Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийн дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газар тодорхой арга хэмжээ зохион байгуулжээ.
Тус газраас томилогдсон ажлын хэсэг 2014 онд Ховд аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан бөгөөд энэ жил тус аймгийн Дарви, Зэрэг, Манхан суманд дахин ажиллаж, өнгөрсөн жил гарсан алдаа дутагдал, зөрчлийг арилгах чиглэлээр авсан арга хэмжээтэй танилцав.
Дарви сумын Засаг даргын захирамжаар 5 хүнийг нийтийн албанд томилохдоо урьдчилсан мэдүүлгийг нь Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй байсан зөрчлийг арилгасан байна. Түүнчлэн 2013 онд Засаг даргын захирамжаар байгуулсан 1, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан 2 үнэлгээний хорооны нийт 13 гишүүний 9 нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргаагүй зөрчил илэрч байсан бол 2014 оны сүүлийн хагас жилээс үнэлгээний хорооны бүх гишүүд уг мэдэгдлийг гаргах болжээ. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2013 онд хог цэвэрлэгээний техник худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байх бөгөөд “Гүнцэнгэг” ХХК шалгарч, нийт 44 сая төгрөгийн өртөгтэй өөрөө буулгагч автомашин, авто ачигч нийлүүлэхээр гэрээ хийж, дээрх техникийг нийлүүлсэн байх ба эдгээр техник хэрэгслийн өмчлөгч нь иргэний нэр дээр байсныг Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэж авсан байна.