Монгол гэрийн талаар бид бүхэн бүхий л үеийн турш магтаж сайшаасаар ирсэн. Монголчууд бид бүхэн бүгд шахуу монгол гэрт төрж өссөн. Хүүхэд насны аль л сайн сайхан дурсамж бүхэн монгол гэртэй холбоотой. Өглөө сэрээд тооноор цацрах нарны алтан цацрагийг нойрмог нүдээрээ ширтэн, раажваар хангинах өглөөний мэндийн цоглог аялгууг сонсож байсан нь одоо ч санаанд минь тодхон байна.
Ээж цайгаа самран, аав зуухны хүхээнд дээлээ нөмрөн сууж трубикээ тог тог цохин, улаан тамхи, дугуй булант, цайны үнэр холилдон ханхийж байдагсан. Гадаа болжмор жиргэн, төвөр төвөр ярилцах аав ээжийн хоолой бүүвэйлэх мэт намуухан дуулдсаар дахиад л унтчихаа алддагсан. Өвөлдөө дааруулаагүй, зундаа халууцуулаагүй, нүүгээд явахад хөнгөхөн, барилгын дизайны төгс шийдэлтэй гэх зэргээр гадаад дотоодгүй амаа ололгүй гэрээ магтаж ирсэн.
За яахав, муулахдаа хүрэхлээр ээж аавын асуудал буюу том хүний явдал хүүхдүүдийн нүдэнд ил байдаг “пээ паа” гэхсхийгээд л дуусдаг. Яс юман дээр тэр ч бас хүнд байдаг л зүйл шүү дээ. Хүүхэд бага байхдаа учрыг нь мэддэггүй, том болохлоор гэр бүл гэж ийм юм байдаг гэдгийг л сургуулилаад байгаа хэрэг шүү дээ. Түүнээс цааш нэг их зүйл байхгүй байсаар энэ зууныг хүргэлээ.
Гэвч орчин үед эсгий гэр шиг аюул осолтой оромж байхгүй болжээ. Гэрт байгаа хүмүүсийг дурын хүн нь галдан шатааж аль эсвэл хоолойг нь хэрчин хүйс тэмтэрдэг боллоо. Энэ өвлийн Баянхошуун дахь гэр бүлээр нь шатаасан хэргийг бид бүхэн санаж байгаа. Эхнэртэйгээ муудсан хүргэн хүү хадмуудаа эхнэр хүүхэдтэй нь хорин литр бензин барьж очоод шатаачихсан. Хаалгыг нь хэмх татаж онгойлгоод л канистартай бензинээ цацаж байгаад гал тавьчихсан гэдэг. Өөрөө хаалган дээр нь зогсоод хэнийг ч гаргахгүй байсан гэж байгаа.
Хаалганаас өөр гарах гарц байхгүй. Хаяаг нь шороогоор манаад хөлдөөчихсөн, хана нь сараалжин модтой, түүнийг нь хөрөөдөөд гарахаар сэтгэсэн ч гарч амжихгүй. Яагаад гэвэл гэр гэдэг оромж хув хуурай мод, хув хуурай эсгий, хув хуурай даавуунаас бүтдэг. Тийм учраас таван минутад шатаад дуусдаг. Харанхуй утаан дотор хаалга руугаа тэмтчиж очоод дэмий л “авраарай” гэж орилоод угаартаж үхээд дуусдаг юм гэсэн. Мөн олны сэтгэлийг хэрдхийлгэсэн аюумшигт хэрэг болох Дарханы хядлагыг хар. Гэрийн хаалгыг нь хэмхэлж ороод л хэдэн гэмгүй нялх үрсийг минь хүйс тэмтрээд хаячихсан байна.
Гэрээс арай өөр оромжинд байсан бол тэгж чадахгүй. Хотын гуравдугаар хорооллын бичилд байгаа айлыг шөнө унтаж байхад нь хаалгыг нь хэмх татаж чадах уу. Тусгай тоног төхөөрөмж л хэрэглэж байж онгойлгож болох юм. Хүүхэд гүйж очоод гэнэдээд тайлчихдаггүй л юм бол хэн дуртай нь гэрт ороод байхгүй. Ялангуяа шөнө бол хэнийг ч оруулахгүй байх бүрэн боломжтой.
Харин гэрийг бол хэн дуртай хүн хаалгыг нь хэмхэлж чадна. Мөн шууд гаднаас нь шатаагаад хаячихаж болно.
Хүмүүс ч айхтар долгион цолгион болсон юм байгаа. Тэгж ч өс хонзон авна, ингэж ч өс хонзон авч байгаа нь энэ гэсэн үзэл суртал нэвт болчихсон юм байгаа. Ялангуяа солонгос кинон дээр нэг бол хайр дурлал, нөгөө бол өс хонзон хөөцөлдөж буй хүмүүс өдөр шөнөгүй гараад байхлаар арга ч үгүй юм байгаа. Нэг жаахан үг сөрөөд л савтай бензин бариад шөнө гэрийн гадаа зогсож байдаг болж. Үгүй бол тасартлаа ууж согтуурсан солиотой монгол хутга сүхээр зэвсэглээд л хаалгыг нь хэмхэлж ороод унтаж байгаа хүмүүсийг хядаж байна.
Гэр бол ямар ч хаалт хамгаалалт болж чадахгүй боллоо гэдгийг бид бүгд харж байгаа ч арга хэмжээ авахгүй юм. Зүй нь суурин хот оронд эсгий гэрт амьдрахыг хоригломоор байна. Ядахдаа харуул хамгаалалтгүй байвал гэрт амьдрахыг хорих хэрэгтэй. Саяын Дархан хотын хэрэгт хороо хорины дарга, хорооны цагдаа, хот дүүргийн дарга цагдаа хэн нь ч хариуцлага хүлээхгүй. Хүлээх ч хуулийн заалт байхгүй.
Уул нь иргэдээ амгалан тайван байлгах үүрэгтэй төр засаг, түүний түшмэдүүд байдаг л даа. Даанч бид ингэж бодож, ингэж ажлаа зохион байгуулж сураагүй нь харамсмаар байдаг.
Тэгвэл хотын захын гэр хороолол ямар байдаг билээ. Тэнд шөнө ямар ч эзэнгүй хонодог. Тэнд харуул хамгаалалт, эргүүл цагдаа гэж бараг байдаггүй. Нэг банзан хашаа, гурван давхар эсгийгээр боолгоод л унтаж байдаг. Хэн дуртай нь тэр гэрт унтаж байгаа хүмүүс рүү довтлоход юу дуртайгаа хийж болохоор оромж юм. Юун “Миний гэр миний цайз”. Зүгээр л эсгий “авс” гэсэн үг.
Гэрт ороод хүмүүсийг орилуулаад алж байхад харин ч дуу чимээ гадагш нь гаргадаггүйгээрээ онцлогтой юм шиг. Яагаад гэвэл энэ аймшигтай аллага хүчирхийллийг хажууд байсан айл нь сонсоогүй мэдээгүй байдаг.
Хуучин зан заншил, шашин шүтлэг, монгол хүмүүсийн уужуу тайван байдал л одоо хүртэл гэрийг орон сууц хэмээн харагдуулсаар ирлээ. Түүнээс айхтар догшин шашинтай, уур унтуутай хүмүүсийн дунд бол эсгий гэр аль хэзээний гээгдэж хаягдсан байх учиртай. Амь хамгаалахгүй энэ оромжинд хүмүүс яах гэж амьдрах билээ. Өдөр шашин шүтлэгт нь харшлаад байсан хүмүүс шөнө ямар ч харуул хамгаалалтгүй эсгий гэрт унтаж хэвтэж байхад сүйд хийгээд дуусах байлгүй.
Тэгвэл яагаад бид эсгий гэрт амьдарсаар ирсэн юм бэ. Хөдөө мал дагаад нүүж суухад тохиромжтой, хүн ам цөөнтэй тийм газар болж байсан. Хэн хаана явж байгааг бүгд мэдэж байдаг, өчигдөр тийм морьтой тийм хүн тэнд байсан гэдгийг хүн болгон харж байдаг болохлоор бие биендээ дайсагнах нь ховор байжээ. Айхтар цэрэг цуух цуглуулаад дайн дажин үүссэн тохиолдолд л ганц нэг удаа гэр орноор нь сүйтгэх хэрэг гардаг байсан биз. Гадна дотнын цэрэглэсэн хүмүүсийг андахгүй мэдэж дайн тулааны хөлөөс дайжихад амар байсан байх. Тэгээд ч дайн дажны үед харуул хамгаалалт сайн байсан байлгүй яав л гэж. Хөдөө хээр байгаа ганц гэрт хүн амьтан дөхөж очихлоор нохой гэж нэг сайхан амьтан байдаг гэх зэргээр хуучин амьдарч болоод байсан.
Гэртээ ороод хаалгаа түгжээд суучихад хэн дуртай нь гэрийг нь хэмхчээд ороод ирдэггүй байсан. Тэгвэл хэн хийсэн, юу болсныг бүгд мэдэх хойно нөгөө хүн дараа нь яаж амьдрах билээ. Хөршгүй ганц гэрээрээ байсан ч хэд хоногийн дараа хэн нэг нь мэдэж л таарна. Тэгээд хэн хаагуур явж байсныг бүгд гадаа байж байдаг хүмүүс хойно мэдэж л таарна шүү дээ. Тэгэхлээр гэрээсээ илүү хүмүүсийн ёс суртахуун нь хаалт цайз болж байсан болов уу.
Одоо бол хэн гэдэг хүн хаагуур согтуу толгойлоод яваад байгааг энэ олон хүн дотроос олж ялгаж чадахаа байсан.
Нөгөө нүүдэлчний мөрдөж ирсэн ёс заншил таарахаа больж эхэллээ. Олон хүнтэй хүмүүсийн дунд нүүдэлчнээс шал өөр суурин амьдралын ёс суртахуун үйлчилж эхэлдэг. Яг энэ суурин газрын ёс заншилд манай өвөг дээдсээс хэрэглэсээр ирсэн эсгий гэр тохирохоо больж эхэлж байна.
Суурин амьдралд бат бөх ханатай, харуул хамгаалалт, галын дохиолол
зэрэгтэй орон сууц хэрэг болдгийг иргэншсэн нийгэм харуулдаг. Харин гурван давхар
эсгийгээр бүрсэн, дөрвөн залуу өлхөн өргөөд шидчих гэр бол суурин газар хүн амьдрахад
үнэхээр хоцрогдсон оромж болсон байна.
Categories