Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард Ази, Европын дээд хэмжээний АСЕМ-ийн уулзалт зохион байгуулна. Дээд хэмжээний уулзалтын үеэр хэрэглэх автобусны захиалгыг БНСУ-ын “Хьюндай” компанид өгчээ. Автобусуудыг Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах гэрээ хэлэлцээрийг саяхан байгуулсан байна. “Экзим” банкнаас 5.5 сая ам.долларын зээл авч байгаа бөгөөд анх 50 автобус авахаар төлөвлөж байсан ч 43-ийг авахаар болжээ. “Хьюндай” компани автобусуудыг туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэж байгаа юм байна.
Эдгээр автобусыг АСЕМ-д зориулан авч буй ч цаашид Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-өөр дамжуулан, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулах ажээ. Нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр дээрх автобусуудыг өгөх аж.