТЭЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГАДАА ГУРВАН УДАА ЖАГСААЛ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ-

“Нэг удаа жагсаад бидний тэмцэл дуусахгүй” гэж жагсаалыг зохион байгуулагид хэлсэн юм. Тэд дараа долоо хоногоос Агаарын бохирдлыг бууруулах газрын үүдэн дээр жагсах бөгөөд тэрний дараа долоо хоногт Хүний эрхийн комиссын гадаа жагсахаар төлөвлөжээ.

-ЭЭЖ ААВУУД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БОЛОН ФЭЙСБҮҮК ГРУППЭЭР МЭДЭЭЛЭЛ АВЧ ЖАГСААЛД НЭГДСЭН АЖ-

Цуглаанд оролцогч бүр шүгэл үлээж тэмцлээ илэрхийлж байсан юм. Энэ талаар жагсаалыг зохион байгуулагч нарын нэг Г.Мартагаас тодруулахад “Ер нь Аливаа нийгэмд тулгарч буй асуудал бүрийг шүгэл үлээж тэмцдэг. Тэр утгаараа иргэд агаарын бохирдлын эсрэг шүгэл үлээж тэмцэж байна” гэв.

Мөн түүнээс өнгөрсөн жилийн жагсаал хэр үр дүнд хүрсэн талаар асуухад “Жагсаалын үр дүн гэвэл үндэсний хөтөлбөртэй болсон. Хамгийн дажгүй үр дүн нь цахилгаан халаагуур юм. Гэвч ард иргэд шөнө цахилгаанаа хангалттай хэрэглэж чадахгүй байна. Яагаад гэвэл килобатын хязгаарлалттай. Мөн анхлан авч байгаа хүмүүст маш их хэмжээний мөнгө хэрэг болдог” гэв.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

Багш нар ажил хаялт зохион байгуулахгүй

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо болон Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо гурван сарын турш багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар тэмцсэн. Ийнхүү тэд ажил хаялтын тэмцэлд шилжиж үр дүнд нь гурван яамтай гэрээ хэлэлцээрт сууж арав хоногын турш цалин нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна. Хэлэлцээрийн ширээнд Аж үйлдвэрийн яам, Боловсролын яам, Сангийн яам, Монголын ҮЭ-ийн холбоо болон “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны тэргүүлэгч нар оролцсон аж. Энэхүү хэлэлцээрийн үр дүнгийн талаар “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо” мэдээлэл хийлээ.

ГУРВАН САРЫН ТЭМЦЭЛ НААШТАЙ ҮР ДҮНГ ГАРГАЖ ЧАДЛАА

Хэлэлцээрийн үр дүнгийн талаар “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны ерөнхий зохицуулагч Ц. Мөнхтуяа хэлэхдээ “ЗГ-ын зүгээс 2017 онд цалин нэмэх боломжгүй бөгөөд вальютын сантай хатуу гэрээ хийсэн. Тийм учраас үндсэн цалин нэмэхгүй бол урамшуулал, нэмэлт хөлсний зарчмаар багш нарын бодит орлогыг нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг бид хүргүүлсэн. Бодит үр дүнд хүрч чадлаа” гэв.

Ийнхүү гурван яамтай хамтарсан хэлэлцээрийн үр дүнд Боловсролын яам мэдэгдэл хийв. Багш ажилчдад 516 мянган төгрөгийн нэмэлт урамшууллыг 11 болон 12 сард хувааж олгохоор болсон байна. Мөн 2018 оны нэмэлт урамшууллын тухайд дахин хэлэлцээрийн ширээнд сууж багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлж бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллахаар болжээ.

БАГШ Ц. ЛУВСАНДОРЖ: БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТАД ОРОЛЦОХГҮЙ

-Хэлэлцээрийн шатанд явж байгаа учраас багш нар ажил хаялтанд оролцохгүй. Анх хэлэлцээрийн ширээнд суухыг шаардаж ажил хаялтыг эхлүүлсэн. Үүний үр дүнд гурван яамтай хэлэлцээрийн ширээнд сууж эрх зүйн баримт бичгийн гарын үсэг зураад явж байгаа учир бид ажил хаялтад оролцохгүй. ҮЭ-ийн зүгээс үл ойлголцол үүсэж биднийг хууль бус гэж нэрлэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 124.4 дэх хэсэг дээр хууль бус ажил хаялт гэдгийг зөвхөн шүүх л тогтоодог. Тэрнээс хэн нэг этгээд өөрт таалагдаагүй үйл явдлыг хууль бус хэмээн өөрийн үнэлэлт дүгнэлтийг нийгэмд тараах нь зохимжгүй гэж үзэж байгаа гэв.

ЗГ-аас төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгөөөс гадна, багш нарын улирал бүр авдаг 45-н хувийн урамшууллыг нэг хүнд 36 хувь байхаар тогтоож ялгаваргүй шууд олгохоор болсон гэх хуралдаан шийдвэрийн талаар “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны дэд зохицуулагч Б.Бат-эрдэнээс тодруулав.

-Ерөнхийдөө албан ёсоор гарын үсэг зурж эцэслээгүй ч гэсэн 516 мянган төгрөгийг авах яриа хэлэлцэгдсэн байгаа. Энэ дээр түр хорооныхон дотроо зөрчилдөөн үүсгэсэн. Үүн дээр монголын мянга мянган багш нар ч зөрж байгаа. Яагаад гэвэл бид үндсэн цалингаа нэмүүлэе гэж тэмцлээ эхлүүлсэн. Үндсэн цалинг нэмж үнэхээр болохгүй байлаа гэхэд байнгын авдаг урамшуулалтай болоё, нэмэгдэл хөлсийг авая гэсэн санал хүсэлтийг явуулж өнөөдрийг хүрсэн. Гэтэл зөрчилдөөн гарлаа. Хэвлэлийн хурлын үеэр энэхүү шийдвэрийн хүлээн зөвшөөрч байна гэсэн зүйл ярьсан байх. Гэвч энэ нь албан ёсны эцэслэсэн зүйл биш. Бид бүхэл бүтэн гурван сарын турш тэмцэл хийчээд 500 мянган төгрөгөөр амаа таглуулах сэхээтнүүд биш. Бид бодит орлогыг цалин хөлсөн дээрээ байнга авахыг хүсэж байгаа. Нэг удаагийн мөнгөн урамшуулал хүсээгүй. Цаашдаа энэ асуудлаар дахин хэлэлцэнэ. Өнөөдөр шийдвэр гараагүй байхад мэдээллэж байгаад харамсаж байна гэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Б.Мягмар: Нэр дэвшигчид бие бие рүүгээ дайрах биш мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалж байна

-МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ Б.МЯГМАР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ-

-Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан юу вэ?

-МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаатай холбоотой зарим хэвлэлээр мэдээллээр гарч байгаа мэдээлэл их хурлын төлөөлөгчдөд нөлөөлж байгаа олон талын нөлөөлөлд тодорхой хариу өгөх шаардлага гарч, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарлаж байна. Өөрөөр хэлбэл МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших тухай асуудлыг манай эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны тэргүүлэгчдийн болон их хурлын төлөөлөгчдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцсэн. Тус хурлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч ирэх дөрвөн жилийн бодлого зорилтыг тодорхойлоход эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүх шатандаа энэ 22-дугаар их хуралд өндөр ач холбогдол өгч байгаа. МҮЭХ өөрчлөгч, шинэчлэгч, манлайлагч, тэмцэгч байгууллага байх ёстой тийм учраас салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга буюу миний нэрийг МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Нэр дэвшихтэй холбоотой олон асуудлууд гарч байна. Намайг МАХН-ын гар хөл болсон мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх болсон. Мөн бусад их хурлын төлөөлөгчдөд энэ мэдээллийг маш хүчтэйгээр цацсан. Энэ удаагийн МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших сонгуулийн ажиллагаа тэгш гараанаас эхэлж чадсангүй. Үүнийгээ ч бас бусад холбогдох хүмүүст хэлсэн. Яагаад гэвэл 27-ны 17:30 цаг хүртэл нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. Өчигдөр, өнөөдөр гэсэн хоёр өдрийн хугацаанд 280 гаруй их хурлын төлөөлөгчдөд мөрийн хөтөлбөр, хийх ажлынхаа зорилтыг танилцуулах цаг байхгүй байна. Мөн үйлдвэрчний эвлэлийн их хурлын талаарх мэдээлэл хаалттай, ил тод биш байгаа. Их хурлын 285 төлөөлөгчийн нэрсийг нууцлалын зэрэгтэй хэмээн нэр дэвшигчдэд өгөхгүй байна. Гэтэл одоо нэр дэвшигчид төлөөлөгчидтэй утсаар холбогдох аль эсвэл мессэж илгээх хэрэгтэй байгаа ч тийм боломж байхгүй. Надад аймаг сумдын салбар холбоодын дарга нарын утасны дугаараас өөр төлөөлөгчидтэй холбогдох боломж байхгүй.

Үндсэндээ МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа миний бие МАХН болон бусад улс төрийн хүчнээс ангид байдаг. Би бол ҮЭ-ийн байгууллагад анхан шатнаас эхлээд 16 жил ҮЭ-ийн сонгуульт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс сүүлийн найман жил эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын сонгуульт ажлыг хийж байгаа. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг сайжруулахын төлөө тууштай тэмцэж манай салбарын ҮЭ-ийн гишүүд бүх шатны байгууллагад манлайлж ажилласан. Тэгэхээр энийг харлуулах гэсэндээ, илүү хүчтэй өрсөлдөгч байж магадгүй гэдэг үүднээс өөр мэдээ мэдээллийг их хурлын төлөөлөгчдөд маш богино хугацаанд цацаж байгаад туйлын их харамсаж байна. Миний ард ямар ч улс төрийн хүчин байхгүй. Б.Мягмар гэдэг хүний ард миний хань, гурван хүү, аав ээж ах дүүс, нийт ҮЭ-ийн байгууллагын хамт олон минь байгаа. Өөр хэн ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний гэр бүлийн гишүүд дунд ч гэсэн улс төрийн нам хүчинтэй холбоотой асуудал байхгүй. Мөн хэвлэл мэдээллээр гүтгэн доромжилж байгаа. Миний нэр хүндэд халдаж байгаа. Энэ асуудлыг холбогдох шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж нэр төрөө сэргээлгэх болно.

-Багш эмнэлгийн ажилчдын ажил хаялт, тэмцлийг турхирч байгаа, МҮЭХ-ны тэргүүний сонгуулийг угтсан ажил гэх хардлага байна.

-ҮЭ-ийн ажил бол хамтын удирдлагатай байгууллага. Бүх шатандаа хамтын шийдвэр гаргадаг. Тэгэхээр цалин нэмэгдүүлэх талаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эхлүүлсэн энэ тэмцэл бол 2017 оны нэгдүгээр сард байгуулсан хэлэлцээрийнхээ хэрэгжилтийг шаардсан ажил. Энэ бол бидний ажил хэргийн хүрээнд хамтын шийдвэрээр хийгдсэн. Энэ тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн. Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн бүх шатны 21 аймаг Улаанбаатар хотын бүх шатны эрүүл мэндийн байгууллага эмч ажилтнууд сая байгуулагдсан улсын гурван талт хэлэлцээрт сэтгэл хангалуун байгаа. Өнгөрсөн долоо хоногт 21 аймаг Улаанбаатар хотын анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороод сонгуультнуудтайгаа алсын зайн хурал хийж энэ хэлэлцээрийхээ үр дүнг зүйл заалт бүрээр нь танилцуулсан. Энэ бол ямар нэг сонгуультай холбоогүй, бид ажил хэргийн хүрээнд яг л адилхан нэр дэвшигч нар өөрсдийнхөө үүрэгт ажлаа гүйцэтгэсэн. Би хэлэлцээр байгуулах үед сонгуульд нэр дэвших асуудал огт яригдаагүй. Баасан гарагт эрүүл мэндийн салбарынхан даалгавар өгсөн. Даалгаврын дагуу нэр дэвшиж өрсөлдөж байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

-Гэрэлмаа нэр дэвшигч та хоёр ҮЭ-д хүчин зүтгэж яваа хүмүүс. Дотооддоо та бүхэн хагаралтай байгаа гэдэг нь харагдаж байна. Хагарлын гол шалтгаан нь одоогийн үйлдвэрчний эвлэлийн удирдлага үнэхээр идэж уусан нь байгаад ингээд байгаа юм уу? Дотоодоосоо үүнийг засан залруулах гээд нэр дэвшиж байгаа юу? Үйлдвэрчний эвлэл улс төрөөс ангид байх ёстой байгууллага. Хэт улс төржсөн байдал харагдаж байна?

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үндсэн дүрмийнхаа зарчимд заагдсан улс төр, хөндлөнгийн ямар нэгэн дарамтад оролгүй, бие даасан үйл ажиллагаа явуулах зарчимтай. Энэхүү зарчмынхаа дагуу миний ажил мөн хамт олны ажил явж байгаа. Энийг албаар улс төржүүлэх гэж оролдож улс төр мэт харагдуулах гэж байгаад үнэхээр эгдүү хүрч байна. Цаашдаа МҮЭХ-ны нэр дэвшигчийн хувьд гаргаж буй уриалга бол гурван нэр дэвшигч гурвуулаа бие биен рүүгээ дайрах биш хийх ажил үйлдвэрчний эвлэлийг яаж хүчирхэг байлгах вэ. Монголын ард түмнийг яаж сайхан амьдруулах юм гэдэг мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалж байна. Түүнээс биш хэн нэгэн хүнд нөлөөлснөөр, хор найруулснаараа асуудал шийдэгдэхгүй Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсээд 100 жилийн ой тохиож байгаа. Энэ 100 жилийн босгон дээр ирэх дөрвөн жилийнхээ ажлыг тодорхойлох гэж байгаа энэ цаг үед хариуцлагатай ёс зүйтэй тэгээд ажил хэрэгч, ил тод нээлттэй байхыг уриалж байна.

-Жагсаал цуглаан хийхэд хэм хэмжээ байдаг уу? Эсвэл санаанд орсон тоогоо хэлээд шаардлага тавьдаг уу?

-Бид тооцоо судалгаа хийдэг. Манай холбооны хувьд тодорхой тооцоо судалгаа хийгээд ямар үр дүн гарах юм. Буулт хийлээ гэхэд ямар үр дүн гарах билээ гэж жагсаал хийдэг. Манай холбооны хувьд 50 хувь гэдэг шаардлагыг тавьсан. Энэ байр суурин дээрээ ч хэвээрээ байгаа. Цаашдаа эрүүл мэндийн ажилтнуудын цалинг гурван саяд хүргэж, олон улсын жишигт ойртуулахын төлөө ажиллаж байгаа.

-Багш, эмч, урлагийнхан өөр бусад мэргэжлийнхэн бүгд жагсч цалингаа нэмүүүлэхийг шаардвал эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?

-Эдийн засагт сөргөөр нөлөөлөх гэхээсээ илүү иргэд, хөдөлмөрчдийн амжиргаанд эерэг нөлөө үзүүлэх ёстой. Монгол Улс үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Бид үг, үзэл бодлоо хэлж тэр нь тодорхой үр дүнд хүрэх ийм л зорилготой. Түүнээс амар амгалан цаг үед хүмүүсийн амьдрал сайхан байгаа цагт жагсаал цуглаан хийхгүй. Хэрвээ ажилгүйдэл ядуурал нэмэгдээд ажлын байр цөөрөөд ажил хийж байгаа хүмүүс ядуурч байвал ҮЭ-ийн байгууллага жагсаал цуглаан, ажил хаялт хийх эрхтэй байгууллага. Тийм учраас хориглох эрх байхгүй.

Б.АМАРТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Батсуурь: Багшийн цалин өндөр байх нь сургуулийн засвар бусад капитал зардлыг санхүүжүүлэхээс илүү чухал

“Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” иргэний нийгмийн чуулган энэ сарын 1, 2-нд Чингис хаан зочид буудалд боллоо. Найм дахь удаагаа зохиогдож буй энэхүү чуулганд иргэний нийгмийн төлөөлөгчид өргөн хүрээтэй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ удаагийн чуулганд боловсролын салбарын эрдэмтэн, судлаачид болон иргэний нийгмийн байгууллагууд оролцсон юм. Чуулганы үеэр судлаачид улсын төсвийн 20-иос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулах шаардлагатай гэж үзэж байв. Мөн боловсролын салбарын санхүүжилт буруу зарцуулагдаж байгаа талаар хэлэлцсэн. Энэхүү хэлэлцүүлэгт аналистийн үүргийг гүйцэтгэсэн эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.


-Эдийн засгийн өсөлт боловсролын салбарт зарцуулах санхүүжилтэд нөлөөлөхгүй харин ч эсрэг нөлөөтэй байна гэж та ярьсан. Тэр энэ талаар дэлгэрүүлээч?

-Олон улсын судалгааны байгууллагуудын зөвлөмж болгож байгаа тоон үзүүлэлтүүдээс харахад Монгол Улсын төсвөөс боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө оруулалт бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй боломжийн харагдаж байна. Хоёр үзүүлэлт бий. Дотоодын нийт бүтээгдхүүний 20 болон түүнээс дээш хувь мөн төсвийн зургаан хувийг боловсролын салбарт зарцуулах гэсэн. Сүүлийн арваад жилийн дунджаар үзэхэд төсвийн 5.5 хувь болон дотоодын нийт бүтээгдхүүний 17-18 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Заагдсан хэмжээнд хүрээгүй боловч дөхөж очсон. Ойролцоо байгаа нь хангалттай гэж үзэх үндэслэлтэй гэж судлаачид үзэж байна. Гэтэл судлаад үзвэл зарцуулж буй хэмжээнийхээ үр дүнг гаргахгүй байгаа нь том асуудал. Энэ нь боловсролын салбар дахь оновчтой бус зарцуулалтаас хамаарч байна. Эдийн засгийн өсөлт буурсан үед ч боловсролд зарцуулах төсвийг бууруулахгүй байх бодлогыг баримтлах ёстой юм. Эдийн засаг өссөн үед боловсролын салбарт зарцуулах санхүүжилт дагаад өсөх ёстой атал өсөхгүй байна. Харин ч өссөн үед боловсролын салбарт зарцуулах санхүүжилт буусан үзүүлэлт харагдаж байна.

-Боловсролын салбарын санхүүжилт төсвөөс гадна ямар эх үүсвэртэй байж болох вэ?

-Боловсролын салбарын санхүүжилт үндсэн гурван чиглэлээр орж ирдэг. Үүнд төсөв, хувийн сектор болон гадаадын зээл тусламж юм. Эндээс төсвийн санхүүжилт хамгийн чухал. Харин хувийн салбараас бага хэмжээний санхүүжилт орж ирдэг. Гадаадын зээл тусламж нь пакиж буюу боодлоор орж ирдэг. Боодол дотор нь юу ч байж болно. Тэр боодлыг боодлоор нь авна. Аль эсвэл боодлыг авахгүй. Боодлоор нь авлаа гэхэд төрийн бодлогод барьж байгаа боловсрол болон нийгмийн эрх ашгийн үүднээс барих бодлогод сөргөөр нөлөөлөх болзолууд байж болно.

-Боловсролын салбарт зарцуулж буй зардлын 80 орчим хувийг урсгал зардалдаа зарцуулдаг гэж хурлын үеэр ярьсан. Энэ тоог та яаж хүлээж авч байна вэ?

-Боловсролын салбарт өгч байгаа зардлын 70-80 хувь нь урсгал зардалд явдаг гэсэн шүүмж бий. Гэхдээ энэ нь бусад улсуудтай харьцуулахад бага байхгүй юу. Өндөр хөгжилтэй улс орнууд боловсролын салбарт зарцуулж буй санхүүжилтийн 95-96 хувийг урсгал зардалдаа зарцуулдаг. Тэр урсгал зардлын 90 орчим хувьд нь багш нарын цалин ордог. Цалин өндөр байх нь сургуулийн засвар бусад капитал хөрөнгө оруулалтаас илүү чухал. Тийм учраас энэ гаж үзэгдэл биш. Харин ч бага байна.

-Таны үг олон сургууль, цэцэрлэг шинээр барих хүлээлттэй байдаг манай нийгэмд хачирхалтай сонсогдож магадгүй?

-Хөрөнгө оруулалтыг хаана хийх вэ гэдэг чухал. Жишээ нь сая Архангай аймагт шаардлагагүй сургуулийн барилга барьсан гэж яригдлаа. Тийм учраас боловсролын салбарт орж буй нийт хөрөнгө оруулалтын 20-30 хувийг капитал хөрөнгө оруулалт хийх нь өндөр байна гэж үзэж байгаа. Үүний оронд оновчтой зарцуулах хэрэгтэй. Жишээ нь Боловсролын салбарыг 100 хувь гэж үзвэл 90 хувийг нь урсгал зардал болгоод, арван хувьд нь хөрөнгө оруулалтаа оновчтой зарцуулах юм бол одоогийн 80-20-ийн харьцаатай байгаа зардлаас илүү үр дүн өгөх боломжтой.

-Улс орны эдийн засаг хямралтай байхад багш нарын цалинг нэмэх тохиромжтой үе мөн үү?

-Багш нарын цалинг нэмэх тохиромжтой цагийг хүлээвэл хэзээ ч ирэхгүй. Зэс, нүүрсний үнэ өсч, алт олборлолт гайгүй, төлөвлөснөөс давсан орлого орж ирж байгаа учраас багш нарын цалинг 15-20 хувь нэмэх ёстой. Бусад тэвчиж болох зардлуудыг танаж, багш эмч нарын цалинг нэмэх учиртай. Учир нь багш, эмчийн цалинг өгөх гэж төсөв байдаг. Мэдээж энд тодорхой бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөх учраас улс төрийн нөлөө их байгаа. Гэхдээ өөр үед цалин нэмүүлнэ гэж дайрсан бол хэцүү. Гэтэл төлөвлөснөөс давсан орлого орж ирсэн учир цаг үе нь мөн гэж хэлнэ.

-Багш нарын цалинг нэмвэл сургалтын чанар сайжрах болов уу?

-Эерэг нөлөөтэй. Хамгийн наад зах нь багш нарын амьдрал гачигдалтай бол сурагчдад зарцуулах цаг багасдаг. Зөвхөн хичээлийн цагт сурагчидтайгаа ажиллаад бусад үед нь амьжиргаагаа дэмжих, орлогын эх үүсвэрээ хайхад зарцуулдаг учраас гарцаагүй чанарт нөлөөлнө.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Бэртсэн ан амьтдыг асран хамгаалах түр байр байгуулагдлаа

Монголын мэргэжлийн анчдын холбоо болон Хандгайтын байгаль хамгаалах газар хамтран бэртсэн ан амьтдыг асран хамгаалах түр байр байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. Ан амьтдыг арчилж хамгаалаад эргүүлээд байгальд нь тавих зорилготой энэхүү газар нь ойролцоогоор 20 гаруй сая төгрөгийн төсвөөр сарын хугацаатай баригдаж дууссан. Энэхүү байгууламж нь зэрлэг ан амьтан байлгах гурван тасалгаатай бөгөөд нэг удаадаа дөрвөөс таван буга, хоёроос гурван чоно, арваас хорь орчим шувуу байлгах хүчин чадалтай аж. Нээлтийн үеэр “Амьтны эрх хамгаалах сан”-гаас тэдэнд араатан амьтан зөөвөрлөх тор болон 500 мянган төгрөг хандивласан юм. Мөн Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо дархчуулынхаа хийсэн бүтээлийг дуудлага худалдаанд оруулж олсон орлогоо хандивлахаар боллоо.

Бэртсэн ан амьтдыг асран хамгаалах түр байрыг санаачлагч Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлээс энэ талаар тодруулав.


-Амьтдыг хамгаалах байрыг яагаад байгуулахаар шийдсэн бэ?

-2015 оны өвөл хоёр буганд дусал хийх үед дусал нь хөлдөөд явдаггүй. Маргааш нь очоод үзсэн өлбөн зөлбөн байж байсан. Өвч тэжээл тавьж өгсөн. Тэнд байсан хүмүүс зовлонг нь сайн мэднэ. Харин ийм газар дулаан байртай хонож өнжихөд боломжийн байна байх. Энэ бол хот суурин газар заавал байх ёстой газар. Яагаад гэвэл бид ан амьтадтайгаа хаяа зэргэлдээ амьдарч байгаа мөртлөө амьтдынхаа амьдрах орчныг өөрсдөө булаадаг. Зам талбай, хот суурин, төмөр зам тавьж, байгалийнхаа жамаар хоёр тийшээ сэлгээд явж байдаг амьтдын замыг нь хаачихдаг. Тэгээд амьтад торонд орж, нохойнд хөөгдөх тохиолдол бий. Ийм амьтдад бид туслах хэрэгтэй. Бидэнд үеийн үед хаяа зэргэлдээ амьдрах ан амьтдыг хамгаалах заншил байсан.

-Энд ямар хүмүүс ажиллах вэ?

-Голдуу мэргэжлийн хүмүүс ажиллах байх. Сайн дураараа оролцъё гэсэн манай холбооны гишүүн гөрөөчид бий. Сайн дурын баг бүрдүүлээд тэд шаардлагатай бүх юмаа хийдэг. Хэн нэгэн нь байхгүй бол орлоод хийчихдэг ийм л хүмүүстэй боломжоороо ажиллаад явна.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ спорт

NBA-гийн улирлын нээлтийн тоглолтуудын эргэн тойронд

Related image

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийн улирлын тоглолтууд маргааш эхлэнэ. Тэгвэл нээлтийн тоглолт Америкийн цагаар 10 сарын 17-ны 20 цагт Бостон Сэлтиксийн талбай дээр Клэвланд Кавальерс зочлон тоглосноор эхлэнэ. Тус тоглолтын дараа өрнөд бүсийн шилдэг багууд болох Голдэн стэйт Варриорс болон Хьюстон Рокетс багууд Оракл аренад тоглох юм.

-Бостон Сэлтикс баг улирлын өмнөх тоглолтонд 4-0 үзүүлэлттэй тоглосон. Харин өрсөлдөгч Клэвландын морьтон цэргүүд 2-2 үзүүлэлттэй улирлын өмнөх тоглолтуудыг дуусгасан билээ.-

Клэвлэнд Кавальерс багийн гарааны төвийн тоглогч Тристан Томпсон сэлгээнд шилжиж хүчний довтлогч Кэвин Лов төвийн байрлалд гарах болсон билээ. Тэгвэл морьтон цэргүүдийн гараанд Дэррик Рөүз, Двэйн Вэйд, Лэброн Жэймс, Жэй Кроудер, Кэвин Лов нар тоглоно.

Бостон Сэлтикс баг гол тоглогч Азьяа Томас болон жижиг довтогч Жэй Кроудэр нарыг Клэвданд-руу явуулж оронд нь лигийн шилдэг бөмбөг эзэмшигч, холбогч Кайри Ирвингийг авсан.

Бостон Сэлтиксийн гараанд Кайри Ирвинг, Маркус Смарт, Гордон Хайвард, Жэйсон Татум, Ал Хорфорд нар гарах юм. Бостоны гарааны довтлогч Маркус Моррис 7 хоног бэртэлтэй байх тул оронд нь шинэ тоглогч Жэйсон Татум гараанд гарч байгаа ажээ.

-Голдэн стэйт Варриорс баг зуны солилцоо наймааны үеэр аварга авсан бүрэлдхүүнээ хадгалж титлийн төлөө ахин дайралт хийхээр төлөвлөсөн. Мөн шилдэг гурвын зайн мэргэн буучид болох Омрэ Каспи болон Ник Янг нарыг багтаа элсүүлсэн.-

Голдэн стэйт Варриорсын гараанд Стефан Көрри, Клэй Томпсон, Кевин Дурант, Драэмонд Грийн, Заза Пачульяа нар гарна. Дайчид өнгөрсөн жилийн аварга авсан бүрэлдхүүнээ хадгалан үлджээ. Энэ нь тэдний хувьд зуны гэрээ, контракт хэр сайн болсныг илтгэж байна.

Хьюстон Рокетс шилдэг холбогч Крис Полыг эгнээндээ нэгтгэв.

Хьюстон Рокетсын гараанд Крис Пол, Жэймс Хардэн, Трэвор Ариза, Ряан Андэрсон, Клинт Капэло нар гарна. Тэд гарааны холбогч Патрик Бэвэрли, жижиг довтлогч Сэм дэккэр, шилдэг зургаа дахь тоглогч Лью Виллиамс тэргүүтэй шилдэг залуу тоглогчдоо Лос анжелос Клиппэрсд өгч холбон тоглогч Крис Полыг багтаа элсүүлсэн билээ.

Б.АМАРТҮВШИН