Categories
редакцийн-нийтлэл

Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй

Эх хэлбичгийн чуулган эхлэх өглөөний наран урьд урьдынхаас илүүтэйгээр тийм нэг гоёмсгоор мандав шүү. Идэрийнхнийг нөмөр­лөн орших бидэрт халиун уулсын тэргүүн дээрээс энгэр бэл рүү нарны туяа нэвчин урсах нь тэр ээ. Нэг мэдэх нь сумын төвийг гэгээ гэрэлдээ булхуулж, үүр цүүрээр л сургуулийн гадаа цугласан хүүхэд багачуудын алиман хацар улмаа туяараад ирэх ажгуу. Уул нь бол нар манддагаараа л мандаж, орчин тойрноо гэрэлтүүлдгээрээ л гэрэлтүүлж байгаа. Энэ өглөөний наранд илүү нэг ч цацраг байхгүй. Харин эх хэлнийхээ баярт алсаас зорин ирсэн олны хүсэл тэмүүлэл, хөөр баяр, нарны туяатай сүлэлдэн зангилагдсан учир хүн бүрт арай л тунгалгаар мэдрэгдсэнийх биз ээ. Арваннэг дэх жилдээ болж буй чуулганд Алтайнхан Дарвийн ну­руу­гаа даваад ирчихэж. Лутын Лхагжав багшийн нэрэмжит эх хэлбичгийн баяр анх зохиогдохдоо зөвхөн Идэр сумынхаа хүрээнд болдог байсан гэх. Дараа жилээс нь зэргэлдээ сумын “морьд” шанд­саа сорьж эхэлсэн бол өнөө жил Завхан аймгийн сумдаас гадна Говь-Алтай, Хөвсгөл, Эрдэнэтийн багш сурагчид дөрөө мулталлаа. Увс аймгийн наад талын сумдаас ч мэдүүлэг юугаа өгсөн дуулдана. Тэгэхээр яалт ч үгүй баруун бүсийн даншиг болох нь тодорхой шүү.

Газар газрын шигшмэл хурдууд цуглачихсан наадмын өглөө ямар байдаг билээ дээ. Бие сэтгэл өөрийн эрхгүй хөвсөлзөөд л ирдэг сэн. Түүн лүгээ адил Идэрийн сургуулийн дан цагаан байшин­гийн гадаа сургууль сургуулиараа, сум сумаараа, аймаг аймгаараа ялгарсан олон эх хэлбичиг, түүх соёлынхоо төлөө далай их сэтгэ­лээр найрсан нэгдсэн нь энэ. Зав­хан аймгийн Улиастай хотын “Жавх­лант” цогцолбор сургуулийн багш Лайханжавын Батцэцэг эрд­мийн баярыг нээлээ. Эл даруухан бүсгүй өнгөрсөн жилийн аварга юм. Тодруулбал, түрүү жил мэргэж­лийн багш нарын уралдаанд маг­най­даа тоосгүй ирж Лхамсүрэн­гийн Төрбаяр захирлаас нэг сая төгрөг, алтан цом, мөн нэг сая төгрөгөөр бүтсэн “багш дор мөр­гөмү” хэмээх цул эрдэнийн тэмд­гийг нүдэндээ нулимстай гардан авч байсан нэгэн. Яруу найргийн хамгийн том баяр “Болор цом”-ыг өмнөх жилийнх нь түрүү найрагч, эгшиглэнт Янжинлхамын эзэн нээдэг. Ийм нэг нандин уламжлал Идэрийн голын хөвөөнд эх хэл­бич­гийн чуулганд давтагддаг байна. Номын авшиг шингэсэн баяр гэдэг цаанаа ихээхэн утга учиртай, ямар нэгэн эрх ашиг өвөрлөөгүй, сон­гууль энээ тэртэй бүр чиг холбоогүй нь сайхан юм. Түүнээс жилийн жилд гуч, дөчин сая төгрөг зараад багшийнхаа нэрэмжит наадмыг зо­хион явуулж буй “Лхагважав сан”-гийн тэргүүн эхлүүлж болох шүү дээ.

Идэр бол билэг оюун, хүч чад­лын аль ч гаргалгаанаас харсан идэрхэн хөвүүд төрдөг тэнгэрээс тэтгэгдсэн газар ус гэдэг нь хэнбу­гайд ч анзаарагдана. Монголын утга зохиолын сонгомол нэгэн туурвигч Пүрэвжавын Баярсай­ханы зохиол бүтээлийг уншаагүй хүн ховор. “Хөх туурийн тал”, “Анир гүм нутаг”, “Гэрэл гэгээг хүснэ”, “Гүн ертөнц”, “Сармагчин бол сармаг­чин” тэргүүт шилдэг бүтээлүүд нь цаг хугацаа алсрах тусам улам л үнэд орж байна. Эл эрхмийг Мон­голын топ таван зохиолчийн нэгээр Гун-Аажавын Аюурзана нэрлэсэн нь бий. Түүнийг төрийн шагнал авалгүй хорвоог орхисонд ихэд харамсдагаа ч нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгээд Ванчинбалын Инжин­наши, Дашдоржийн Нацаг­дорж, Сэнгийн Эрдэнэ нартай эн зэрэгцэх сонгомол зохиолч гэж олондоо зарласан. Утга зохиолын нэртэй шүүмжлэгчид, ялангуяа Дашлхүмбийн Галбаатар доктор тэр жил өндөр Баяраагаа Явуу­гийн­хаа хэлснээр “Цаст цагаан уул”-ыг эзэгнэлээ гэж бичээд зарим нэгнийх нь дургүйг хүргэж байсан удаатай. Гурав, дөрвөн жилийн өмнө байна уу даа, төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов “Лхаг­важав сан”-гийн урилгаар зохиолч нөхдийнхөө хамт Идэрт ирчихээд нэг их хайлган дурсам­жийг үлдээ­сэн түүхтэй.

Тэр нь өнөө л Пүрэвжавын Баярсайхантай холбоотой юм. “Баяраа бид хоёр Идэрийн гол руу хамт явна гэж удаа дараа ярьдаг байсан ч чадаагүй, үүлэн сүүдэр заагласан. Нөхрийн бие эзгүй ч сэтгэлийн гүнд надтай хамт ирлээ” гэж өгүүлээд хаврын тэр нэг орой “Дорнын цагаан сар”-аа одод чуулалдах үед дуулсан гэнэ лээ. Тэгэхдээ мань хүн сумдаас ирсэн залуухан багш бүсгүйчүүдтэй хөт­лөлцсөн шигээ, сарны саруулхан гэрэлд хундага харшуулсан байдаг.

Өндөр Баяраа зохиолчоос гадна Дамдинсүрэнгийн Алтан­гэрэл, Алтанхуяг гэж ах дүү хоёр бий. Өөрсдийгөө “Ялгасангийнхан” хэмээн тодотгодог байсан эл хоёр эрхмийг манайхан бүтээлээр нь мэднэ ээ. Алтангэрэл агсан Анг­лийн Лийдсын Их сургуульд бо­ловс­рол эзэмшсэнийхээ дараа “Монгол ардын үлгэрүүд”, “Мон­голын орчин үеийн яруу найраг” бүтээлүүд болон “Учиртай гурван толгой” дуурийг англи хэл рүү хөрвүүлж олон улсын тавцанд Монголынхоо сод туурвилыг гарга­сан гавьяатан. Гэвч түүний энэхүү гавьяа цагийн шуурганд үнэлэг­дээгүй өнгөрчээ. Хэзээ нэг өдөр англи хэл моодонд орно, моод ч юу байхав, бид бүхний аминд орно, дэлхий нийтийн хэрэгцээ болно гэдгийг Идэрийн хөвүүн ихээ эрт ухаарсан байна. Талхныхаа мөн­гийг яая гэж байх хүнд бэрх цагт ч тэр орчуулгаасаа, толь бичиг гарга­на гэх чиг шугамаасаа хазайсангүй. Ерөөс ахуй амьдралаа орхиж англи хэлний төлөө зүтгэсэн. Гэвч түүний хичээл зүтгэл өнгөрснийх нь дараа л биелсэн болов уу. Ерэн гурван онд Монголын анхны “Англи-монгол толь бичиг”-ийг зохиож, түүний дараагаар хичнээн боть гаргав. Хичнээн олон мянган залуус Алтангэрэлийн толийн буянаар зүг чигтэй болов. Одоо чиг Их сургуулийн багш нь ч, энгийн нэг оюутан нь ч түүний тольтой л зууралдаж байгаа. “Идэрийн голын хөвүүний зохиосон “Англи монгол толь бичиг” нь Монголын хэл шинж­лэлийн түүхэнд үзэгдэл болсон бүтээл юм” гэж мэргэн гүүш Готовын Аким дуу алдсаныг энд шигтгэе.

Дамдинсүрэн хувилгааны бас нэг чөмөгтэй хөвүүн нь Алтанхуяг найрагч. Мөнхүү орчуулагч. Л.Кэр­раллын “Алиса гайхамшигт оронд аялсан нь”, Э.Хэмингуэйн “Климан­жорагийн цас”, Ференц Каренти­гийн “Будепешттийн хавар” тэргүүт дэлхийн гайхалтай зохиолуудыг ард түмний оюун санд бэлэглэсэн. “Сэтгэлийн дуу”-гаас аваад яруу найргийн бүтээлүүдийг нь Миши­гийн Цэдэндорж найрагчаас улбаа­лаад олон хүн үнэлсэн нь бий дээ. Идэр бол ийм л мэргэдийн өлгий еэ.

Эх хэлбичгийн баярын үеэр уригдсан зочдыг Бөхөн шарын нурууны оройн салхинд адис­луулж, хийморь лундааг нь сэр­гээдэг бичигдээгүй хуультай. Бөхөн шарын нуруунаас долоон хошуу­ны нутаг харагддаг гэдэг. Тунын гол, Жаргалантын голыг хөндлөн огтолж, Идэрийн голын урдуур давхиулсаар нуруу өөдөө мацна. Бэлийнх нь салхинд илбүүлэхэд л бие сэтгэл ариусах шиг болдог нь гайхмаар. Сэтгэл санаа дагаад тэр болов уу. Гэхдээ Хамба номун хан өөрөө тахин, ид шидийн тарнийн увдисаа тэнд л гаргаж, тэнгэрээс ер бусын энерги оюун бодолд нь хуралдахыг мэдэрч, эгэл ардууд­тайгаа Бөхөн шарынхаа нуруун дээр морьдоо уралдуулж, бөхөө барилдуулж байсан түүхтэй шүү дээ. Үнэхээр эрийн хийморь сэргээ­сэн, номын буян хуралдуулсан ариун бумбын орон юм аа. Бавуу найрагчийн хэлснээр “…Салхи­наас нь тарнийн аялгуу сонсог­доод, нарнаас нь арцны үнэр сэнхийгээд нэг л сайхан даа”. Бөхөн шарын нуруу өөд өгсөж явахуйд халиурсан шаргал талд яргуй нүдлэн цэнхэртжээ. Бүр нэг дуу алдмаар сайхныг нь яана.

Яргуй нүдэлсэн яруухан цаг мөн дөө гэх бодох агшинд дүнэгэрхэн нурууны баруун урдаас нар зөв хурайлан давхиулсаар тэлмэгэр магнай дээр нь гараад ирлээ. Хадаг яндар, судар ном нь уулын оройн салхинд илбүүлэн цаад тэн­гэрийн­хээ өнгөтэй ууссан хоёр овоо, дундаа “Бөхөн шарын нуруу” хэ­мээх дуун хөшөөтэй гурвуул чанд­манилан ханайсаар өмнөөс угтав.

Машинаас буухуйд тэнгэрт ойртчихсон мэт гэгээн бодол төрж, бүрх малгайгаа салхинд хийсгэн араас нь хөөцөлдөх үест газраас жингүйдэн буйгаа мэдэрсэн дээ. Монголынхоо нэгэн сайхан уулын оройн салхийг залгилж, хангайн нурууны дөрвөн зүгийн уудмыг хоёр нүднийхээ дуран авайгаар байтугай, сэтгэл зүрхнийхээ мөн чанараар нэвт харах хувь байж шүү. Ийн бодох ахуйд уярлынх ч байна уу, утгынх ч байна уу, ухаар­лынх ч байна уу, ямар ч л байсан хоёр нүдний нулимс сувдраад ирсэн дээ. Хоёр мянга долоон оны зуны эхэн сард Говь-Алтай айм­гийн Бигэр сумын нутгаар дайран өнгөрөхдөө тэр их аагим халуунд, хайлмагтсан мэт элсэн дээр сөхөрч суугаад Бурханбуудай хайрханд залбирснаа, гэв гэнэт хоёр нүдийг минь нулимс бүрхсэнд гайхсанаа мартдаггүй. Түүнээс хойш баруун Алтайн их уулсыг үзээд, Алтан-Овоонд сүслэн мөргөөд, газрын дундад диваажин Ханхөхийг зорин очихдоо нүдэндээ нулимс­тай явж билээ. Гэтэл Бөхөн шарын нуруун дээр өөрийн эрхгүй нэгэн цагийн бөглөө гардаг байна шүү. Манай­хан ярьдаг даа, энэ үрээний бөглөө одоо л нэг гарч байна гэж. Надад үнэндээ тийм байсан.

Ханайсан сайхан эрс зэргэл­дээх хоёр овоонд, мянган кило­мет­рийн цаанаас ачиж авчран кранаар буулгуулан байж цогц­лоосон дуун хөшөөний өмнө хэ­дэн­тээ сунан мөргөсөн. Бөхөн шардаа хүслээ шивнэсэн. Данзан­гийн Батжаргал гэх Идэрийн идэр­хэн арслан бүр чиг сүсэг бишрэлтэй байна. Их овооны өмнө маани хөгжөөн суугаа Ойдовын Бадмаа­дорж хувилгааны хажуу бөөрөнд завилаад суучихаж.

Тэрээр өнгөрсөн зуны наад­маар дөрөв давж начны даваанд Б.Ганбат арсланд унасан. Улсын цолонд тун ойр яваа нэгэн. Өнгөр­сөн жилийн наадамд Идэрийн галтайхан хоёр хүү начны даваанд нэрээ дуудуулсан нь Ширбазарын Жаргалсайхан, Данзангийн Бат­жар­гал нар. Жаргалсайхан нь уран барилдаант, идэр залуу хүчтэн Өлзийбатын Даваабаатар харца­гаар тав давж начин цолыг хүртэн олон жил хүлээсэн түмнийг баяр­луулсан. Гуч, дөчөөд оны үед Идэрийн хүчтэнүүд төрийн наа­дамд бахтай байлаа. “Хамбын бор” хэмээн дуудуулж энэ л Бөхөн шарын нуруунаас бөхийн гараагаа эхэлсэн “Урт гарт” Маамын Лхагва арслан аваад олон хүчтэнүүд бий.

Хөвсгөл аймгийн Боловсролын хэлтсийн дарга Н.Баатар-Очир идэрхэн багш нараа дагуулаад ихэд сүсэг бишрэлтэй иржээ. Тэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул нэгэн юм байна. Нутгийнхаа зүг хараа сунгаж, тэртээд цэнхэрлэх уулсаа харж зогсоно. Ер нь олон хүн өөрийнхөө уулсыг эндээс олж харсан. Сал­хинд алгадуулан, дотоод эрчим хүчээ ер бусаар хуралдуулан зог­сох үед баруун урд зүгт, тэртээд тэн­гэрт цайлалзан Отгонтэнгэрийн бараа харагдлаа. Үгүй ээ, мөн сай­хан аа. Хангайн нурууны ноён оргил цаст Очирваань хайрханаа Бөхөн шарын нуруун дээрээс толь­доно гэдэг. Өөрөө хүч хөдөл­мөр гаргаж, төсөв санхүүг нь дааж, Хамба гэгээнийхээ сүншигтэй энэ л ариун дагшин газар дуун суварга бос­гон Идэрийн хөвүүн Л.Төрбаяр гэрэлт хөшөөний өмнө бахдал­тайхан сууна аа. Тэрээр Цогдор­жийн Бавуудорж, Тогтохын Сэр-Од хэмээх авьяас билэгт эрхэм хоёр дүүгээ дэргэдээ суулгачихаад мөн чиг долгилонгуй байна. “Бөхөн шарын нуруу” дээрх хоёр авьяас билэгт­ний бүтээл гэдгийг манайхан мэдэх билээ. “Морин хуур” наад­мын тэргүүн дуугаар тодорсныг ч мэднэ. Төрт ёсны баяраар уг дуу эгшиглэхүйд нэг л гэгээн бодол төрдөг нь юуных бол оо. Нүд­нийхээ мананг арилгаж, сэтгэлийн ариуслыг дээд зэргээр мэдэрчи­хээд Бөхөн шарын нуруунаас буусан даа.

Их уулсынхаа салхинд хийморь лундаагаа сэргээсэн харчуул су­мын төвийн улаан буланд ирж мэд­лэг боловсрол, авьяасаараа то­дор­сон багш сурагчдад шаг­налыг нь гардуулсан юм. Хамгийн гол шагнал болох мэргэжлийн багш нарын төрөлд тэргүүн байрыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын багш О.Сүнжидмаа тодров. Тэрээр улсын уралдаанд мөн тэргүүлжээ. Аварга бол аваргаараа л байдаг ажээ. Түүнийг шалгаруулж буй эрхэм докторуудын үнэлгээ мөн ижил байдаг ажээ. Сүнжидмаа багшид нэг сая төгрөг, алтан цом, “Багш дор мөргөмү” хэмээх цул эрдэнийн тэмдгийг боловсролыг дэмжигч “Лхагважав сан”-гийн тэргүүн гардуулсан. Түүний ард Орхон аймгийн Бүрэнтогтохын Нямсүрэн, Хөвсгөлийн Галтын Алтангэрэлийн Цэрэнхүү нарын багш нар цулбуурдуулж, өндөр шагналын эзэд боллоо. Мэргэж­лийн багш нарын тэргүүн шаг­налын санг ирэх жилээс нэг сая бус арван саяд ч хүргэх бодол байна гэж Л.Төрбаяр захирал хэлэхүйд уухайлсан олны дуу, хөөр баяр улаан булангийн дээврийг зад татах дөхсөн шүү. Ийнхүү баяр бахдалаар халгиж, билэг оюунаар жигүүрлэн, номын гэгээ гэрэл, их уулсын сүр хүчинд алгадуулан хэдэн өдрийг Идэрийнхээ хөвөөнд өнгөрүүллээ. Салхи нь зуу зуун жилээр тарнийн шидийг оршоосон билэг төгөлдөр нутагт улирлын сайханд ирээд буцахуйд нас хэдэн жилээр уртсах хувийг олдог билээ л.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *