Categories
мэдээ цаг-үе

Ардын нам асман банди шиг гүйсээр байгаад сөрөг хүчний хугацаагаа гүйцээх нь дээ

1996-2000 онд сөрөг хүчин байсныг нь эс тооцвол ялагдаж үзээгүй босоо цагаан МАН 2012 оны сонгуулийн дараа ялагдсанаар үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайв. Улс төрийн намын хувьд унаж босох байх л асуудал мэт боловч МАН-ын хувьд энэ ялагдлаасаа хойш босч ирсэнгүй. Ядаж сөрөг хүчний ажлаа хийсэнгүй, бүр энэ байр суурин дээрээ ч дөхөж ирсэнгүй өнөөг хүрлээ. Сөрөг хүчин ч биш, юу ч биш явсаар байтал сонгууль эхлэхэд хагас жилийн хугацаа л үлдэв. Лам хар ихтэй байсан тэр цагт хөдөө гарч хараар амьдраагүй атлаа хүүхдийн ч эцэг болж, хүүхний ч залуу болж явдаг лам нарыг асман лам гэдэг байсан гэлцдэг. Түүн шиг эрх баригч ч биш, сөрөг хүчин ч биш юу хийж байгаа нь мэдэгдэхгүй цаг нөгцөөх Ардын нам асман банди шиг гүйсээр байгаад сөрөг хүчнээр ажиллах хугацаагаа дуусгаж байна. Дандаа эрх баригч байсан МАН-ынхан үнэндээ сөрөг хүчин юу хийдгийг, яах ёстойг ойлгож чадсангүй. Одоо ойлгох ч хугацаа үлдсэнгүй. Сонгуулийн дараа УИХ шинээр байгуулагдахад тэд хуучны их зангаа тавихгүй томорч байгаад бүр бүлэггүй үлдэх дээрээ тулж байлаа. Дандаа бусдыг даргалж, бусдыг хүлээлгэж сурсандаа эрдсэн биш галт тэрэг хэдийнэ хөдөлж байнгын хороо ч үгүй баахан явсан даа. МАН-ынхны сөрөг хүчин болоод хийсэн анхны акцийг нь одоо ч хүмүүс ярьдаг. Өвөрхангайн хоёр гишүүний маргаантай асуудал дээр тэд эсэргүүцэл зарлаж, УИХ-ын чуулганы танхимын орох хаалгыг диван тавьж хааж байлаа. Гэтэл олон жил УИХ-ын гишүүн, дарга даамал хийж явсан тэр хүмүүсийг сөрөг хүчний байр сууринаас хэн ч харсангүй.Тэгээд ер нь зөөлөн буйдан дээр хийж байдаг жагсаал цуглаан ч гэж юу байхав. Ямартай ч сөрөг хүчнийхний энэ эсэргүүцэл амжилтад хүрээгүй нь Өвөрхангайгаас УИХ-д МАН-ын биш АН-ын хоёр гишүүн суух болсноор батлагдана.

Уг нь сөрөг хүчний ажлыг бас ч гэж хийж болдог доо. Гэтэл өнгөрсөн жилүүдэд МАН-ынхан манай “Өдрийн сонин”-ы хэмжээнд хүрч ажиллаагүй гээд бод л доо. Эрх баригчдын ажлыг шүүмжилдгээрээ шүүмжилж, ад үзэгддэгээрээ үзэгдсээр бид ажлаа хийсэн. Харин сөрөг хүчин болсон МАН “Хэвлэлүүдэд ч хэлэх үгээ хэлж чадахгүй байна, биднийг тоохгүй байна” гэж өрөвдөм гомдоллохоос өөрийг хийхгүй байсан тул тэдний дуу хоолой, байр суурийг нь дамжуулахаар бид хичээн ажилласаан. Уг нь манайх аль нэг намын сонин биш л дээ. Гэхдээ тал талын байр суурийг гаргаж, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэх үүднээс хэн ч тоохгүй байгаа МАН-ыг “тоож” тусалж байв. Өч төчнөөн хэвлэлтэй, телевизтэй баймаар, гэтэл үгээ ч хэлж чадахгүй байгаа тэр хүмүүсийг яаж сөрөг хүчин бай гэж шаардах вэ дээ. Бүхэл бүтэн нам байж шилэн Цогоогоосоо л муу байна шүү дээ. Харин энэ залуу сүүлийн үед сөрөг хүчин байх ажлыг нь нугалаад байгаа юм биш үү.

Ер нь өнөөдрийн улс төрийн үйл явдлыг хөлбөмбөгтэй зүйрлэж болохоор харагдана. Эрх баригчид болсон АН-ынхан супер старуудыг цуглуулсан баг шиг өөр хоорондоо л үзээд байна. Суперүүд хувийн амжилтынхаа төлөө ганцаарчилсан тоглолт хийгээд алдаа гаргадаг шиг АН-ынхан тэнд өөрсдийнхөө хаалганд гоол хийгээд завгүй. Харин энэ алдаан дээр нь тоглож, ялалт байгуулж байх ёстой МАН-ынхан хаана байгаа нь ч бүү мэд. Хаалгач ч байхгүй тоглолтод орж байх юм. АН муу байгаа ч МАН бүр муу байгаад асуудал нь байна. Ямартай ч АН сөрөг хүчингүй өнгөрсөн дөрвөн жилийг ардаа хийлээ.

Тэднийг ийм муу байгааг улс төрийн хүрээндээ “МАН-ынхан өөрсдөө төмсөгдүүлчихсэн учраас юу ч хийхгүй байна” гэж тайлбарлах ажээ. Тэдний ярьж байгаагаар улстөрчид нэг асуудлаараа барьцаанд орчихдог, улс төр хийх гэхээр нөгөөхдөө уначих гээд байдаг учир нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөдөг гэх юм. Эсвэл зөрүүлээд тохироо хийж явдаг гэх. Үнэндээ МАН шиг ерэн жилийн уламжлалтай, институци болтлоо төлөвшсөн ийм улс төрийн хүчин ингэж дээрэлхүүлээд байгаа нь үнэхээр харамсалтай юм. Өмнө нь өөрсдөө дангаар Засаг байгуулж чадах атлаа АН-ыг урьж залаад хамтарч байсныг нь хүмүүс мартаагүй. Тэгсэн мөртлөө дангаараа Засаг байгуулж чадахгүй АН-ынханд жийгдэж байгаа нь тэдний л муугийнх. Танайхыг авахгүй гэхээр яс горьдсон нохой шиг үлддэг, дараа нь хүрээд ир гэнгүүт нь далласан газар нь дав хийгээд гараад ирдэг. Адаг сүүлд нь хөөлөө гэхэд нь чив чимээгүй яваад өгдөг. Хэзээ МАН ийм байсан юм бэ. Ямар ийм сөрөг хүчин байдаг юм бэ. Арга ядахдаа “Ардчилсан намыг эрх барьж байх үед сөрөг хүчин байх хэрэггүй. Өөрөө өөрсдийгөө хэмлээд дуусдаг” гэсэн яриа гаргаж ажил хийж чадахгүй байгаагаа цайруулж суух вэ дээ, энэ МАН-ынхан. Уг нь дэлхийн жишигт сөрөг хүчний намын рейтинг багадаа 40 хувьтай байдаг юм гэсэн. Автоматаар сөрөг хүчний хувь нь нэмэгдэж, намын дарга нь топ таван улстөрчийн тоонд багтаж эхэлдэг. Гэтэл манайд сөрөг хүчин нь эрх баригч намтайгаа нийлээд нийлээд 50 хувийн рейтингтэй байна шүү дээ. Үлдсэн 50 хувийн итгэл нь хаана хэнд байна, тэдний ажлаа хийж чадаагүйн гороор хариуцлага хүлээх чадваргүй нөхөд хууль тогтоох байгууллагад ороод ирвэл хэний буруу болох юм гээд яривал ярих зүйл бас бий. Одоо топ улстөрчдийн жагсаалтад МАН-аас Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар хамгийн өндөр рейтингтэй цохиж яваа. Гэтэл 2000 оны үед сөрөг хүчний намын дарга Н.Энхбаяр 62 хувийн рейтингтэй байсан гэдэг билээ.

Өнөөдрийн МАН-ын байгаа байдал нь социал демократ намуудын байр сууриас ихээхэн өөр харагддаг юм. Одоо тэргүүлэх байр сууриа МАХН, ХҮН-д алдаад дуусах нь. МАН-аас Ж.Сүхбаатарыг явахад орон зай гарлаа гээд баярлах хүмүүс байсан л биз. Гэхдээ тэр урваач шарваачдаа яваагүй байх. Харин тийм хэмжээний боловсон хүчнийг энэ намд байх аргагүй болсны бурууг тэд дотроо тунгаах нь тэдний дараагийн ажил үйлст чухал болов уу. Ямартай ч сөрөг хүчингүй дөрвөн жилийг бид үдэж байна. МАН-ынхан сөрөг хүчин болохоо ойлгох гэж, ойлгоод ажиллах гэсээр байтал хугацаа нь хэдийнэ өнгөрлөө дөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Ардын нам асман банди шиг гүйсээр байгаад сөрөг хүчний хугацаа гүйцээх нь дээ” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, уншигч та бүхний гар дээр очлоо. Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ардын нам асман банди шиг гүйсээр байгаад сөрөг хүчний хугацаа гүйцээх нь дээ” нийтлэлд сөрөг хүчний үндсэн ажлаа хийлгүй явсаар дараагийн сонгуулийн босгонд тулж ирсэн болохыг баримт, нотолгоотойгоор шүүмжиллээ. Тийм ч учраас лам хар ихтэй дээхнэ үед хөдөө гарч хараар амьдраагүй хэрнээ хүүхдийн ч эцэг болж, хүүхний ч залуу болж явдаг лам нарыг асман лам гэдэг. Түүн шиг эрх баригч ч биш, сөрөг хүчин ч биш, юу хийж яваа нь мэдэгдэхгүй Ардын намыг асман ламтай зүйрлэжээ.

Зургадугаар нүүрт ханиадны вирус бохир гараар хэрхэн дамждаг, ханиадыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэхээс гадна гэнэт ачаалалтай дасгал хийх нь эцэстээ зүрхний шигдээс үүсгэх аюултай байдаг талаарх эрүүл мэндийн сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллүүд багтлаа.

1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд буюу Ардчилсан хувьсгалын анхны цуглаан Ховд аймагт өрнөж байсан бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүйг дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.

Улс төрийн мэдээ мэдээллийн тавдугаар нүүрт УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь нийтэллээ. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын бие муудсан учраас өнгөрсөн баасан гаригийн шөнө Цагдан хорих 461 дүгээр ангиас П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Тэрээр зүрхний эмгэгтэй бөгөөд сар гаруйн хугацаанд цагдан хоригдохдоо биеийн байдал нь эрс муудсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг долдугаар нүүрнээс уншаарай.

Энэ мэтчилэн цаг үеийн мэдээллийг “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа нийтэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *