Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин П.Хаянхярваа: Гончигийн Бирваа багшийгаа хутганы ир шиг гялалзаж явахад нь үгийг нь сонссон азтай хүн дээ, би

Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ой энэ сард тохиож байна. Ингээд түүний ууган шавь Ардын жүжигчин хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуайтай ярилцлаа.

-Өнөө жил хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд зохиогдох вэ?

-Гончигийн Бирваа багшийн мэндэлсний 100 жилийн ойг энэ сард тэмдэглэх гэж байна. Манай соёл урлагийн байгууллагууд, түүнчлэн багшийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчид, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, шавь нар нь оролцон зохион байгуулж байна. Мөн багшийн маань бичсэн “90 жилийн дурсамж” нэртэй гурван боть бүтээл хэвлэгдэнэ. Хүндэтгэлийн концерт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн театрын музейд дэлгэгдэхээр болсон.

-Та Г.Бирваа гуайн ууган шавь нарын нэг. Хэзээнээс багш шавь бололцсон бэ?

-Би багшийнхаа тухай яривал дуусашгүй юм даа. Хэдэн ном гаргасан ч тэр сайхан хүний талаар яриад, дурсаад баршгүй биз. Г.Бирваа багшийгаа 1942 оноос хойш таньдаг, мэддэг байлаа. Харин 1949 оны арванхоёрдугаар сард албан ёсоор шавь нь болсон. Г.Бирваа багш Цэргийн дуу бүжгийн клубийн дэргэд хөгжмийн зохиолчдын курс байгуулан удирдаж, бидэнд гармоны үндсийг заасан. Би Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн салаанд байсан юм. Миний дарга Г.Таванцэрэг гэж нарийн бүрээч, их авьяаслаг хүн байлаа. Нэг өдөр намайг дуудаад “Чи гармон сурах уу” гэлээ. Би гармон гэхээр нь гармошик хөгжим юм болов уу гэж санаад зөвшөөрчихлөө. Тэр үед би 14 настай л байсан. Ингээд Г.Бирваа багшийн удирдлаган дор гармон сурч эхэллээ. Г.Бирваа багшийн гэргий нь “Та бүхэн хоёр долоо хоногийн дараа ардын дуу болоод бусад хөгжмийг найруулдаг болно. Цаашдаа хөгжмийн зохиолч болно” гэдэг юм байна. Би хэрсүү хүүхэд байсан л даа. Хэрэндээ ном, товхимол уншчихдаг. Тийм болохоор дотроо юм мэддэг хүмүүс байж ингэж ярьж байдаг. 14 хоногийн дотор хөгжим найруулж, бичиж сурна гэж юу байхав дээ. Би лав чадахгүй байх гэсэн юм бодож билээ.

Ингээд хичээл эхэллээ. Өдрийн найман цаг хичээллэж, маш шахуу хөтөлбөрөөр сурсан. Их ч даалгавар өгдөг байв. Тухайн үед насаар ахимаг Л.Дорж, Г.Лувсан гуай нар хамт хичээллэж байсан юм. Би хамгийн багадаа ордог байсан болохоор юм ч хэлж чадахгүй. Бусад хөгжмийн зохиолчид маань “Багш аа, та арай их даалгавар өгч байна. Бид гэрэл, чийдэнгүй болохоор лааны гэрэлд сууж хийгээд ч барахгүй юм” гэлээ. Гэтэл багш “Тийм их байна гэж үү. Чайковскид Аренский багш нь 1000 даалгавар өгдөг байсан юм гэнэ лээ. Тэгвэл та хэдэд 100 даалгавар өгье л дөө. Би та хэдэд юм сургах гэж байна.Түүнээс бэрхшээл учруулах гэсэн юм биш” гэж билээ. Ингэж л багшийнхаа их эрдмийн сангаас хүртэж, багш шавь болсон минь энэ.

-Хэр хатуу, чанга багш байв?

-Багш минь зарчимч, хүнийг сургаж, хүмүүжүүлж, шаардлагаа тодорхой тавьдаг. Мэдлэг боловсролтой хүн байсан. Аливаад нягт нямбай хүн байсан учраас бид ч богино хугацаанд амжилтад хүрсэн. Багш минь олон зүйл нуршдаггүй, дуу цөөтэй. Ярих юмаа л ярина. Хараал хэлдэггүй. Маш сайхан дөлгөөн хүн байлаа. Харин хөгжим ярих, суртчилахдаа бол баялаг сайхан үгтэй, ойлгомжтойгоор илэрхийлдэг. Ард түмэнд хөгжмийн урлагийн энгийнээс нь эхлээд нарийн ширийнд нь хүртэл нь ойлгуулж чаддаг. Хөгжмийн лекцэнд нь суусан хүмүүс “Би хөгжмийг тоодоггүй байсан. Г.Бирваа гуайн лекцэнд суугаад хөгжмийг сонсдог, ойлгодог, дуртай болсон. Их сайхан ярьдаг хүн шүү” гэхийг олон сонссон. Багш ямар ч хүнд хэцүү үед нугарч, хугардаггүй. Мэргэжлийн ажилдаа чин сэтгэлээ зориулж, их хөдөлмөрлөдөг, үлгэр жишээ хүн байсан.

Бид Г.Бирваа багштайгаа хэр чинээгээрээ холбоотой байлаа. Нэгэн дурсамжийг сөхье. Офицерийн сургуульд байхад 1950 оны есдүгээр сард нарийн бүрээч Намдагийн Дашцэрэн, Балдан бид гурвыг багш дуудлаа. Өрөөнд нь яваад ортол “Та гурвыг тасгийн даргаар томиллоо. Чадах уу” л гэж байна. Бид гурав ч дарга болох нь гэж хөөрөөд “Чадна аа” л гээд нэгэн дуугаар хэлсэн. Сүүлд нь амархан ажил биш байсныг мэдсэн. Тасаг цэргийг хүмүүжүүлэх, үлгэр жишээ байх том хариуцлага ирж байгааг нас бага учир ойлгоогүй. Бид гуравт бүх зүйлийг зааж, анхааралтай хянаж, чиглүүлж байлаа. Бидний хувьд хүнтэй харьцах, удирдан залах, сурган хүмүүжүүлэгч байх анхны алхмаа мөн л Г.Бирваа багшаараа заалгасан түүхтэй. Бид гурав багшийнхаа буянд хөгжмийн чиглэлээрээ, амьдралдаа ч тэр сайн явцгаасан. Энэ бол багшийн л ач буян. Багш минь биднийг хүн болгосон.

-Г.Бирваа гуай Баянхонгор нутгийнх. Аав нь их сайхан дуулдаг хүн байсан гэл үү?

-Багш маань уул нь Баянхонгор аймгийн Баянговь сумын уугуул. Харин Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум руу өргүүлсэн юм билээ. Өргөж авсан хүн нь “Гайхамшигт” хэмээх алдарт дуучин Гончиг гэж хүн байсан гэдэг. Аавынхаа дуулахыг сонсож өссөн болохоор магадгүй дуу хуурт дуртай, мэдрэмжтэй болж өссөн байх л даа. Ингээд мал аж ахуй эрхлэн амьдарч байгаад цэргийн албанд татагдаж Тамсагбулагийн зургадугаар дивизийн хөгжмийн салаанд хуваарилагдсанаар ирээдүйн урлагийн зам нь эхэлсэн юм билээ. Тэрээр цэргийн жагсаалын бүрээчээс ангийн хөгжмийн дарга болтлоо дэвшин ажилласан. Дараа нь 1945-1948 онд Москвад хөгжмийн дарга нарын сургуульд суралцсан юм. Тэгээд багш маань Ардын цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн анхны дарга, удирдаач болсон. Энэ үеэс хойш багшийнхаа удирдлаган дор ажиллаж эхэлсэн юм.

1951 онд Улс хувьсгалын 30 жилийн ойг өндөр хэмжээнд тэмдэглэсэн юм. Анх удаа тэр үеийн социалист орнуудын төрийн удирдлага, томоохон зочид ирсэн. Бирваа багш хүндэт харуулын хөгжмийг даргалж, зочдыг хүлээж авч байлаа. Энэ мэтчилэн маш сайн ажилласан даа. Гэтэл багш минь хилс хэргээр хоёр жил гаруй хугацаанд хоригдсон юм. Дараа нь үндэслэлгүй хорьсон гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нь барагдуулсан л даа. Багшийн хичээл зүтгэл өнөөдрийг хүртэл үр дүнгээ өгсөөр байгааг та бүхэн мэднэ байх.

Ардын цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Элдэв-Очир” кино театр, Хүүхэлдэйн театр, Улсын симфони найрал хөгжимд удирдаач, хөгжмийн багш, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар 1984 онд тэтгэвэрт гартлаа ажилласан. Хүүхэлдэйн театр, Монголын хөгжмийн зохиолчдын холбоог хөл дээр нь босгосон ачтан. Багш минь төрөлхийн ундармал авьяастай хүн байсан. Хөгжим бол гагцхүү авьяасаар л сурдаг, зохиодог зүйл шүү дээ.

-“Зандан шоо”, “Нийслэл хүү” киноны дуу гээд сонсогчдын сэтгэлд шингэсэн олон сайхан бүтээлүүд нь байдаг?

-Г.Бирваа багш маань 1940 онд “Залуучуудын марш” хэмээх аялгуу бичиж эхэлснээс хойш уран бүтээлийн ажилдаа эрчимтэй орсон. “Эрдэнэ тээлийн унага”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд” драм, “Их хурим” дуурь, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, “Баянбулагийнхан”, “Нэг ангийн хоёр” кино, “Маань хөгжөөх дуу”, “Дамдинчойжилын дорам” хэмээх симфони найраглал гэх мэт олон арван бүтээл туурвисан. Мөн “Хөдөө тийш”, “Зандан шоо”, “Хонгор нутаг” дуунуудаараа түүвэр ном хэвлүүлжээ. Нийтийн дуу, бүжгийн хөгжим ч бичсэн. Багш минь “Зандан шоо”, “Гоёхон чимэг юм уу даа”, “Намрын шөнө” нийтийн дуу, “Улаан дарцаг” киноны хөгжим, эрдүү хийлд зориулсан “Уянгын дуу” хэмээх концертын аяз зэрэг бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн юм шүү дээ. Шилдэг дуунуудынх нь эмхэтгэл “Хөдөө тийш” 1966 онд хэвлэгдэж байлаа. 1981 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар болон одон, медалиудаар шагнагдсан. Хүүхэлдэйн 18 жүжгийн хөгжим бичсэн юм. Уул шугамандаа цэргийн удирдаач хүн шүү дээ. Гэтэл ийм нарийн мэргэжил рүү түргэн хөрвөж чадсан. Мөн 18 уран сайхны, 13 баримтат киноны хөгжим бичсэн. Улсын симфони найрал хөгжим, Улсын циркийн хөгжмийн удирдаачаар ажилласан гээд хийж бүтээсэн зүйлийг нь дурдаад баршгүй. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн үнэхээр сайхан дуунууд туурвисан даа. Аргагүй л авьяас билиг гэж түүнийг л хэлэх байх.

-1939 онд Халхын голын байлдаанд явж байсан гэдэг. Дайнд явж байх үеийнхээ тухай танд ярьдаг байв уу?

-Халх голын байлдаанаас гадна 1944 онд баруун хязгаарт болсон зэвсэгт тулгаралтад мөн 1945 онд чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм шүү дээ. Халх голын байлдаанд явж байх үеийнхээ тухай нэг удаа дурссан. Халх голын байлдаан болж байх үед Японы онгоцыг манайхан унагачихаж. Тэр онгоц унасан хэсэгт Г.Бирваа багшийн алба хааж байсан ангийнхан очиж л дээ. Гэтэл тэр онгоцноос нэг залуухан нисгэгч амьд үлджээ. Монголын цэргүүдийг очиход онгоцныхоо далавчин дээр толгойгоо бариад доошоо хараад сууж байжээ. Цэргүүд ч бүсэлсэн байна. Өнөөх цэрэг чинь босож ирээд хувцсаа янзалж ёсолчихоод, уйлаад цэргүүд рүү хэд алхаж гэнэ. Цэргүүд яах гэж байгаа юм бол гэж их гайхаж. Гэтэл гар буу гаргаж ирээд өөрийгөө буудчихсан гэдэг. Тэр үнэхээр л өргөсөн тангарагтаа үнэнч жинхэнэ цэрэг хүн байсан даа гэж багш минь их бахархаж ярьдаг байсан. Багш минь хүний сайн сайхныг магтаж, болж бүтэхгүйг нь засаж чаддаг байлаа. Олон сайхан шавьтай байсан. Ууган шавь нараас нь энх тунх байгаа нь хуруу дарам цөөн үлджээ. Би багшийгаа хутганы ир шиг гялалзаж явахад нь үгийг нь сонсож явсан азтай хүн шүү. Г.Бирваа багшийнхаа 100 жилийн ойгоор амьд, мэнд яваадаа их л бахархаж байна даа.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *