-АПУ КОМПАНИЙН СҮҮНИЙ ҮЙЛДВЭР ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛСЭН, АНХДАГЧ БҮРЭН АВТОМАТ ГЭДГЭЭРЭЭ ДАВУУ-
Өчигдөр “Апу” компанийн сүүний үйлдвэр бэлтгэн нийлүүлэгчдээ хүлээн авч, өнгөрсөн оны хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцсэн юм. Түүнчлэн ирэх жилийн хамтын ажлын төлөвлөгөөнийхөө талаар ярилцсанаас гадна үйлдвэрлэлийн явцтай өөрсдийн биеэр танилцсан юм. “Апу” компани 70 тэрбумын хөрөнгө оруулалтаар өдөрт 150 тонн, жилдээ 45 сая гаруй литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулж, хэрэглэгчдийн хэзээний танил “Дээж”, “Сайн”, “Маамуу”, “Цэвэр сүү” зэрэг 20 гаруй нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэж байна. Түүнчлэн сүү бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээгээр дамжуулан 1000 гаруй хүнийг ажлын байраар хангасан аж. Тодруулбал, “Хишигтэн нүүдэлчин”, “Баян Симентал” зэрэг Монголдоо жишиг болохуйц эрчимжсэн мал аж ахуйгаас 300-аад малчин, фермерүүдээс Улаанбаатар хотын ойролцоох 12 цэгээрээ дамжуулан өдөрт 20-60 тонн сүү хүлээн авдаг аж. Өнгөрсөн онд малчин фермерүүдээс нийт найман сая гаруй литр сүү хүлээн авч, түүхий эд болгон ашигласан гэнэ.
Энэхүү сүүний үйлдвэр нь Монголын хамгийн анхны бүрэн автомат гэдгээрээ онцлог. Дээрээс нь ISO 22000 буюу Олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн цорын ганц сүүний үйлдвэр юм байна. Хоёр жилийн өмнө үйлдвэрлэлээ эхлүүлсэн хэдий ч өдгөө улсын хэмжээн дэхь дөрвөн литр сүү, сүү бүтээгдэхүүн тутмын нэгийг тус үйлдвэр нийлүүлдэг болжээ. Цаашид үйлдвэрлэлийн хэмжээ болон эрэлт нэмэгдэх төлөвтэй байгааг холбогдох албаныхан энэ үеэр мэдээлсэн юм.
Энэ үеэр “Апу” компанийн сүүний үйлдвэрийн технологич Т.Сарантуяатай ярилцлаа
-Танайх Европын технологийн дагуу үйлдвэрлэлээ явуулдаг Монголдоо анхдагч сүүний үйлдвэр гэсэн байх аа?
-Манай сүүний үйлдвэр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийг ашигласан, бүрэн автомат дамжлаг бүхий Монголын анхны сүүний үйлдвэр. Бүрэн автомат гэдэг нь үйлдвэрлэлийн явц дахь гадаад орчны болон хүний хүчин зүйлээс хамааралтай сөрөг нөлөөлөл бүтээгдэхүүний чанарт хамааралгүй болсон гэсэн үг. Энгийнээр бол малчид, фермерүүдийн хотноос манай үйлдвэрлэлд тавигддаг чанарын өндөр шаардлагыг хангасан сүү хүлээн авч байгаа учраас түүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний чанарт эргэлзэх хэрэггүй гэсэн үг. Манай үйлдвэр түүхий эдээ хүлээн авахаас өгсүүлээд эцсийн бүтээгдэхүүн гарах хүртлэх үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагууд дээр тогтсон хуваарийн дагуу үзлэг, шинжилгээг байнга хийдэг.
Дээрээс нь боловсон хүчин маш чухал. Дан ганц сайн техник, технологитой байлаа гээд үйлдвэрлэл төгс болохгүй. Манай ажилтнууд бүгд мэргэжлийнхээ дагуу их дээд сургууль дүүргэснээс гадна технологи, механчикч, үйлдвэрийн дарга нар энэ салбартаа олон жил хөдөлмөрлөсөн туршлагатай, мэдлэгтэй, чадвартай.
-Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд мэдээж чанартай түүхий эд хүлээн авах ёстой байх, тийм үү?
-Тэр бол мэдээж. Чанартай сүү үйлдвэрлэхийн тулд малчдын нийлүүлэх сүү тэр хэмжээнд чанартай байх ёстой. Манайх Европ технологийн дагуу маш өндөр чанартай сүүг түүхий эдээр сонгодог. Гэтэл үйлдвэр ашиглалтад орсны дараахан манайд түүхий сүү нийлүүлдэг зарим малчин, фермерүүд наад зах нь үнээнийхээ дэлэнг ариутгадаггүй, саальчин нь гар хөлөө угаадаггүй, сүүгээ тэр дор нь хөргөөгүй, бохир саванд хадгалдаг зэрэг зөрчил илэрдэг байсан. Үүнээс үүдэн манайд нийлүүлэгддэг таван литр сүү тутмын дөрөв нь чанарын шаардлагатай хангахгүйн улмаас үйлдвэрийн хүлээн авах цэгээс буцаагддаг байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс хамтарч ажилладаг малчин, фермерүүддээ сүүний чанарыг муутгалгүй хэрхэн үйлдвэрт шууд нийлүүлэх талаарх олон удаагийн сургалт зохион байгуулсан. Эрүүл ахуйн шаардлага хангах үүднээс малынхаа дэлэнг хэрхэн зөв арчиж цэвэрлэхээс өгсүүлээд, сав суулгаа хэрхэн угаах, яаж хурдан хугацаанд хөргөх, хэрхэн тээвэрлэх зэргийг зааж сургасан. Үүний үр дүнд чанарын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар хүлээн авах цэгээс сүү чанарын шаардлага хангаагүй гээд буцаагдахаа больсоор удаж байна. Нэг үгээр бол малчид үйдвэрлэлийн шаардлага хангасан чанартай сүү бэлтгэн нийлүүлээд дадчихсан гэсэн үг.
Урьд нь сүүний шим тэжээллэг чанар, устай хольсон болон гашилсан эсэхийг шалгадаг байсан бол өдгөө үүний дараагийн шат буюу хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг судалдаг болсон. Манай үйлдвэрийн лаборатори энэ талын судалгаа шинжилгээг түлхүү хийдэг. Наад зах нь манайд түүхий сүүнд антебиотик байгаа эсэхийг шинжилдэг. Илэрвэл мэдээж үйлдвэрлэлдээ ашиглалгүй устгалд оруулна. Соматик эсийн нягтална. Энэ тоо 500 мянгаас дээш бол үйлдвэрлэлд ашиглаж бролохгүй. Учир нь үнээний дэлэн үрэвсэлтэй, ширгэх дөхсөн бол энэ тоо нэмэгддэг. Сүүгээр нь дамжуулж, үнээг эрүүл эсэхийг шалгачихаж байгаа гэсэн үг.
Малчид, фермерээс байнга сүү худалдан авна гэдэг бол тэд тогтмол орлоготой болж, бид давхар ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хэрэг. Манай үйлдвэрт 150 гаруй ажлын байртайгаас гадна манайд сүүгээ тушаадаг малчид, тэнд ажиллаж байгаа лобараторийн ажилтан, нааш цааш тээвэрлэдэг жолооч гээд тооцвол мянга гаруй хүнийг ажлын байртай болгож байна.
-Үйлдвэрлэлээ өргөтгөвөл зуны дэлгэр цагт малчдаас дан ганц үнээ гэлтгүй хонь ямааны сүүг авч үйлдвэрлэлдээ хэрэглэх үү?
-Одоогоор бид үнээний сүүг түүхийэдээ болгон ашиглаж байгаа. Мэдээж, цаашид шаардлагатай гэж үзвэл зун хонь, ямааны сүү авдаг болохыг ч үгүйсгэхгүй. Ингэснээр малчдын орлого ч нэмэгдэх давуу талтай.
Мөн энэ үеэр тус компанид сүү нийлүүлдэг малчин, фермерүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Хан-уул дүүргийн 12 дугаар хороонд фермерийн аж ахуй эрхлэгч Б.Цэвлээжав “Фермерийн аж ахуйг 10 гаруй жил эрхэлж байна. Манайх саалийн 50 гаруй үнээтэйгээс одоо 40-өөд үнээ сааж байна. Урьд нь хүнсний дэлгүүр, “Мон-Сүү” зэрэг үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан бол хоёр жилийн өмнөөс энэ үйлдвэр ашиглалтад орсноор түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нь болсон. Өдөрт 90-100 литр чанарын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлдэг. Өөрсдийн сүү хүлээн авах цэгээр дамжуулаад авчихдаг учраас зардал чирэгдэл багатайгаас гадна өндөр үнээр худалдан авдаг учраас бидэнд ашигтай. Уламжлалт мал аж ахуйн сүү бэлтгэлийн аргаас өнөөгийн эрчимсэн мал аж ахуйнх ондоо л доо. Анхлан бид үнээгээ саахдаа дэлэнг нь угааж, сав суулгаа тогтмол ариутгадаггүй байсан. Чанарын шаардлага хангасан сүү үйлдвэртээ нийлүүлэхийн тулд чанар, эрүүл ахуйн бүхий л шаардлагыг хангах болсон. Адаглаад цөцгийг тунагаж болохгүй. Цөцгий дээр нь тунана гэдэг тослог нь өнгөн хэсэгтээ тунарсан үед сүүний ислэг нэмэгддэг. Тиймээс үйлдвэрлэлийн шаардлага хангахгүй. Ингэхгүйн тулд байнга самарч, түргэн хугацаанд хөргөдөг. Гэхмэтчилэн сүүний үйлдвэртэй хамтарч ажилласнаар эрүүл ахуйд тустай олон дадал хэвшилд суралцсан” эгсэн юм.
Фермерч Н.Өлзийбаяр “Фермерийн аж ахуйг 1988 оноос эхлэн эрхэлж байна. Апу компанийн сүүний үйлдвэртээ хоёр жилийн өмнөөс түүхий эдээ тушааж эхэлсэн. Бидний сүүг өндөр үнээр, элдэв чирэгдэл учруулалгүй худалдан авч, байнга хамтарч ажилладаг. Манайх сүүний чиглэлийн 20 гаруй эрлийз үнээтэй. Зундаа 70 гаруй, өвөлдөө 40 орчим литр сүү өдөрт саадаг. Уламжлалт нүүдлийн маягаар сүүгээ бэлдвэл үйлдвэрийн чанарын шаардлага хангахгүй. Наад зах нь саалчин гараа угаах нь үйлдвэрт чанартай сүү нийлүүлэхийн төлөө боловч ингээд хэвшчихвэл бид өөрснөө ч бохирдоогүй цэвэр сүү хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалж буйн илрэл. Хоёр гурван ч хүүхэд маань ажилд тусалдаг. Үүгээрээ тэд байнгын ажлын байртай, орлоготой байдаг” гэв.