-МОНГОЛД СӨРӨГ ГАРСАН ЖОЛООЧ ХЯТАДЫН ТАЛЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР ЭЕРЭГ ГАРААД БАЙГАА-
Гашуунсухайт-Ганцмод боомтоор гардаг нүүрсний тээврийг наймдугаар сарын 23-наас эхлэн зогсоогоод байгаа юм. Тодруулбал, Монголоос 14 хоног нүүрс хүлээж авах боломжгүй гэж БНХАУ-ын тал мэдэгдсэн. Энэ асуудлаар Авто Тээврийн Үндэсний Төвийн ачаа тээврийн тасгийн дарга О.Энхбаттай ярилцлаа.
-Гашуунсухайт-Ганцмодны боомтын үйл ажиллагааг Хятадын талаас 14 хоногоор зогсоочихлоо, ямар шалтгаанаар хаасан юм бэ?
-Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны орлогчоор Н.Амарзаяа дарга ажиллаж байгаа. Тэндээс өгсөн мэдээллээр БНХАУ-аас нүүрс, ачаа барааны тээвэр, Оюу толгойн давхар чиргүүлтэй тээврийн хэрэгслүүдийг наймдугаар сарын 23-наас эхлээд 14 хоногийн хугацаатай авахааргүй боллоо гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн тээвэр зогссон байна. Ямар учир шалтгааны улмаас зогсоосон гэдгээ хэлээгүй.
-Ачаа тээврийн жолооч нар 14 хоног тусгаарлагдаагүйгээс коронавирус тархсан гэсэн мэдээлэл байна. Жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ баримталж чадаж байгаа юу?
-Энэ асуудалд Өмнөговь аймгийн онцгой комисс нэлээн ач холбогдол өгөөд ногоон бүсийг үүсгээд 32 пост гаргасан байдаг. Энэ постуудаар нааш цаашаа зорчиж байгаа иргэдийг шалгах, хамгаалалт гаргасан. Тийм учраас жолооч нар дураараа очоод байгаа зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Авто тээврийн байгууллагын зүгээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд жолооч нарыг татан авах шаардлагатай байгаа гэж үзэж байна. Энэ шаардлагын дагуу МХЕГ, ЭМЯ, Онцгой байдал, цагдаагийн байгууллагатай хамтраад нүүрс, ачаа тээврийн аж ахуйн нэгжүүдээр явж шалгалт хийсэн. Улмаар квотынх нь хэмжээгээр жолооч нараа татаж байна. Жолооч нарыг Цагаанхадны гадна 14 хоног тусгаарлаад оруулж байгаа. Жолооч тусгаарлалтын байр руу орохоосоо өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг. Мөн тусгаарлалтад орсны дараа зургаа болон 13 дахь хоног дээр нь PCR шинжилгээ аваад сөрөг гарсан жолооч нарыг Цагаан хад руу нэвтрүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна.
-Нүүрс тээвэрлэлт өмнөх жилүүдийнхээс хэдэн хувиар буурсан бэ?
-Монгол Улсад коронавируст цар тахал гарснаас нүүрс тээвэрлэлт маш их буурсан. 2019 оны мөн үетэй харьцуулахад нүүрс тээвэрлэлт 70 хувь багассан байна. Маш өндөр үзүүлэлтээр буурсан.
-14 хоног нүүрс, ачаа тээврийн тэг зогсолт хийх алдангиа хэрхэн тооцоолж байгаа вэ?
-Сүүлийн өдрүүдэд өдөрт 200 орчим тээврийн хэрэгслийг Хятадын тал нэвтрүүлж байсан. Ойролцоогоор нэг өдөр 200 гаруй машин гарна гэж тооцоолбол тэг зогсолт хийсэн 14 хоногийн хугацаанд 2800 гаруй машин тээвэрлэлт хийх байсан гэж ойлгож болно. Түүнчлэн тээврийн байгууллагын хувьд Цагаан хаданд хуримтлагдсан нүүрсийг тээвэрлэх үүрэг хүлээж байгаа. Одоогоор Цагаан хаданд есөн сая орчим тонн нүүрс хуримтлагдсан байгаа. Энэ нүүрсийг гаргаж байж л дараагийн уурхайгаас борлуулах ажил эхлэх ёстой. Тэгэхээр нүүрс, ачаа тээвэрлэлт 14 хоногоор зогсоно гэдэг нь уурхайн борлуулалт 14 хоногоор хойшилж байна л гэсэн үг.
-Гашуунсухайт-Ганцмодны боомт 14 хоногийн дараа яг нээгдэх үү?
-Тэрийг би урьдчилж хэлэх боломжгүй. Бидэнд БНХАУ-аас 14 хоног нүүрс, ачаа тээвэр авахгүй шүү гэсэн мэдээлэл л ирсэн. Түүнчлэн манай улсын хувьд халдварт өвчний гаралтыг багасгах тал дээр анхаарч, шинэ дүрмээр ажиллаж эхэлсэн. Ингээд 40 хүртэлх жолоочийг нэг баг болгон тусад нь байрлуулан ажиллаж, амраахаар болсон. Тэгэхээр тухайн 40 хүн өөр хүмүүстэй уулзахгүй гэсэн үг. Ингээд өнөөдрийн байдлаар 40 хүнтэй 57 баг үүссэн байгаа. Тухайн бүлгээс халдвар илэрлээ гэхэд дараагийн 40 хүнтэй бүлэг ажиллах зарчим баримталж байгаа. Энэ зохицуулалтыг хийснээр нэг дор олон хүн өвдөхгүй. Цаашлаад 100-200 хүн тусгаарлагдахгүй.
Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн нүүрс тээврийн жолооч Ц: Монголдоо шинжилгээ өгөхөд сөрөгбайсан ч Хятадын талд шинжилгээ өгөхөд эерэггарсан. энэ зүгээр л Хятадын бодлого байх
14 хоног тусгаарлагдах ёстой жолооч нар мөнгө төлж боомтоор гарснаас коронавирус тархаж Гашуунсухайт-Ганцмод боомтыг хаасан гэдэг мэдээлэл яваад байгаа юм. Тэгвэл Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн нүүрс, ачаа тээврийн жолооч нараас үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-БНХАУ-аас 14 хоногийн хугацаанд нүүрс, ачаа тээвэр татахгүй гэсэн байна. Жолооч нар хаана байрлаж байгаа вэ?
-Одоогоор бүх жолооч нар өөрсдийн байрлах кемп дээрээ тусгаарлагдсан байгаа.
-14 хоног тусгаарлагдах ёстой жолооч нар мөнгө төлж боомтоор гарснаас коронавирус тархаж Гашуунсухайт-Ганцмод боомтыг хаасан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ер нь бол нууцаар орж ирэхийн хувьд орж ирсэн л гэж яригдаад байгаа. Гэхдээ коронавирус илэрсэн гээд байгаа хүн нь хуучин ажиллаж байсан үндсэн жолооч юм л даа. Энд ажиллаж байсан жолоочоос коронавирус гарах ямар ч үндэслэл байхгүй шүү дээ. Улаанбаатар хот руу шинжилгээг нь явуулахад сөрөг гарсан. Энд PCR авахад мөн л сөрөг гарсан. Гэтэл Хятадын тал руу ороод шинжилгээ өгөхөд эерэг гарсан гээд байгаа. Буцаж ирээд шинжилгээ өгөхөд сөрөг л гарсан.
Ер нь бол Цагаан хад гайгүй ногооноороо байгаад байгаа. Гадны хүмүүс л орж ирээд корона тараачихгүй бол жолооч нар яг л 14 хоног хөл хорионд ороод ажилдаа орж байна.
-Хөл хорионыхоо мөнгийг өөрсдөө төлж байгаа юу?
-40,40 хүнтэй баг бүрдүүлчихсэн шүү дээ. Нэг хэсэгтээ Монгол, Хятад аль аль талдаа шинжилгээ өгөөд гайгүй сайн явж байтал гэнэт корона гарлаа гээд хилээ хаачихсан. Гэсэн хэрнээ Оюу толгойн баяжмалын уурхайгаас коронавирус гарсан байхад тээврийг нь хэвээр үргэлжлүүлээд байгаа юм. Тэгэхээр энэ зүгээр л Хятадын бодлого байх гэсэн бодолтой байна. Энэ олон жолооч нарыг хориод байхаар их хэцүү байна. Улаанбаатар хотоос мөнгө олно гэж ирчихээд Ханбогдод өдрийн 50 мянган төгрөг тусгаарлалтад өгнө, хоол нь 20 мянган төгрөг, нийт 70 мянган төгрөг өгнө гэхээр хэцүү л байгаа юм. Зарим газрын хоол унд нь ч хүрэлцэхгүй их л хэцүү байгаа гэж дуудсан. Хувийн машинтай хүмүүс өөрсдөө мөнгөө төлнө, ямар нэгэн байгууллагад хамаарагддаг бол тэндээсээ мөнгөө гаргаж байгаа байх.
-Жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж чадаж байгаа юу?
-Уг нь жолооч нар маскаа зүүгээд явж байгаа юм. Гэхдээ Цагаан хадны орчин нөхцөл ямар билээ дээ…