>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №236 (5188) дугаарт
Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавтай ярилцсанаа үргэлжлүүлэн хүргэж байна.
-“Торгон хилийн зүг” дууны тань хөгжмийг хэн бичлээ?
-УГЗ Т.Чимэддорж гуай хийсэн юм. Сүүлд бид хоёр “Гурван зуун хүүхэн” гэж дуурь хийж байлаа. Таалагдаагүй юм уу яасан юм бүү мэд, больчихсон юм.
-Гурван зуун хүүхэн…?
-Тийм ээ. Яагаав дээ, олон залуучууд атарт очоод майхан саванд гэр оронгүй байдаг. Энд эмэгтэй хүн их хэрэгтэй байна гээд зуун хүүхэн яаралтай явуул гэж бичсэнийг нь гурван зуун хүүхэн гэж гаргаад хотын Эвлэлийн хороо баахан хүүхэн явуулчихаад сандарч байгаа тухай хошин дуурь бичсэн юм л даа. Уг нь батлагдчихаад яагаад ч юм тоглогдоогүй юм. Дуурь бичихээр би арай том болчих гээд байсан уу яасан юутай ч тоглуулаагүй. Тэгээд дуурь бичдэг том хүн болоод ч яахав. Кино бичээд гайгүй шиг болсон. Тиймэрхүү л намтар паянтай явлаа.
-Таны төрсөн нутагт Цантын гол гэж их гоё, сонин тогтоцтой гол байдаг байх аа. Нутаг устайгаа холбоотой сонин сайхан домог хууч бишгүй л сонсч байсан байлгүй, та. Энэ тухай бас таны дуу бий бил үү?
-Солийн Цоодол бид хоёр халамцуухан, хотоос гарав аа. Хоёр охиноо хөтлөөд. Би Хишигсүрэнгээ хөтөлчихсөн, Цоодол бас нэг хүүхдээ хөтлөөд Төв аймгаа дайраад Баянд очсон. Тэгээд гэнэт нэг өдөр зохиосон дуу шүү дээ. Бас зүгээр ч байгаагүй. Ганц хоёр шил юм янзалсан. Танай энд ямар гол байдаг вэ гэж байна. Цант, Хоолт хоёроо би мэднэ. Нөгөө хуучин Баянгаас ямар гол байдаг вэ. Уртын гол гэж байдаг. Тэгээд хэдхэн минутад зохиочихлоо. “Цантын минь гол цалгиатайяа хө” гэж эхэлдэг дуу бий. Цантын гол бол өвөл хөлддөггүй, цантаад л байж байдаг. Зун уснаас нь уухаар хага ташаад байдаг. Жижигхээн горхи. Мянган адуу ундаалж байсан гол доо. Нөгөөх нь Хоолтын гол.
Хоолтын маань гол хоттойёо хө
Хойтынхоо ариун заяанд холбоотойёо хө
Хорвоо чиг уужрах тэнгэрийн дор
Хоёулаа чиг ижилдэнхэн жаргаж сууна аа хө гэж бичлээ. Харин Уртын голыг үзээгүй. Хөдөө нутгийн гол ус ямархан байдгийг санаж байгаад
Уртын маань гол униартай даа хө
Учралынхаа арвин заяанд уулзаатайяа хө.. гэхчилэн бичээд Солийн Цоодол бид хоёр ийм дуу хийсэн юм. Сүүлд Алтантуул жаахан түргэн аятай болгоод шанзаар тоглосон. Хөдөөний уран сайханчдыг цуглуулаад Цоодол маань загнаад байдаг. Би бас нутгийнхнаа өмөөрч Цоодолтойгоо хэрэлдэж байлаа. Тэгж зохиосон дуу юм. Манай нутгийн хуучны улс дуулаад л байдаг юм. Би ганц роман бичсэн. “Хэрлэнгийн барьяа” гэж. Нутгийн хууччуул маань улаан гуталт Жанчивдорж заан суугаад Жаран хэнгэргийн хур гэдэг нь тэр Өрөмт гэдэг энэ гэж зааж өгөөд Намхай аварга тэндээс гараад хурган Дэмчиг эндээс гараад ингэж барилдаж байсан гээд цөмийг нь ярьж өгч байсан юм. Би Буянтогтох гуайг нэг удаа харсан юм. Буянтогтох гуай юу гэж ярьсан бэ гэвэл, “Бидний дөрвөн мөчинд дөрвөн бодын тэнхээ байсан бол Намхайн дөрвөн мөчинд дөрвөн барын тэнхээ байсан юм шүү” гэж ярьж байсан. Эгнэшгүй хүчтэй байж. Тийм учраас арван зургаатайдаа даншигт ороод барилдаж байж. Тэгэхээр Намхай аваргын тухай хаа байсан Булганд сонссон юмаа нутагтаа шингээж аваачиж нутгийнхаа өвгөдтэй хуучилж байгаагаа, монгол ахуй байдлаа бичсэн. Манай нутгийнхан өвөл нь хүйтэн болохоор Хэрлэнбаян Улаанд гарч өвөлждөг. Хэрлэн намартаа хөлдөөд хонь мал халтираад арайхийж л гардаг. Хавар нь цэлэлзээд сайхан байдаг, мөн л малаа туугаад нутаг руугаа харьдаг. Монголын ард түмний түүх, соёл, түүхэн домогт явдлуудыг түүгээд нэг жижигхэн роман бичсэн минь тэр. Ер нь роман биш ч байж мэднэ. Юу байх нь хамаагүй. Сүүлд Цоодол уншчихаад, их ухаантай хүн санаа аваад Бүрэнгийнхээ явдлуудыг жижиг жижгээр өгүүллэг болгож бичээд саяхан дөрвөн ботидоо оруулсан байна лээ.
-Та Лхаст очъё гэж бодож байгаад очсон гэлээ. Тэндээс ирээд юу бичив?
-Нэг их шүлэг бичээгүй. Би ерэн онд Энэтхэг явсан. Монгол хүн ер нь Энэтхэгт очиж үзмээр байгаа юм. Өөх, мах алаглаж байдаг шиг зовлон жаргал хоёр нь алаглаж байдаг. Хувь заяатайгаа эвлэрчихсэн. Манай энд бол босоод тэмцээд сүйд болно байх. Тэнд тэмцэхгүй. Ядуу нь би ийм ядуу гуйлгачин байх заяатай хүн гээд тэр заяандаа гөлрөөд, би ийм баян байх ёстой хүн гээд гартаа байтугай хөлдөө алтан бугуйвч зүүчихсэн хүн хажуугаар гишгээд. Ингээд баян хоосон хоёр нь зэрэгцсэн, зовлон жаргал хоёр нь дэндчихсэн, хувь заяатайгаа эвлэрч сүжирсэн юм шиг. Манайхан шиг Европ маягаар сэтгэж бослого гаргах, ажил хаях тийм зүйл тэнд бага. Яахав, шашны хоорондын зөрчил байдаг л байх. Таж Махалыг үзлээ. Ай даа, сайхан. Ер нь сайхан юм үзээд баясдаггүй хүн, сайхан хүүхэн хараад баясдаггүй яруу найрагч гэж байхгүй. Тэгээд “Таж Махал”, “Энэтхэг бүсгүй” гэж шүлэг бичсэн. Энэтхэгийн тухай тав зургаан шүлэг бичсэн шүү би. Пүрэвдорж ч, Явуу ч очоод бичсэн байдаг. Би гурван зорилготой Энэтхэгт очсон юм. Нэгд, Гималайн уулыг харна, хоёрт, Далай ламтай уулзана, гуравт, Таж Махал тэргүүт сайхан юмнуудыг нь үзнэ гэсэн бодолтой явсан. Далай ламтай уулзъя гэсэн чинь хаа хол Дармасалад Чойнхорын ван хурж байгаа гэнэ. Танайх бурханы шашинтай, манайх бас шүтдэг. Тэгээд Далай ламыг орой дээрээ залдаг. Би хадаг юмаа аваад Далай ламтай уулзана гэж гарсан. Нэгэнт би тэгж бодож байгаа учраас ямар ч тотгор надад саад болохгүй гэж бодож байна гэсэн. Номыг нь мэддэг улс чинь юу ч хэлэлгүй замыг нь заагаад өгсөн. Вагонд суугаад хонуут яваад маргааш нь үд хэвийх үед Дармасалад очлоо. Дахин нэг хоноод үд дундын 12 цаг буюу морин цагт Далай ламтай нүүр тулж учирсан.
-Далай лам та хоёр юу ярилцав?
-Хавийн улс гайхаад байсан. Далай лам багш хүнтэй арваад минут л уулздаг юм, тантай дөчин минут уулзлаа гэж гайхацгааж байсан. Далай ламтай уулзсан чинь эхлээд бие баригдаад хэлэх үг олдохгүй оргиод байлаа. Би чинь багадаа Гомбожав хамбаар түвд ном заалгасан хүн шүү. Одоо нэг их алдаг оног уншдаг гэж худлаа хэлээд яахав, гэхдээ уншлагатай. Тэгээд Далай ламын тухай Гомбожав багшийн дөрвөн мөртийг түвдээр нь хэлэв ээ. Далай лам дор нь ойлгоод “Тийм ээ, Далай лам гэдэг нэрийг надад монгол хүн өгсөн монгол нэр шүү дээ. Би үүгээрээ л дэлхийд нэршлээ шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь сая бие тавираад сайхан боллоо. Хотоос гараад хориод хоносон юм чинь сонсоогүй юм “Шеварднадзе Гадаад яамны сайдаас огцрох болж гэнэ” гэж Далай ламаас сонсоод, манайд бас ардчилал гэдэг юм гараад бурхан шашнаа сэргээж байгаа гэж хэллээ. Энэчлэн харилцан дөчин минут ярилцсан. Тэр үед монгол хүн Энэтхэгт очоод Далай ламтай уулзаж байсан нь ховор байсан юм уу, эсвэл депутат байсан минь ч нөлөөлсөн юм уу мэдэхгүй, надад бурхан багшийн дэлгэмэл хөрөг, цагаан хадаг өгсөн. Цагаан хадгийг нь Гүрбазар “За та нартаа өргөе, ард түмээн” гээд амьтанд өгчихсөн. Өгсөн ч юу байхав, телевизээр л тэгж харуулж байхгүй юу. Бас маанийн үрэл эрдэнийн эм өгснийг нь би одоо ч хадгалдаг. Өвдөж зовбол хэрэглээрэй гэсэн юм. Бурханы хөрөг дээрээ түвдээр “Сүрэнжавын сүжиг ихтэй нь авралын сахиус мэт ээ. Бурханы шавь Данзанжамц” гэж бичээд надад өгсөн. Тэндээс ирээд би элдэв эм тан хэрэглэлгүй, архинаас болж хүнд загнуулалгүй хорин хэдэн жил болж байна.
-Анх уулзахдаа бие баригдаад байхаар нь түвдээр хэлсэн дөрвөн мөртөө монголчилбол юу гэсэн үг байв?
–Эгшиглэнт Манзуширийн гол аялгуу нь гойд мэргэн
Эрдэнэт богдсын шашныг баригчдын гол мод болсон
Элдэв үйлийн сайн хөвдлийг өөрөөсөө төрүүлэн гаргасан
Эрдэмтэй Далай ламдаа сүслэн мөргөюү гэсэн үг юм. Миний багш Гомбожав хамбын Далай ламд зориулж зохиосон шүлэг л дээ.
-Та бөх болох мөрөөдөлтэй байсан ч болоогүй, сүүлд нь нэг цагдаа тонгороод хоёр зуугаар торгуулсан гэдэг хөгжилтэй явдлыг санахаар инээд хүрдэг. Ингэхэд таны багын мөрөөдлөөс биелсэн нь хэр олон бэ?
-Би нутагтаа байхдаа ерөөсөө гурван юм л мөрөөддөг байлаа. Миний бага залууд гурван юм л домогтой байлаа л даа. Нутгийнхаа хамгийн өндөр уул өндөр дэнж дээр гарна. Тээр хойно тэнгэрийн хаяанд Богд уул их зад үзсэн хангарьд шиг цэнхэртээд л харагдана. Энэ сайхан их Богд уулын ард нэг очих юмсан. Их аварга Түвдэндоржийн барааг нэг харах юмсан. Дандар баатар гэж биеийг нь бууны сум даадаггүй, дайнаас ирээд хувцсаа тайлахад сум шархийтэл асгардаг юм гэнэ лээ. Дандар баатартай танилцах юмсан. Цогзолмаа гэж аюулын сайхан хүүхэн дуулдаад байх юм. Төв театрт ороод тэрийг нь шилэн фордод суулгаад ирвэл багийн дарга Дорж гуай мөн сүйд болно доо гэж хүүхэд байхын мөрөөддөг байлаа. Тэгсэн чинь бурхан тэнгэр миний мөрөөдлийг биелүүлж өгсөн. Дандар гуай 1964 онд баатар цол хүртэв. Би тэгэхэд Радиод ажиллаж байсан юм. Телевиз гараагүй үе. 1964 он чинь Халх голын 25 ч билүү жилийн ой. Тэр шөнө сэтгэл хөдлөөд би шөнөдөө суугаад “Алаг морьтой хүн” гэдэг найраглал бичлээ. Цэвээндорж, Чулуунбат хоёр өглөө нь радиогоор уншсан. Гэтэл арван жилийн ял аваад шийтгүүлж байсан хүн чинь улсын радио хангинаад Дандарын тухай ярихаар их өөр сэтгэгдэл төрсөн байх. Тэгээд
Зүү шиг балчир хүүхэд Авдарбаяны
Зүлгэн дээр нь мөлхөж явахад
Зүр шиг шалмаг эр Халх голын
Элсэн дээр нь торойж байж дээ.
Давс чихэр хоёрын амтыг даанч ялгаагүй балчихан уруулаар ч
Дандар гээд уншиж байна
Дарь хүхэр хоёрын үнэрийг аваагүй уруулаар ч
Дандар гэж уншиж байна гээд ийм мөрүүдтэй бичсэн. Тэгэхэд Дандар гуай хошууч цолтой, авто батальоны орлогч дарга байхдаа яруу найрагч, сэтгүүлч Батсуурийн Халтараар газарчлуулж ирж танилцаад хорь гаруй насны зөрүүтэй бид хоёр найз болж байлаа. Их сургуульд оюутан болоод очсон чинь найруулагчийн анги нээгдсэн, өнөөх Цогзолмаа гэдэг хүүхэн чинь гуч шүргэж яваа юм уу үгүй юм уу гэмээр, Рэнцэнноров тэр хоёр найруулагчийн ангид оржээ. Нийтийн лекцэнд цуг ордог, тохой зэрэгцэн суудаг. Цогзолмаа Рэнцэнноровтой их дотно үерхэнэ. Биеийн тамирт гарна. “Ишш үхснээ хийж тэр сайхан театраасаа гарав аа, би. Одоо энэ тайзны ард Гомбосүрэн багш гүйж ирж багтарч унаад үхэх байх аа” гэж тэр хоёр ярьж байх, оюутан л болсон хойно цуг гүйж цуйван энэ тэр иднэ. Тэгээд бид найз болоод сүүлд нас ахисан хойноо “Эртний сайхан” гэж чуулга байгуулаад түүндээ намайг оруулсан. Одоо ч би хааяа уулздаг шүү, найзтайгаа. Багадаа мөрөөдөж явсан гурван хүсэл гурвуулаа биелсэн. Сүрхий бөх болоогүй ч гэсэн бөхийн тухай кино хийчихсэн.
-Горькийн сургуульд байсан үеэ санавал…?
-Горькийд би нас дөч шүргэж яваад Добролюбовын гудамжны есдүгээр байшингийн долоон давхарт нь долоон зуун гурван тоот өрөөнд нь амьдарсан. Урьд нь залуудаа Москваг нэг үзчихээд ийм сайхан газар авгайгаа авчраад хоёулаа хөтлөлцөөд явж байх юмсан гэж бодож байсан. Энэ бодлоо сүүлд дөч шахсан хойноо биелүүлсэн. Би их азтай. Наян нэгэн онд Горькийн сургуулийн дээд курс төгсөхөд Гүррагчаа сансарт нислээ. Монголын талаас нэвтрүүлэг хөтлөх үүргийг надад өглөө. Би юу ярих вэ Чойжил дарга аа гэсэн чинь “Чиний өмнө их гүнзгий гол байна. Гэхдээ чи живээд үхэхгүй ээ, дажгүй. Ор, ор” гээд намайг түлхэж оруулсан. Бичиг цаас юу ч үгүй орж байгаа юм. Миний өмнө Монголын далбаа соёмбо нь гялалзаж харагдана, нөгөө оросын өмнө Оросын далбаа тавьчихаж. Гэнэт омогшил төрөөд “Өнөөдөр морин дэл дээр өссөн монгол хүү сансрын мөнгөн хөлөг дөрөөлөөд сансарт нисч байхад Монгол орон бас тэнгэрт нисч байна” гэхчилэн аяндаа хэлэх үг урсаад ороод ирлээ. Яг тэр үед бас хармаандаа улаан мөнгөгүй гадаадад явж барилддаг өнөө хэдэн бөхчүүдийг өрөвдөж бодож билээ. Энэ далимд хэлэхэд, шинэ үсгийг сурснаараа би Европ болоод дэлхийг өөртөө нээсэн юм. Би 2001 онд Францын нийслэл Парист Улаан сайдтай очоод Монмартрын Булоны ойд ирээд байна уу, Елисейн тал энэ байна уу гэж асуухад та Парист ирж байсан юм уу гэж байсан. Би бол сэтгэлээрээ зуун удаа ирсэн, биеэрээ анх л ирж байна гэсэн. Шинэ үсгийн л ач байхгүй юу. Гэтэл одоо монгол бичиг хэрэглэнэ гэдэг чинь урд том гүрний алсын бодлого байж мэднэ шүү дээ.