Categories
мэдээ нийгэм

Архангай аймгаас Улсын сайн малчин найм төрлөө

Монгол Улсын төр, засаг малч түмнийхээ хөдөлмөрийг үнэлж, эх орныалтан соёмбот тэмдгээр энгэрийг нь мялаасан баярт агшин улс орны өнцөг булан бүрт өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиолоо.

Архангай нутгийн зон олон өнөө жил хоёр дахь удаагаа буянт малынхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлсэн бол Арын сайхан хангайгаар овоглосон хамгийн олон буюу найман малчин дуудах нэрийнхээ өмнө “УЛСЫН САЙН МАЛЧИН” хэмээх эрхэм алдрыг хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр заллаа. Монгол Улсын Засгийн газрын эл шагналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нараар ахлуулсан төлөөлөл малч өрхүүдийн хотонд хүрч, хүндэтгэл үзүүлэн, олгосон юм.

Өнөө жил Архангай аймаг улсын хэмжээнд Хамгийн олон мал буюу 6.8 сая толгойг тоолуулж, тэр дундаа Хамгийн олон хоньтой, Хамгийн олон үхэртэй аймгаар шалгарснаас гадна тус аймгийн Эрдэнэмандал сум “Улсын тэргүүний сум”, “Монгол Улсын хамгийн олон хоньтой сум”-аар, Өндөр-Улаан “Монгол Улсын хамгийн олон үхэртэй сум”-аар тус тус тодорсон юм. Түүнчлэн Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутан 8 иргэн Архангай нутгийн харьяат болон мэндэлснийг зон олон бахархан бэлгэшээж байна.

Аавынхаа амжилтыг 12 жилийн дараа залгамжлан үзүүлэв

Баасанцэдэнгийн Дэмиднямбуу Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт эхнэр, гурван хүүхдийнхээ хамт өнөтэй сайхан өвөлжиж байна. Монгол Улсын төр, засгийн байгууллагуудад эдийн засагч, санхүүчээр насаараа ажилласан сэхээтэн аавын хүү ч гэлээ малд хайртай сэтгэл нь түүнийг 8 дугаар анги төгсмөгцөө малчин болох замд хөтөлжээ. Өвөлжөөгөө хадан уулын бэл өөд, өгсүүр замд хэрхэн нямбай засч, тохижуулснаас нь үзэхэд Улсын сайн малчинд байх урамтай хөдөлмөр нь илт харагдах аж.

36 насандаа “Аймгийн сайн малчин”, өнөө жил 41-тэйдээ “Улсын сайн малчин” цол тэмдгээр энгэрээ мялааж буй Б.Дэмиднямбуу өдгөө бог, бод нийлсэн 2500 орчим малтай. Бодонт багаасаа М.Бүрэнбадрах, Х.Дарханбаатар, Ж.Баатаржин, Н.Ганхуяг, Б.Жамсранжав нарын иргэдийг туслах малчнаар ажиллуулж, нийт 200 бог, 40 бод малаар амьдрал ахуйд нь тусалсны зэрэгцээ туслах мадчидтайгаа 3-5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, даатгалд хамруулан хамтран ажилладаг байна.

Түүний ээж буянтай буурай Л.Цэрэндолгор гуай мөн л төр, засгийн байгууллагуудад насаараа оёдолчноор ажиллаж, тэтгэвэрт гармагц нөхрийнхөө хамт мал маллаж эхлээд 2002 оны Хонин жилд “Улсын аварга малчин” цолоор шагнагдаж байжээ. Эцгийнхээ амжилтыг хүү нь 12 жилийн дараах Хонин жилийн босгон дээр ийн давтаж буйд нь туйлын баяртай байгаагаа Л.Цэрэндолгор гуай хуучилж байлаа. Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Энэ өдрөөс эхлэн Таныг нутгийн зон олон, ард түмэн Улсын сайн малчин Дэмиднямбуу хэмээн дуудах боллоо. Өнөөдөр авсан цол тэмдгээ цаашид улам ахиулж, Хөдөлмөрийн баатар болохыг хүсэн ерөөе..” гэсэн юм.

Гэрийг гийгүүлэгчид нь мөн хүндэтгэл үзүүлдэг боллоо


Улсын сайн малчны тэмдэг гэрийн эзний энгэрт аргамжигддаг бол урамтай хөдөлмөр, үзүүлсэн амжилтын тал хувь нь гэрийн чимэг гэргий хүний нуруунд бий билээ. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас Улсын сайн малчдынхаа гэргий нарт зориулж, зэс хамжаартай мөнгөн домбо урлуулдаг болсон. Энэ жилийн хавраас урьтан яарч, эзэндээ ихэрлэн ирсэн хоёр хургаа эрхлүүлэх Ж.Цэдэндулам гуай хүндэтгэл бүхий дээрх домбоны эзэн болсон бол түүний хань Содномын Батмөнх Монгол Улсын сайн малчны цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

“Хэдэн малынхаа төлөө жилийн хэдэнтээ отор нүүдэл хийдэг хүн дээ” гэж нутгийнхан нь ам сайтай тодотгох С.Баянмөнх гуайнх Хотонт үржлийн илүү нугаламт, Сүхбаатарын Эрдэнэцагааны Үзэмчин хониор хонин сүргээ, Сэлэнгэ үүлдрийн бух ашиглан үхэр сүргээ, нутгийн шилмэл ухнаар ямаан сүргээ сайжруулан хээлтүүлэгч мал бойжуулан малчдад нийлүүлдэг байна. Түүнчлэн малгүй болон цөөн малтай өрхүүдийг дэмжих зорилгоор Т.Баярсайхан, Г.Даваасүрэн, Л.Зундуй, Ч.Энхсайхан нарын иргэдэд тус бүр 15-20 толгой мал олгосноос гадна сумынхаа сургууль, хүн эмнэлэгт мах, цагаан идээхандивлажээ.

Улсын сайн малчны шагналыг өргөмжлөл, цол тэмдэг, домбо, таван хошуу малын дүрс бүхий баримал, мөнгөн аяга, хадаг дагалддаг ба аймаг, сум, багийнх нь зүгээс мөн тус тусын хүндэтгэлээ үзүүлдэг уламжлал тогтжээ.

Архангайгаас төрсөн Улсын сайн малчдын өндөр настай нь Д.Лхагваа гуай

Дарьсүрэнгийн Лхагваа гуай өнөө жил 73 настай, гэргийнхээ хамтаар 2000 гаруй толгой мал өсгөн бойжуулж байна. Нам, төрийн байгууллагуулад үр бүтээлтэй ажиллаж, тэтгэвэрт гармагцаа малын буян дагасан тэрбээр УИХ-ын гишүүн Н.Батбаярын аавынх нь унаган шавь юмсанж. “Хатуу багшийн удирдлага дор сурч, хүмүүжсэн минь өнөөдрийн амжилтыг үндэс суурь юм шүү” хэмээн бахархалтайгаар хуучлах тэрбээр багшийнхаа хүүгээс улсын шагнал хүртэж буйдаа ихэд бэлгэшээж байсан.

Д.Лхагваа гуай өнөөг хүртэл нийт 27 гэр бүлийг туслах малчнаар авч ажиллуулан, амьдрал ахуйг нь дэмжиж, малч ухаанаа өвлүүлсээр байна. Түүнчлэн эрэлд яваа малчдад туслах зорилгоор бод малын зүсмийн бүртгэл хөтөлж, малын хөдөлгөөнд ажиглалт хийдэг байна.

Улсын сайн малчны шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нараар ахлуулсан төлөөлөл мөн Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Дарьмаагийн Отгонбаяр, Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Жамъянсүрэн, Эрдэнэбулган сумын 3-р багийн малчин Батбаатарын Ванданшарав, тус сумын 6-р багийн малчин Гочоогийн Ганбаатар, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Банзарын Сандагсүрэн нарын хотонд очиж, Монгол Улсын төр, засгийн хүндэтгэлийг биечлэн уламжилсан юм.

Арын хангайн өвгөн уулс өвөрлөн дүнхийж, Архангай нутгийн зон олон өнөтэй сайхан өвөлжиж байна. Монгол Улсын төр, засгийн мялаалгын хуртай зэрэгцэн байгаль ээж мөн хураа илгээсэн нь шинэ сарын өмнөхөн буянт сүргийг маань давхар шагнасан сэргээш боллоо хэмээн ард олон бэлгэшээж байлаа. Монгол хүний хөдөлмөр, ухаан дундаршгүй байж, монгол малын буян өнөд арвижин дэлгэрэх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *