Монгол ардын нам 2016 оноос хойш завсаргүй төрийн эрхийг барьж байна. Үндсэндээ одоо байгаа бүрэн эрхийнхээ хугацааг дуусгана гэж үзвэл сүүлийн 12 жил энэ нам төрийн эрхийг барих нь тодорхой гэсэн үг. Энэ олон жил эрх барих хугацаандаа Ардын нам хэнийг гишүүн болгох вэ, хэнийг аймаг, дүүргийн дарга болгох вэ гэдгээ эртнээс тохирдог болж. Тэр тусмаа УИХ-д суудал горилогчдоо эхлээд аймаг, дүүргийн Засаг даргаар тавьдаг увайгүй аргатай болсныг сүүлийн гурван ч удаагийн сонгуулийн дүр зургаас тодорхой харж болохоор байна. Тухайлбал, хуучин 76 гишүүнтэй парламентын үе буюу 2020 оны сонгуулийг эргэн саная. Ардын нам 76 суудлаас 62-ыг нь авч хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонх болсон. Магадгүй уг намын сонгууль болгоноор олонх болж ялаад байгаа шалтгаан, нууц нь ч энэ байж мэднэ.
Юу гэхээр УИХ-д гарч ирсэн 62 хүний ихэнх нь өмнө нь аймаг, дүүргийн Засаг даргаар тавигдсан улстөрчид байгаа юм. Жишээ нь, Ё.Баатарбилэг Архангайн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогдсон. Мөн Багануураас Ц.Сандаг-Очир, Орхоноос Д.Батлут, Өвөрхангайгаас Д.Тогтохсүрэн, Өмнөговиос Н.Наранбаатар, Дорно-говиос Т.Энхтүвшин, Төв аймгаас Ж.Батжаргал гэх мэт аймгийн Засаг даргаар ажиллаж байсан олон хүн 2020 оны сонгуулиар УИХ-д гарч ирсэн. Дараа нь 2024 оны сонгуулийн өмнө МАН зарим орон нутгийн удирдлагуудыг босоо удирдлагаар шууд томилож байсан. Орон нутгийн хөгжлийг шинэчлэх, өөрчлөх, дэвшүүлэх зорилгоор биш, 2024 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болгон оруулж ирэх зорилгоор тухайн аймаг, дүүргийн Засаг даргаар тавьж байсан нь тодорхой гэмээр. Тухайлбал, “тооноор ордог хүүхэн” гэх тодотголтой Ховдын Засаг дарга Э.Болормаа байна. Дуудах нэрийг эцэг эх, дуурсагдах алдраа өөрөө гэдэг шиг Э.Болормаа гишүүн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааныхаа үеэр тооноор орж, ард түмнийг гайхшируулснаар өөртөө дээрх нэрийг олж авсан. Сонгууль болохоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Э.Болормааг тавьж байсан. Угтаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл одоо ч эхлээгүй л явна.
Энэ ажлыг хурдасгах гол үүргийг Э.Болормаад өгч Ховдын Засаг болгосон ч гол үүргээ биелүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй байсаар саяны сонгуулиар гишүүн болчих жишээтэй. Гол учир нь станцын ажлыг хурдасгахдаа биш, 2024 оны сонгуульд Э.Болормаа УИХ-д орж ирэх нь чухал байсан мэт. МАН-ын УИХ-д олонх болох увайгүй арга нь энэ. Энэ намд орон нутгийн хөгжил, бодлого түйч хамаагүй. Харин хаана, хэнийг намаасаа тавьбал УИХ-ын сонгуулиар намдаа нэг суудал чирээд ирэх вэ гэдгээ л гол зорилгоо болгосоор ирлээ. МАН-аас тавьдаг Э.Болормаа шиг Засаг асангууд өнөөгийн 126 гишүүнтэй парламентад олон бий. Ардын нам уг аргаа 2028 оны сонгуулиар ч хэрэглэнэ. Хэрэглээд ч эхэлчихсэн. Саяхан орон нутгийн сонгууль явагдаж дууслаа. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд аймаг, дүүрэг, сум, хороодын Засаг дарга нар томилогдож байна.
Үүнээс аймаг, дүүрэгт тавигдаж байгаа МАН-ын дарга нарыг хараарай. Энэ хүмүүс 2028 оны сонгуулиар зоолттой УИХ-ын гишүүн гээд л гараад ирнэ. Тухайн аймаг, дүүрэгт гоё, сайхан бүтээн байгуулалт, өрнүүн их ажлыг эхлүүлнэ гэж сонгогчдод амласан байх. Гэхдээ тэдний зорилго орон нутгийг хөгжүүлэх биш шүү. Тэдний гол том зорилго нь 2028 оны сонгуулиар УИХ-д орж ирэх. Засаг дарга нар УИХ-д орж ирж байгааг гаднаас нь өнгөц харвал тухайн аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан буюу амьдрал мэддэг улстөрчид УИХ-д ялаад байгаа мэт боловч үнэндээ энэ бол Ардын намын дөрвөн жил тутам явуулж ирсэн улс төрийн увайгүй арга байсныг хэрсүү хүмүүс хэдийнэ таньж. Таних ч юу байх вэ. Орон нутгийн иргэдийн саналыг авч гарч ирсэн хүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байхад төв намаас нь татдаг, сольдог. Эсвэл эхнээс нь горилогчдыг тавьдаг байдлаас болоод тухайн орон нутгийн хөгжил дөрвөн жилийн циклиэр дээшлэх байтал шаасан гадас шиг нам зогсож байна. Орон нутгаас Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр, Дундговь, нийслэлээс Чингэлтэй, Сонгинохайрхан, Багануур, Багахангай гээд хөгжил нь явдаггүй, урагшилдаггүй, хуучин байшин, зам, талбайгаа шинэ будгаар будаад л төсөв нь таардаг болцгоосон газрууд олон.
Эдийн засгаараа, иргэдийнхээ амьжиргаагаараа, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаараа өрсөлдөж байгаа цөөнгүй аймаг бий. Өмнөговь, Сүхбаатар, Увс, Орхон, Дархан, Сэлэнгэ гэх мэт. Яагаад энэ хэдэн аймгийн эдийн засаг дөрвөн жил тутам үсрэнгүй хөгжөөд, зарим нь таг зогсчихоод байна вэ. Нөгөө л МАН-ын явуулж байгаа дарга тавьдаг схемээс л болоод байгаа хэрэг. Товчхондоо УИХ-д орж ирэх гишгүүр нь орон нутаг учраас л тухайн аймаг, дүүргийн хөгжил зогсчихоод байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Орон нутгийн хөгжил иргэдийнх нь залхуу, арчаагүйгээс болоод зогсчихоогүй. Эсрэгээрээ сэтгэлгүй, орон нутгаа мэддэггүй, хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөөгүй дарга, удирдлагуудаас нь болж сөнөж байгаа гэдгийг МАН-ын явуулж байгаа увайгүй аргаас тодорхой харагдахаар. Үнэндээ намын даалгавраар очсон улстөрч аймаг, орон нутгийн хөгжилд санаа зовно гэж байх уу. Тэдний гол санаа зовох ажил бол тухайн орон нутгийн иргэдийн тархийг угааж, яаж ирэх сонгуулиар УИХ-д суух вэ, энэ орон нутгийн иргэдийн саналыг яаж өөртөө татах вэ гэдгээ л бодно биз. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэнд очсон Засаг дарга дөрвөн жилийн хугацаанд ажил хийх биш, ажил хийсэн мэт дүр үзүүлэн жүжиглэнэ. Хэн нь сайн жүжиг тоглоно тэр хүн УИХ-ын сонгуулиар хамгийн өндөр санал авна. Иймээс л орон нутгийн хөгжил гацдаг, иргэдийнх нь амь, амьжиргаа доошилдог. Эдийн засаг нь өсөхгүй болохоор үйлдвэрлэл нэмэгдэхгүй байна. Үйлдвэрлэл нэмэгдэхгүй болохоор ажлын байр бий болохгүй. Ажлын байргүй бол иргэд нь мэдээж орлогогүй. Орлогогүй, ажилгүй иргэд ажилтай, орлоготой газрыг л зорих нь тодорхой. Орон нутаг хүнгүйдлээ, хүн ам зүйн бодлого алдагдсан учраас хөгжил нь зогслоо гэдэг. Тэгвэл шалтгаан нь МАН-ын явуулж байгаа увайгүй бодлогоос л болоод байгаа юм биш үү. Тэгэхээр орон нутгийг хөгжүүлэх, хөдөөгийн сэргэлт, хөгжлийн бодлого гэж том, том хөтөлбөр, өндөр өртөгтэй төсөл санаачилж байхаар өөрсдийнхөө явуулж байгаа алдаатай, нийгэмд хохиролтой бодлогоо зогсоо, Ардын намынхан. Үүнийгээ зогсоогоод орон нутгийн удирдлага хэн байх тэр эрх чөлөөг нь орон нутагт нь үлдээ.
Адаглаад аймгийн Засаг даргаар хоёр удаа ажиллачихсан хүнийг, эсвэл тухайн орон нутагт ямар шинэ бодлого, өөрчлөлт бий болгосон байдлаар нь үнэлээд, иргэдийнх нь саналыг тусгаж байгаад УИХ-д дэвшүүлэх эсэхээ шийдэж болохгүй юу. Нөгөөтэйгүүр тухайн аймаг, дүүргийн иргэд сонгуулийн өмнө очсон улстөрчдөд саналаа битгий өг. Тэгж байж л орон нутаг чинь, аймаг, дүүрэг чинь хөгжих юм биш үү.
Р.БАТБОЛД