Categories
мэдээ спорт

Ардын багш Ч.Дамдиншарав: 52 жилийн өмнө энэ өдөр Монгол хүн анх удаа олимпиос медаль хүртсэн юм

Монгол хүн Олимпийн наадмаас медаль хүртсэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав 1968 онд Мехико хотноо зохиогдсон зуны ХlХ олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр монголчууд олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан юм. Монгол хүн Олимпиос анх медаль хүртсэн өдрийг тохиолдуулан Ардын багш Ч.Дамдиншаравын сэтгэгдлийг сонслоо.

-Монголчууд олимпийн наадмаас анхны медалиа авсан өдрийн мэндийг хүргэе?

– Одоо ч түүхэн үйл явдал болж дээ. Одоогоос 52 жил өнгөрсөн байна. Эргээд харахад бидний үеийнхний тал нь хорвоогийн мөнх бусыг үзэж дээ. Тэр олимпод очиж байсан хүмүүсээс Сэрээтэр, Баянмөнх бид гурав л үлдсэн байна. Дурсан санахад сайхан байна. Манай монголчууд олимп гэхээр өнөө үеийнх шиг оргилуун сайхан сэтгэлээрээ ойлгодоггүй байсан юм шиг байгаа юм. Олимпоос медаль авсан Артаг гэхэд л 1990 онд ардчиллын буянаар гавьяат болсон. Би 1971 онд гавьяат цол хүртэж байсан юм. Ер нь аль ч салбарт урам зориг өгнө гэдэг цаашид амжилт гаргахад дөхөм болдог. Хэрвээ 1968 онд бидэнд гавьяат өгсөн бол 10 килограмм жин хасаад дахиад медаль авахын төлөө зүтгэх л байсан. Одоогийнх шиг гавьяат цол, орон сууц тийм зүйл байхгүй 3000 мянган төгрөг, Хөдөлмөрийн хүндэт медаль өгч байсан үе. Нийгэм л тийм байсан. Одоо нийгэмдээ гомдоод ч яахав.

1968 оны Мехикогийн олимпийн нээлт.

Ч.Дамдиншарав

Олимпийн наадмын барилдааны үеэр

Олимп гэдэг хүн төрөлхтөнд ямар ач холбогдолтой үйл явдал байдаг талаар та олимпийн медальтны хувьд ярих зүйл их байгаа биз?

-Дэлхийн хүн төрөлхтөн 1896 оноос эхлэн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж ирсэн. Ганцхан барилдахаас гадна гүйнэ, харайна, шиднэ, ноцолдоно гээд дөрвөн жилд нэг удаа хувь хүний чадвар, чансаагаа сорьж эх орныхоо төлөө хүчээ үздэг байсан юм. Аль ч улс оронд иймэрхүү жишгээр явна.

-Та хүрэл медалийн төлөөх барилдаанд аль улсын тамирчинтай барилдаж байв?

-Тэр их сонин үйл явдал болж байсан юм. Би чинь долоон тойрог барилдаад л хүрэл медаль авч байлаа. Гэхдээ гуравдугаар тойрогтоо оноо илүү явж байтал барилдааныг шууд зогсоогоод намайг ялагдсан гэж үзээд барилдуулахгүй Италийн бөхөд ялалт өгч билээ. Би чинь дэвжээнээс уйлаад л бууж байлаа. Монголын багийн ахлах, төлөөлөгчид, дасгалжуулагчид очоод ч нэмэр болоогүй. Тэр үед цэвэр ялагдал автоматаар авчихаад дараа нь цэвэр ялахгүй л юм бол ялагдах байсан юм. Ингээд Унгар, Германы бөхчүүдийг цэвэр ялаад гурвуулаа үлдэж байсан. Америкийн дэлхийн аварга Сандерс гэдэг бөхтэй тэнцээд арван минутын зайтай дахин Японы бөхтэй таарсан. Тухайн үед дөрав хоног барилддаг байсан юм. Өглөө болгон жингээ үзүүлнэ. Одоогийн барилдааныг бодвол их л чанга дэг журамтай байсан юм уу даа. Ингээд түүхэн сайхан өдрийн мэндийг тамирчдадаа хүргээд манай чөлөөт бөхийн тамирчид Токиогийн олимпиос алтан медаль авах болтугай хэмээн ахмад үеэ төлөөлөн ерөөе.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *