УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Энэ зуны долдугаар сард Монголд болох АСЕМ-ын хуралд ашиглах авто машин болон техник хэрэгслийг татвараас чөлөөлөхтэй холбоотойгоор дээрх асуудлуудыг оруулж ирсэн юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга АСЕМ-ыг зохион байгуулахад хэдий хэмжээний хөрөнгийг төсвөөс гаргаж байна вэ гэдэгт хариулт хүссэн ба “гадаадаас машин, техник оруулж ирэхийн оронд монгол гэрээ бариад угтсан нь дээр байсан биш үү” гэж саналаа хэлсэн юм.
Харин Л.Пүрэвсүрэн сайд хариулт өгөхдөө “АСЕМ-ын бэлтгэлд зориулж 20-иод тэрбум төгрөг тусгасан, энэ хэмжээнд хурлаа зохион байгуулна. Гаднаас үзүүлж байгаа техник тусламж бий, түүний нэг нь Хятадаас 14-15 сая ам.долларын материаллаг тусламж үзүүлэхээр болсон. Европын холбооноос мөн дэмжлэг үзүүлнэ” гэж тайлбарлаж байв.