Categories
мэдээ нийгэм

Арьс, ширийг түүхийгээр нь экспортлохгүй байхыг анхаарууллаа

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү арьс ширний мэргэжлийн холбоод болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, арьс ширийг түүхийгээр нь экспортлохгүй байх чиглэлийг өгчээ.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд арьс ширний боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байгаа аж.

Жилдээ улсын хэмжээнд 200-300 мянган ширхэг адууны шир бэлтгэгддэг байна. Тэдгээрийг бүгдийг дотооддоо бүрэн боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр байхгүй учир зарим хэсгийг гадаад руу экспортлох хүсэлтийг аж ахуйн нэгжүүдийн зүгээс тавьж, зарим нэг үл ойлголцол үүссэн байсан аж. Харин талууд дээрх уулзалтад оролцсоноор асуудал нэг талд гарчээ.

Учир нь Монгол Улсын Засгийн газраас 2013, 2014 онд тус бүр тогтоол гарч, арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон юм байна. Энэ хүрээнд арьс ширийг хагас боловсруулж экспортлох ёстой хэмээн үзжээ. Тиймээс Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллахыг хүсээд экспортлох бол хагас боловсруулсан байдлаар гаргах ёстойг сануулжээ.

Арьс ширийг дотооддоо хагас боловсруулах боломжтой юм байна. Түүхий эдээ боловсруулж гаргах нь Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болох боломж бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *