Украины эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж буйн илрэл болгож Apple компани Оросын зах зээлд бүтээгдэхүүн худалдаалахаа зогсоож байгааг өчигдөр зарлажээ.
Apple Pay, Apple Maps зэрэг үйлчилгээнүүдээ мөн хязгаарлах арга хэмжээ авсан байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн iOS системтэй төхөөрөмжүүд дээр ажилладаг Оросын банкнуудын аппликэйшнүүд удахгүй ажиллагаагүй болох гэнэ.
Apple компанийн мэдэгдэлд Оросын эзлэн түрэмгийлэлд гүн харамсал илэрхийлээд дайны хөлд нэрвэгдсэн Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Украины засгийн газрын шадар сайд Михайло Федоров твиттер хуудсандаа Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кукт илгээсэн захидлаа нийтэлж байсан юм.
Тэрбээр захидалдаа Apple компанийн бүтээгдэхүүний борлуулалтыг Оросын зах зээлд зогсоож, үйлчилгээнүүдийг хязгаарлах хүсэлт тавьж байжээ.
Өмнө нь Google компани Оросын засгийн газрын санхүүжилттэй мэдээллийн хэрэгслүүдийн сурталчилгаанаас олдог орлогыг хааж, YouTube платформыг ашиглахыг хориглосон юм.
Америкийн спорт хувцас, хэрэгслийн Nike компани мөн Оросын зах зээлд бүтээгдэхүүн зарахаа зогсоожээ. Мотоцикл үйлдвэрлэгч Harley-Davidson компани бас Орос дахь бизнесээ зогсоож байгааг зарласан байна.
Дэлхийн хамгийн том ачаа тээвэрлэгчид болох Данийн Maersk, Швейцарын MSC компаниуд Оросын зах зээл рүү орох, гарах чингэлэг тээвэрлэлтээ Мягмар гарагаас эхлэн зогсоожээ. Их Британи улс Оросын ачаа тээврийн хөлгүүдийг боомтууддаа нэвтрүүлэхийг хориглоод байна.