Ер нь Монголын төрд МАН сандал суудалгүй үлдэж байсан түүхгүй. Монголын ард түмэн тэдэнд их, бага хэмжээгээр мөнхөд төр дэх хоолыг нь бэлдэж ирсэн. Сүүлийн хоёр сонгуулиар гэхэд л тэд үнэмлэхүй олонх болчихоод өөрсдийгөө ард түмний төлөөлөл гэдгээ мартчихсан эрх мэдэлдээ бялуураад сууж байна. МАН-ын иргэдэд өгсөн амлалтууд таг мартагдаж зөвхөн цаасан дээр л үлдэж, харин монголчууд нэг намын тогтолцоотой болох шахтлаа тэдний аясаар амьдарч байна. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал нь тартагтаа тулчихсан, төгрөгийн ханш шалан дээр уначихсан, юмны үнэ тэнгэрт хадчихсан энэ цаг үед бидэнд ирэх сонгууль нэн чухал. Яагаад гэвэл улс төрд ард түмний төлөө зүтгэх амьдарал ахуйг сайжруулах улс төрийн хүчнийг сонгож гаргах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс энэ улс төрийн хүчин аль нам байх вэ, тэр хүчин яг юу хийвэл ялах вэ хэмээн тухайн намд ч, Монголын нийгэмд ч хожоотой саналыг манай сонин дэвшүүлж буй. Энэ хүчин нь яаж ч муу хэлсэн Ардчилсан нам байх болно. Өөр нам хүчин зүгээр л балчирдана. Тиймээс л “Ардчилсан нам юу хийвэл ялах вэ” хэмээн өмнөх дугаартаа нийтэлсэн. Энэ удаад дахин сануулъя.
Ардчилсан намын иргэдэд өгөх амлалт маш тодорхой. Хачин сайхан зүйл амлах бус бодит хөрсөн дээрх асуудлыг хөндөхөд л болох юм. Тухайлбал, нэгдүгээрт, тэтгэврийг үнэн зөвөөр нэмэх. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгох. Гуравдугаарт, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох. Дөрөвдүгээрт, англи хэлийг бага ангиас нь орохоор хуульчлах. Тавдугаарт, орлогын албан татварыг 10 хувь болгох. Зургадугаарт, 1.5 тэрбумаас дээш сарын орлоготой иргэдийн татварыг 40 хувь болгох. Долдугаарт, Эрдэнэт, Хөтөлийн цемент шохой, Эрдэнэс Таван толгой, төмрийн үйлдвэр зэрэг төрийн өмчийн томоохон компаниудад үе шаттайгаар олон нийтийн болгох. Ингэхдээ нийт хувьцааны 30-аас доошгүй хувийг олон нийтийн хяналтад оруулж хувьчлах. Мөн цахилгаан станцуудын 30 хүртэлх хувийг ард түмэнд хувьцаагаар эзэмшүүлэх. Түүнчлэн банкуудыг тав бус 20 хувь хүртэл хувьцаа гаргах. Тавдугаар цахилгаан станц барих, атомын цахилгаан станцтай болох гэх зэрэг. Ингэж эдийн засгаа либералчилж хувийн хэвшлээ дэмжвэл элдэв янзын хулгай луйвар цэгцэрнэ. Шударга ёс, засаглал ч бий болно. Тиймээс ийм амлалтуудыг Ардчилсан нам олон нийтэд өгч, түүнийгээ бодит ажил хэрэг болгочихвол баараггүй ялна. Амласан амлалтаа ажил хэрэг болгох эсэхийг ард түмэн нүд цавчилгүй хянаж байдаг гэдгийг тэд мэднэ. Цаг өөр болж ард түмний хяналт хүчтэй болсон энэ үед хулгай хийнэ гэж хэн ч тэнэгтэхгүй нь мэдээж.