Хаврын урь орохтой зэрэгцээд халагдах өдөр ч ойртсоор. Эх орны өмнө цаг ямагт бэлэн байх учиртай цэрэг эрсийг энэ удаагийнхаа “Танайд өнжье” буланд оролцуулахаар Зэвсэгт хүчний 120 дугаар анги руу хүлгийн жолоо заллаа. 120 дугаар анги Монголдоо ганцхан байдаг артиллерийн буюу их бууны анги юм. Уг ангийн түүхийг цухас дурдвал 1967 онд тухайн үеийн Ардын армийн командлагчийн тушаалаар “Ардын армийн танк эсэргүүцэн сөнөөх артиллерийн тусгай дивизион” нэртэйгээр байгуулагджээ. 2017 онд 50 жилийнхээ ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан аж.
Энэ анги Улаанбаатар хотын Ажилчдын районы нутаг болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Эдний ангийн сонирхууштай нэг онцлог гэвэл Улсын баяр наадмаар Хүй долоон худагт хурдан морины уралдааны зурхайн бэлтгэл ажилд бие бүрэлдэхүүнээрээ 1980 оноос хойш ажиллаж буй юм байна. Газар газрын хурдан ажнайг гарааны төхөөрөмжийн ард оруулах ажлыг хийдэг ажээ. Бид зохих журмын дагуу сурвалжлага бэлтгэх зөвшөөрөл авч очсон юм. Ангийн шалган нэвтрүүлэх дээр зөвшөөрлөө үзүүлэн цааш нэвтэрлээ. Биднийг ахмад Ө.Нарантуяа хүлээн авч, анги хамт олон, бие бүрэлдэхүүнээ танилцуулсан юм. Цэргийн өдөр тутмын амьдралыг сонирхохоор юун түрүүнд хуарангаар зочиллоо. Нэлээд хэдэн жилийн өмнө баригдсан бололтой хоёр давхар байшинд биднийг оруулав. Энд шинэ цэргүүд байрладаг гэнэ. Цэргийн ёс, дэг журам хуаран доторх эмх цэгцээс нэвт харагдана. Хоёр давхар модон ор юун түрүүнд нүдэнд туссан юм. Энгийн л нэг шоон хээтэй бүтээлгээр нямбай гэгч нь ороо бүтээжээ. Ингэхдээ нарийн өнцөг гаргаж бүтээсэн нь тун чамбай харагдаж байв. Цааш нь ажиглавал цэргүүдийн жижигхэн шүүгээ, тэр тусмаа шүүгээндээ сойз, оо, сахлын хутга, гарын савангаа дэс дараатай өрж тавьсан нь тунчиг сонин санагдав. Хамгийн сонирхолтой нь нэг хүн бүгдийг өрж тавьсан мэт бүх цэргийн шүүгээн дэх эд хэрэгсэл яг адилхан байрлалтай байлаа. Үүнтэй ижил орны хөл дэх сандал, сандал доорх углааш хүртэл нэг шугаманд “жагссан” байх юм. Биднийг хуарангийн сонинтой ийн танилцах зуур байлдагчид гадаа жагсаал, бэлтгэл сургуулилтаа хийж байлаа. Өнгөрсөн аравдугаар сард татагдсан шинэ цэргүүдийн сонин хачныг дуулахаар тэднийг хэсэг хүлээзнэв. Удалгүй байлдагчид орж ирлээ. Ирэнгүүтээ хаанаас ч юм гутлын алчуур гаргаж ирээд л нэгд нэгэнгүй гутлаа зүлгэцгээв. Бүгд л тоостой болгосон гутлаа нүд гялбам болтол зүлгэх юм аа.
Байлдагч Б.Номин-Эрдэнэ: ААВ МААНЬ “ЭР ХҮНИЙ ХУГАРХАЙ БОЛЧИХООД ИР” ГЭСЭН
Ингээд байлдагч Б.Номин-Эрдэнэтэй цөөн хором хөөрөлдлөө. Түүний хувьд Хан-Уул дүүргийнх учраас бараг л гэрийнхээ хаяанд байгаатай ижил ч юм шиг. Гэсэн ч ижий, аав нь хүүгээ ойр ойрхон эргээд байдаггүй гэнэ.
-Албаа сайн хааж байна уу. Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?
-Би Улаанбаатар хотод 1998 онд төрсөн. Ам бүл дөрвүүлээ. 2018 оны хоёрдугаар ээлжээр татагдаж ирсэн байлдагч цолтой Б.Номин-Эрдэнэ.
-Арван жилээ төгсөөд л татагдав уу?
-Арван жилээ төгсөөд Солонгост нэг жил таван сар сурангаа ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирсэн. Уг нь сургууль руугаа буцах гэж байтал цэргийн зарлан ирсэн юм. Аав маань гурван жилийн цэргийн алба хаасан хүн л дээ. Тэгээд намайг “Цэрэгт яваад ир. Яваад ирэхээр чинь буцаад сургуульд чинь явуулна” гэсэн. Ингээд л цэргийн албанд татагдсан даа.
-Цэргийн комисст орж тэнцээд явах болоход чинь гэрийнхэн чинь юу гэсэн бэ?
-“Миний хүү ганцхан жил шүү дээ. Явчихаад ир. Солонгост жил таван сар байж болсон юм чинь Монголдоо цэрэгт явчихаад ир” гэсэн.
-Анх цэргийн анги дээр ирсэн өдөр чинь ямар байв?
-Нэг л дасаж өгөхгүй. Өглөө босоход л хэцүү байсан. Сэрээд сэрээд гэсэн командаар босдог. Бүгд их хурдан хувцаслах ёстой учраас хамаг хурдаараа л мэрийнэ. Хурдан хувцаслах гэхээр хувцсандаа түүртэнэ.
-Хэдий хугацаанд хувцаслаж дуусах ёстой байдаг вэ?
-Сайн мэдэхгүй. Шүдэнз зураад асаад дуусахад хувцасласан байх ёстой гэдэг.
-Тангараг өргөх үед өөрт чинь юу бодогдсон бэ. Мэдээж гэрийнхэн нь ирсэн байх?
-Тангарагаа өргөж байхад огшдог юм билээ. Яг тангарагаа өргөж байхдаа гэрийнхнийгээ нүднийхээ булангаар хараад л зогсож байсан.
-Цэргийн албанд ирээд хэдэн сар өнгөрчээ. Энд ирэхээс өмнөх төсөөлөл, бодит байдал хоорондоо ялгаатай байв уу?
-Өглөө эрт босох хэцүү байсан. Өглөө босоод гүйнэ, дасгал хийнэ. Эхэндээ амьсгаадаад гүйж чадахгүй хэцүү. Цэргийн амьдралыг ирэхээсээ өмнө төсөөлж бодож байгаагүй. Аав маань “Явчихаад ир. Эр хүний хугархай болчихоод ир” гэсэн. Нэг их юм бодолгүй хүрээд ирсэн.
-Өдөр болгон дасгал сургуулилт хийгээд бие бялдарын хувьд өөрчлөлт гарч байгаа биз дээ?
-Тийм. Одоо марш тактикийн тэмцээнд бэлдэж байна. Өдөр болгон тэмцээндээ бэлдэж, дасгал сургуулилт хийгээд бие бялдар хөгжиж байгаа.
-Өөртэй чинь хамт татагдаж ирсэн он жавуудтайгаа ойртож нөхөрлөж байна уу. Та хэд өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Өглөө босоод орой унтатлаа цуг. Бараг нэг оронд унтах шахуу (инээв). Он жавуудтайгаа байх их гоё. Энд тэндэхийн нутаг нутгийн сонин хачин сонсоно. Бидний өдөр бүр цагийн хуваарийн дагуу өнгөрдөг. Бямба, ням гаригт соёл, спортын арга хэмжээ болдог. Энэ үеэр спорт тэмцээн зохион байгуулах, кино үзэх зэрэг хөтөлбөр явуулдаг. Ням гаригт зааланд бүгдээрээ сууж кино үздэг. Хааяа цэргийн холбогдолтой кино үзүүлдэг.
-Халагдах өдөр хүртэл бас ч зайтай байна даа. Харин хал цэрэг болох дөхөж байгаа юм байна?
-Тийм. Нэг сар гаруйн дараа хал цэрэг болно.
-Хал цэрэг шинэ цэргээс юугаараа өөр байдаг юм бэ?
-Дараагийнхаа дүү нартаа мэдэхгүй, чадахгүйд нь тусална.
-Гэрээс тань эргэлт их ирдэг үү?
-Анх тангараг өргөхөөс өмнө нэлээн ирдэг байсан. Одоо ирэх нь цөөрсөн. “Эх орны хүү болчихсон юм чинь аав, ээж нь ирээд хэрэггүй биз дээ” гэсэн. Би ч ирээд хэрэггүй гэж хэлсэн. Нэг жилийн алба юу байхав дээ гэж бодож байна. Найз, нөхөдтэйгөө олуулаа байгаа болохоор цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм.
-Баярын өдрүүдийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Цагаан сараар шинийн нэгний өглөө дивизионоороо уул руу гарч нар мандахыг харсан. Дараа нь гал тогоондоо ширээ засаж, ангийн захирагчтайгаа золгосон. Шинэ жилээр хуарангаа чимэглэж, ханын сонин хийж, их бууныхаа машинаас сэдэвлэж үзүүлэн хийсэн.
-Танай анги их бууных гэдгээрээ онцлог. их буу дээрээ ажиллаж сурч байна уу?
-Би байлдааны машин буюу БМ-21-ын салаа. Хүмүүс буудлагын машин катюша гэдгээр нь мэддэг. 20 секундад 40 сум гаргах хүчин чадалтай машин. Эх орон дуудахад бэлэн байхын тулд хичээж байгаа.
-Хоног тоолж байна уу?
-Үгүй.
-Та нараас ах цэрэг бий юу?
-1993 оны хоёр цэрэг бий. 1995 оных бас байдаг. Хамгийн бага нь 2000 оных. Хэдий биднээс ах ч гэлээ он жавууд болохоор нас чацуу юм шиг л харьцдаг. 1993 оны он жаваасаа би “Эртхэн алба хаахгүй яасан юм бэ” гэж асуусан л даа. Тэгсэн “Цэрэгт явах бодолгүй байсан. Хуулийн чиглэлээр ажилд орох гэтэл цэргийн алба хаасан байх ёстой гэсэн учраас албанд татагдсан” гэж хариулсан. Би ч гэсэн их сургуульд явалгүй арван жилээ төгсөөд л цэрэгт явдаг байж дээ гэж бодогддог.
-Байлдагч Б.Номин-Эрдэнийн ойрын зорилго юу вэ?
-Удахгүй болох марш тактикийн тэмцээнд амжилттай оролцъё гэж бодож байна гэв.
Биднийг ийн яриа өрнүүлэх зуур Нийслэлийн 26 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирэв. Тэд Иргэн цэргийн харилцаа хөтөлбөрийн хүрээнд 120 дугаар ангитай танилцаж буй нь энэ аж. Сурагчдад хуаран болон цэргийн өдөр тутмын амьдралтай танилцах нь их л сонирхолтой байгаа бололтой. Иргэн цэргийн харилцаа хөтөлбөрийн хүрээнд сургуулийн сурагчид танилцахаар ирэх нь олширсон гэж биднийг дагуулж явсан ахмад Ө.Нарантуяа хэлж байв.
ДОШИН ДЭЭРЭЭ ДОЛУУЛАА
Үргэлжлүүлэн бид хуарангийн соёл амралтын өрөөгөөр зочиллоо. Тэнд мөн л бүх зүйлийг дэс дараатай байрлуулжээ. Цэргүүд хааяа чөлөөт цагаараа амралтын өрөөнд зурагт үзнэ, шатар, даам нүүнэ. Нөгөө “Тусгай салаа” олон ангит кинон дээр гардаг шиг дүр зураг энд ажиглагдсан юм. Шатар даамнаас гадна Монголын уламжлалт оньсон тоглоомын өрөөтэй байв. Тавиур дээр Жанжин штабаас эрхлэн гаргадаг сэтгүүл харагдана. Мөн үндэсний өдөр тутмын сонингууд байсан юм. Орчин цагийн нэг жилийн цэргүүд цаг үеийн мэдээллээс огт хоцордоггүй нь энэ бүхнээс илт. Амралтын өрөөнд хал байлдагч Б.Ууганбаатартай таарав. Халагдах хоногоо тоолон хүлээх түүнтэй цэргийн амьдралын тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Хал цэргүүдийн яриа шинэ цэргүүдийгээ бодвол арай буурьтай санагдсанаа энд тэмдэглэе.
-Аль нутгийнх вэ?
-Орхон аймгийн Эрдэнэт хотоос татагдаж ирсэн. Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг.
-Цэрэгт явъя гэж зорьж байв уу?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Цэргийн штабаас зарлан ирсэн. Миний төрсөн өдөр л дөө. Төрсөн өдрөөрөө цэргийн комиссоор ороод тэнцээд наашаа ирсэн дээ. Цэрэгт мордоход аав, ээж маань “Олон аавын хүүхдүүдтэй эвтэй яваарай” гэж захьсан. Би анх цэргийн амьдралыг ийм хатуу, цаг нартай гэж огт төсөөлөөгүй. Бүх юм цагийн хуваарийн дагуу байдаг нь миний төсөөллөөс эсрэг байсан. Би цэрэгт явахаас зугтаадаг байсан л даа. Аав, ээж “Цэрэгт яваад ирвэл чамд хэрэгтэй” гэдэг. Өвөө маань Ч.Авирмэд гэж чөлөөндөө гарсан ахмад дайчин бий. Одоо Эрдэнэтэд намайг хараад сууж байгаа. Өвөөгийнхөө хэлсэн захиасыг биелүүлэх гэж цэрэгт мордсон.
-Татагдаж ирснээсээ хойш хамгийн их ухаарч ойлгосон зүйл юу байна?
-Аливаа юмнаас ухарч няцалгүй, хийе гэсэн зүйлээ дуусгах ёстойг ухаарсан. Үүнээс гадна наад зах нь эх оронч хүмүүжилтэй болж байна. Өөр илүү гоо зүйн мэдлэгтэй болсон.
-Цэргийн амьдралд ороод дасахад бэрх зүйл нь юу байсан бэ?
-Өглөө эрт сэрэх л байсан. Ажлын өдрүүдэд 06:00 цагт, амралтын өдрүүдэд 07:00 цагт босдог. Орой 22:00 цагт амардаг.
-Аль салааных вэ?
-Би М-46 бууны салааных. Миний үүрэг гэвэл цаанаас өгсөн тооцоо, зүг чигийн дагуу өнцгөө гаргаж буудахад бэлэн болгодог.
-Ирснээс хойших хамгийн сонирхолтой өдрийнхөө талаар ярихгүй юу?
-Саяхан манай цэргүүд хотын төвөөр тойрон аялал хийсэн юм. Тэр өдөр л сонирхолтой байсан. Ангиасаа гараад Сүхбаатарын талбай орж дурсгалын зураг татуулсан. Дараа нь Цэргийн музей үзээд Зайсан гарсан. Үүний дараа “Хүннү Молл”-д очиж кино үзэцгээсэн. Хотын төвөөр цэрэг хувцастайгаа явахаар хүмүүс их сонирхсон байдалтай харж байсан.
-Он жавуудтайгаа амь нэг л биз?
-Манай анги артиллерийн тусгай хороо гэдгээрээ онцлогтой. Артиллерчид дунд “Дошин дээрээ долуулаа” гэдэг үг бий. Тийм учраас атгасан гар шиг зүтгэж, нэгнээ гэсэн сэтгэлээр бие биедээ ханддаг. Арван сарын хугацаанд хамт байсан болохоор нэг гэр бүл шиг санагдах болж.
-Нэг их удахгүй халагдах нь ээ. халагдах өдөр дөхөх тусам нэгэндээ хоргодох сэтгэл төрж байх юм уу?
-Төрнө. Ар гэрээсээ хол газар нэгнийгээ таньж мэдэж нөхөрлөсөн он жавууд, сайн найзуудаасаа холдоно гэхээр хэцүү. Анх ар гэрээсээ холдоход хэцүү л байсан. Яг түүн шиг л санагдах байх.
-Та нар дунд хөгтэй сонин явдал гардаг уу?
-Манай он жав хоёр казах цэрэг бий. Баян-Өлгийгөөс ирсэн. Энэ хоёр маань анх хэл усаа ололцохгүй байлаа. Салааны дарга намайг тэр хоёр казахын дунд оруулаад “Монгол хэл заа” гэж тушаасан. Эхэндээ дохио зангаагаар ойлголцож байлаа. Хоёр, гурван сар болсны дараа нэг мэдэхэд монголоор ярьдаг болчихсон.
-Хоол ямар байна?
-Тогооч эгч нар маань бидэнд өөрийн дүү шигээ ханддаг. Хоолны амт чанар сайн. Биднийг эрүүл байлгахын тулд чанартай хоол хүнс бэлтгэж өгөхийн тулд гал тогооныхон маань их ажилладаг.
-Зүү, утас нийлүүлээд цамцныхаа захыг оёхоос эхлээд сурах юм зөндөө гарсан байх даа?
-Би юм оёж мэддэггүй ирсэн юм аа. Энд ирээд цэрэг хувцасандаа орчихоод зах давуу хадна гэхээр нэг л өөртөө итгэж өгөхгүй байсан. Хуруугаа хатгаад өндөгнөөсөө цус гаргасан удаа зөндөө. Яваандаа хоёр, гурав хоноод хүн чинь сурчихдаг юм билээ. Цэрэгт ирснээр эх орон гэж юу вэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авсан гэв.
Бид хуарангаас гарч их бууны буудлагын бэлтгэлийн талбайд очлоо. Тэнд нийтдээ 10 гаруй их буу байрлуулж, тус бүрт 7-8 байлдагч нэг баг болон ажилладаг юм байна. “Дошин дээр долуулаа” гэдгийн учрыг эндээс харж болно. Өөрсдийн хариуцсан их буун дээрээ долоон цэрэг тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Нэг нь сумлагч бол нөгөөх нь бууны замгийг нээж, хаах үүрэгтэй. Сум зөөгч нь сумаа зөөнө гээд тоот бүр өөрийн үүрэгтэй. Талбай дээр цэргүүд дуулга, ака буугаа үүрцгээн өөр өөрсдийн байрлалдаа бэлэн байдалд байцгааж байлаа. Ингэж онолоор үзсэн мэдлэгээ практикт туршиж, улмаар хээрийн бэлтгэлд жинхэнэ утгаар нь ашигладаг гэв. Гэхдээ хээрийн бэлтгэлд их буугаа бүрэн цэнэглэж бууддаггүй, тодорхой хэмжээнд багаар цэнэглэдэг юм байна. Бидэнтэй ярилцсан байлдагч Б.Ууганбаатар өөрийн үүрэг гүйцэтгэх байрлалдаа хэдийнэ очоод зогсчихсон команд биелүүлэхэд бэлэн байдалд оржээ. Буудлагын талбай дээр хамгийн баруун талд байлдааны гурван машин байлаа. Түүний зүүн талд урт, богино гээд янз бүрийн хошуутай их буунууд эгнүүлжээ. Хамгийн холдоо 27 км-т бууддаг гэнэ. Энэ нь Монгол дахь артиллер буунуудын хамгийн хол тусдаг аж. Артиллер гэдэг үг нь шидэх, харвах гэсэн латин үгнээс гаралтай юм байна. Эрт үеэс Чингис хааны үед оньсон харвах буунаас артиллер нь гаралтай гэж судлаачид үздэг ажээ. 152 мм-ийн зенитийн их буу нь 17 км-т тусна. Энэ нь их буун дотроо хамгийн ойр тусгал юм байна. Их бууны сум гэхэд 30 гаруй килограмм учраас байлдагч нарыг нэн тэргүүнд аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулдаг гэж биднийг дагуулж явсан хөтөч ахмад Ө.Нарантуяа сонирхууллаа.
ХАЛАГДАХАД 46 ХОНОГ
Явган цэргийн байлдагчид талаар нэг тарж байлдана. Харин артиллерчид зөвхөн өөрсдийн байран дээрээ ажиллана. Алсын цээлд галаа явуулдаг учраас дошин дээрээ долуулаа гэдэг аж. Дайсны цэрэг гаднаас зохион байгуулалттай орж ирэхэд тэдний хүчийг сааруулахын тулд артиллерийн гал явуулна. Дайсны цэргийн зохион байгуулалт тарах үед наанаас нь явган цэргүүд байлдаанд ордог зэргээр дайны тактикийн талаар бидэнд тайлбарлалаа. Хамгийн баруун талд байрлах дайны бурхан буюу байлдааны машин нь 40 гол төмөртэй. БМ-21 дээр үүрэг гүйцэтгэдэг байлдагч О.Отгонтөгсөөс тодрууллаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 2018 оны нэгдүгээр ээлжинд татагдан иржээ.
-БМ-21 салааны байлдагч гэж ойлголоо. Байлдааны машинаа товч танилцуулахгүй юу?
-БМ-21-ыг хүмүүс катюша гэдэг нэрээр нь мэддэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Урал-375 дээр үйлдвэрлэгдсэн. Оросууд дэлхийн хоёрдугаар дайныг эргүүлэхэд гол нөлөө үзүүлсэн их буу гэж болно. БМ-21 дайсанд их хэмжээний хор хөнөөл учруулах чадамжтай. Хааш хааш 100 метр талбайг үнс нурам болгож чадна. Бусад их буунууд тодорхой хэмжээний жижиг зай талбайг онох, устгах чадамжтай.
БМ-21 20 секундад 40 сум хаядаг. Дангаараа 66 килограмм жинтэй. Хайрцагтайгаа 100 килограмм.
-Таны хувьд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Тоот гэж бий. Их буу тус бүр зургаан тооттой. Гурван сумлагч, нэг научик, мөн замагчинтай. Научик нь байгаа чиглүүлэх үүрэгтэй. Миний хувьд научикийн тоот дээр үүрэг гүйцэтгэдэг.
-Халагдах хоногоо тоолж байна уу?
-Тоолж байгаа.
-Хэд хоног үлдсэн бэ?
-46 хоног гэлээ.
Буудлагын талбайтай танилцаж дууссаны дараа хугацаат цэргийн албаа дуусгаад гэрээт цэргээр үлдсэн ахлагч Э.Мягмаржавтай цэргийн амьдралын тухай багахан хором ярилцлаа. Түүний хувьд Дорнод аймгийн Халх гол хилийн цэргийн ангид хугацаат албаа хааж, 2011 онд 120 дугаар ангид гэрээт цэргээр иржээ. 2013 онд Афганистан руу энхийг сахиулах ажиллагаанд явсан гэв.
-Хилийн цэргийн алба, арми хоёр ямар ялгаатай вэ?
-Ялгаа их бий. Хилийн цэрэг бодит амьдрал дээр яг жинхэнэ утгаараа үүргээ гүйцэтгэдэг. Хилийн манаад гарч эх орноо жинхэнэ утгаар нь хамгаалж байгаа юм. Зэвсэгт хүчин бол дайн байлдаан үүссэн цагт эх орноо хамгаалдаг.
-Тусгай ажиллагаанд явах үед ямар байсан бэ. Эх орноо санаж байв уу?
-Их сонин нь эх орноо л санадаг. Тэнд очоод дөрөв, таван сар өнгөрөхөд эх орны сэдэвтэй дуу сонсоход л нүдэнд нулимс цийлэгнээд ирнэ. Эх орныхоо үнэ цэнийг мэдэрдэг гэх юм уу даа. Дайн байлдаан бүхий газарт энгийн иргэдэд нь эрх чөлөө гэж бараг байхгүй. Хэзээ ч, ямар ч халдлагад өртөөд амиа алдах магадлалтай. Манай эх орон түүний хажууд хамаагүй сайхан. Амар амгалан. Жинхэнэ эрх чөлөө эх оронд минь л бий.
-Цэргийн алба хаасан, хаагаагүй эрчүүдийн хоорондох ялгааг хэлвэл?
-Цэрэгт явсан хүн үг дааж сурдаг. Гол ялгаа нь энэ. Зан характерийн хувьд тогтвортой, хүлээцтэй болдог. Гурван жилийн алба хаасан хүмүүс нэг жилийн албыг голонгуй байдаг. Гэхдээ л энд ирээд бүтэн жил болоод буцахдаа хүмүүжлийн хувьд эерэг өөрчлөлтийг олж авдаг. Энэ нь цаашдын амьдралд нь их хэрэгтэй гэсэн юм.
Ингэж явсаар үд болж, байлдагчид өдрийн хоолондоо орцгоов. Гал тогоондоо орохдоо ч эмх замбараатай, цэргийн цэгц дэгтэй. Орж ирээд гадуур хувцасаа нэгэн ижил байдлаар өлгүүрт өлгөхөөс эхлээд бүх л зүйл нь зэрэг. Малгайгаа өлгүүрийн дээр байрлах тавиур дээр эгнүүлэн тавьцгааснаар хоолны цаг эхлэв. Гал тогооны тогооч нар ширээндээ сууж буй цэргүүдэд хоол аягалж өгөв. Өнөөдрийн нэгдүгээр хоол гурилтай шөл, хоёрдугаар хоол цуйван. Цэргүүдээс санал хүсэлт авахад хамгийн дуртай хоол нь цуйван гэж хариулцгаажээ. Бид ч цэргүүдтэй зэргэлдээ ширээнд сууж хоололоо. Нэг цэрэгт 200 грамм талх өгөх нормтой гэнэ. Эднийх гал тогоондоо өдөр бүр талх барьдаг юм байна. Үйлдвэрийн талхыг бодвол хамаагүй өег санагдлаа. Цэргүүд хооллож дуусаад босоод гэсэн командаар нэгэн зэрэг ширээнээс босож, өлгүүр дэх хувцасаа бүрэн өмсөж дуусаад мөн л нэг эгнээнд цувран гарсан.
Үдийн хоолны дараа 120 дугаар ангид Монгол цэргийн өдрийг угтан баярын хурал боллоо. Төрийн дууллыг үлээвэр найрал хөгжмийн салаа эгшиглүүлснээр хурал эхэллээ. Баярын хурлын үеэр ангийн захирагч, хурандаа Д.Мөнхсайхан “Монголын газар нутгийг халуун амь, бүлээн цусаараа тамгалж, эх орныхоо бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын төлөө ангийн нийт офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн албан дайчиддаа Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн мэндийн өргөн дэвшүүлье. Ангийн тайван цагийн үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэлийн чанар үр дүн дээшлэн, бие бүрэлдэхүний сургалтын чанарт ахиц гарсан зэрэг олон амжилт бүтээлтэйгээр Зэвсэгт хүчнийхээ түүхт ойгоо угтаж буйд сэтгэл хангалуун байна. Монгол цэргийн сүлд хийморь мандан бадрах болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хэсэг байлдагчид баярын хуралд суусан бол бусад нь жагсаалын бэлтгэл, марш тактикийн бэлтгэлдээ гарсан юм. Байлдагч нарын хувьд удахгүй болох марш тактикт амжилт гаргах нь нэн чухал хэрэг гэнэ. Тиймээс байнгын бэлтгэлээ базааж буй нь энэ. Тэд ганцхан жилийн цэрэг эрс. Гэхдээ энд өнгөрүүлэх нэг жилийнхээ хугацаанд тэд чамгүй зүйлийг сурч мэддэг юм байна.
Э.ЯНЖМАА
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН