Нийслэл хотын 379 жил, Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо. Энэ өдөрлөгөөр төрийн архивын үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх зорилготой.
Нийслэлийн архивын газраас “Нийслэлийн цахим архив” төсөл болон дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд лавлагаа мэдээлэлтэй холбогдох баримтын 95,6 хувийг цахимжуулжээ. Цахим хэлбэрт шилжүүлснээр Мишээл, Драгон, Дүнжингарав, Оргил зэрэг үйлчилгээний дөрвөн салбар, Багахангай, Налайх, Сүхбаатар, Сонгино-Хайрхан дүүргүүдээс онлайнаар дамжуулан захиалга өгөх боломжтой. Харин хариуг авахдаа өөрт ойр байрлах салбараас иргэдэд үйлчлэх давуу талтай юм. Түүнчлэн төрийн архивийн цахим мэдээллийн сангаас нийт 21 нэр төрлийн лавлагааг олгох боломжтой болов. Үүнд ажилласан жилийн, акт дүгнэлтийн, банк санхүүгийн, цалингийн гэх мэт лавлагаанууд орж байна.
Өдөрлөгөөр Архивын онлайн лавлагааг сурталчлан, цахим системийн танилцуулга хийж, “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт”-ын холбогдолтой гэрэл зургийн бичил үзэсгэлэн гаргаж, “Олноо алдартай Улаанбаатар”, “Өнөөгийн Улаанбаатар” киног дэлгэцээр үзүүллээ. Мөн үнэ төлбөргүй архивын лавлагаа үйлчилгээ иргэдэд олгов. Иргэд өдөрлөгт өргөнөөр оролцож, үйлчлүүлж байна. Онлайн лавлагаанд шилжсэн учраас 2-30 минутын хугацаанд шийдэж байгаа аж. Иргэд ихэвчлэн цалингийн тодорхойлолт, ажилласан жилийн лавлагааг авдаг гэж Нийслэлийн Архивын газрын лавлагаа үйлчилгээний хэлтэсийн дарга Т.Хүрэлжав хэллээ.
Э.АНУЖИН