Монгол үндэстний томоохон баяруудын нэг болох сар шинийн баяр бүрэн хүчээрээ эхэлж байна. Одоо айлууд хэр хэмжээндээ ядуу нь ядуу гэхгүй, баян нь баян гэхгүй баярын бэлтгэлээ базаагаад дуусаж байгаа биз ээ. Нар хэнийг ч алагчлалгүй ээдэгтэй адил баяр хэнийг ч алагчлалгүй болж өнгөрдөг. Харин нарны туяаг хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг билээ. Үүн лүгээ адил энэ цагаан сарын баярыг ч мөн хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээн авч байна.
Сонин хэвлэл болон бусад мэдээллийн хэрэгслээр цагаан сарыг шүүмжилсэн нь ихэнх байгааг бид мэднэ. Гэвч цагаан сарыг магтан сайшаасан хүмүүс нь тэгж хэрэг болгож сонин телевиз рүү гүйхгүй л дээ. Үүнээс үүдэн хүн бүр үндэснийхээ баярт дургүй болчихсон мэт харагдаж байна.
Яг жинхэнэдээ үндэснийхээ баярыг үгүйсгэвэл үндэстнээ үгүйсгэсэнтэй адилхан хэрэг юм. Харин яагаад баярын үеэр шүүмжлэгчид гарч ирдэг нь тусдаа асуудал. Тэд зүгээр л нэг их мундаг хүмүүс болж нэр төрөө гаргаж хүмүүст танигдах гэсэн л өчүүхэн заль мэхээс өөр юу ч байхгүй, “Ууц тавьж муусайн малчдыг баяжуулаад яах юм. Ууцгүй цагаан сар хийцгээе” гээд уриалаад байсан нөхрийнд шинийн нэгэнд очвол тэрбээр хамгийн том ууцаар битүүлэг тавьчихсан сууж байгаад мөрийцөхөд ч би бэлэн байна.
Харин энэ баярыг шүүмжилмээр юм их байдаг нь үнэн. Зарим ёс заншил энээ тэрээ юм нь нүүдлийн соёл иргэншлээс уламжлагдаж ирсэн учир суурин амьдралд тохирдоггүй тал бий. Ялангуяа хот газрын залуучууд цагаан сар, наадмын үед хийх байх газраа олдоггүй. Өвөө эмээ нь хол байдаг ч юм уу өвөө эмээгүй, залуу аав ээжтэй хүүхэд залуучуудад бол наадам, цагаан сар хоёр шиг уйтгартай баяр байдаггүй.
Гэвч энэ ч гэсэн цаг зуурын л юм шүү дээ. Тэд нас тогтоод байргашаад ирэхээрээ хар аяндаа л цагаан сар, наадмаар баярлах гээд л зүхэх нь зүхээд, магтах нь магтаад л гүйлдээд эхэлнэ. Яагаад гэвэл энэ хоёр үндэсний баяр бол хүний хорвоод монгол үндэстэн болж төрсний төлбөр юм гэж би боддог. Та монгол л юм бол цагаан сараа, наадмаа яагаад хийхгүй байдаг билээ. Таныг тэгвэл хэн монгол гэж дэлхийн долоон тэрбум хүнээс таних юм бэ.
Америкчууд сүнсний баяраа хийхээрээ, хятадууд цагаан сараараа, оросууд улаан өндөгний баяраараа гээд үндэстэн бүр өвөрмөц ялгаатай. Тэдний тохитой том эрчүүл, баячуул, харчуул бүгд л үндэстнийхээ хувцас зүүсгэлийг зүүн сонин содон болчихоод гудамжиндаа гараад хүүхдээ дагуулан баярлаж байгаа харагддаг. Бразилчууд самба бүжгийн баяраа бараг хоёр долоо хоног хийж хаашаа л харна шалдан эмс, эрчүүд бөгсөө хаялан бүжиглэдэг. Хэн ч тэднийг муухай байна, наад бүжгээ болимоор юм гэх зэргээр шүүмжилдэггүй. Харин ч “Аа бразил хүн юм байна” гэж таних жишээтэй.
Тэгэхлээр бид үндэстнийхээ энэ хоёр том баяр цэнгүүнийг хийсэн шиг хийж, гайхуулсан шиг гайхуулдаг болмоор байгаа юм. Монголчуудыг дэлхийд таниулдаг наадам бол шулуухан хэлэхэд нүүдэлчдийн зэрлэг зугаа цэнгэл. Улаан шороо, халуун хуушуур, давсан бөхийн эр бярдаа аархсан аархал, оносон сумны цөс цалгиулсан уухай, түрүүлсэн морьдын халуун хөлс. Энэ бүгд зэрлэг цэнгэл биш гэж үү. Гэхдээ наадмыг ингэж хийхгүй бол өөр яаж хийх гэж. Наадам ийм байхдаа л наадам шүү дээ. Энэ бүгдийн аль нэгийг нь өөрчилчихвөл наадам наадам биш болчихно. Байдаг л нэг уралдаан тэмцээн болно. Хүмүүс бидний өмнөөс ичиж гүйхдээ тулсан, бидний өмнөөс айж сандарсан, “Тэнэг монголчуудаас өөр ингэх хүн байхгүй” гэж хэлүүлэхдээ тулсан байж л бидний наадам маань наадам болно шүү дээ. Морьдын хөлс хомоол, агь гангийн үнэртэй холилдож үнэртсэн тоосон дунд тосонд шарсан хонины махан хуушуураа идэж суугаа таныг л дэлхий “Аа энэ нүүдэлчин монгол байна” гэж таньдаг. Харин чи нэгэнт монгол болж төрсөн л юм бол юундаа ичдэг юм. Ичсэн ч байсан ч таныг дэлхий монгол л гэнэ.
Хуучин цагт Да хүрээнийхэн дөрвөн ханатай гэрээ зараад цагаан сар болчихдог “хүнд гарууд” байсан юм гэнэ лээ. Одоо яагаад дөрвөн зуун мянган төгрөг зээлж аваад цагаалж болохгүй байх билээ. Тавьдаг ууцыг нь тавьж өрдөг боовыг нь өрж, өгдөг бэлгийг нь өгч авалцаад айлаа хэсээд настандаа золгоод явах нь юу нь буруу гэж.
Тэгээд ч энэ аймаар чөмөг зарцаж, цус хага хөлдөм хүйтэн жаврыг амьд мэнд давчихаад эргээд харахад хар аяндаа л баярламаар санагдаж байгаа биз дээ. Энэ хар хүйтнийг эсгий гэрийн хага ташим жавартай шөнө үстэй дээлээр даруулан байж онд орсон хөгшиддөө баяр хүргэхгүй байж болох уу даа. Тэднийхээ тохойг нь тулж, сэтгэлийг нь сэргээж урамтай үгсээ хэлэлцэж урь унаж ус гэсэх хавар цагийн хүндтэй сайхан баяр хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын мэнд дэвшүүлье.
Монгол түмний дэлхийд ганц нийслэл Улаанбаатар хотын цантай чулуун гудамж гэсэж эхэлж байна. Тэр мөсөн хонгил мэт гудамжнуудаар үл ялиг уяссан салхин зөөлөн мөлхөн ирж цан арилж эхэллээ. Явган замын цас хөл доор чахрахаа больж, утааны порц арай ч шингэрээ юу гэлтэй. Улаан хошуут жунгаа байшингийн дээвэр дээр “жийн, жийн” гэж дуугарч хэд хэдээрээ сүрэглэн нисэлдэнэ. Бүсгүйчүүдийн хувцас үл ялиг нимгэрэн, гудамжаар сар шинийн зарлал нүд эрээлжлэм.
Хөдөө цайдамд бол шинэ төлийн дуу цангинаж хаврын урь унаж эхэллээ. Хөдөөгийн гол баяр болох сар шинэ болж хөгшид үр хүүхдээ хот орноос хүлээж байна. Ингээд хэрэлдэж хэлцсээр нэгэн жилийг ардаа орхин бас нэгэн жил айлчлан ирлээ. Энэхүү “Баясгалан” хэмээх усан луу жилд Монголын нийгэмд олон үйл явдал болж өнгөрнө. Ард түмэн УИХ болон орон нутгийн сонгуульд оролцоно.
Одоо байгаа амьдралдаа сэтгэл чинь хангалуун бус байгаа бол өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгээ бүгд мэдэж байгаа. Хүн төрөлхтний ирээдүй ардчилал мөн л юм бол ард түмэн Ардчилсан намыг сонгож таарах биз. Энэ нам ч ард түмний урмыг хугалалгүй нэгдсэн нэг фронтоор сонгуульд оролцож ялалт байгуулах цаг нь ирж байна. Ерэн жилийн дэглэмээс салах цаг болсон гэдэгт монголчууд итгэлтэй байгаа.
Ингээд биднийг захиалан уншдаг, бидэнд итгэл найдвар хүлээлгэн захиалдаг олон түмэн уншигчдадаа сар шинийн мэндийг хүргэе. Та бүхний урмыг хугалалгүй ажиллахаа бид амлаж байна. Бидний гаргасан дугаар бүрт бидний чинь сэтгэл шингэж, ганц ч болтугай сонин сайхан юм уншуулчих юм сан гэсэн зүтгэл шингээстэй байдаг шүү.
Энэ бичвэрээ ардын сайхан үгээр дуусгая гэж бодож байна аа. “Нийгмээрээ онд мэнд орж, даага далантай, бяруу булчинтай, хүү шилтэй, хүүхэн зүстэй сайхан шинэлээрэй”.
Ж.САНДАГДОРЖ