Categories
мэдээ нийгэм

АНУ-ын засаг захиргаа 3000 цэргээ Европ руу илгээхээр боллоо

АНУ-ын засаг захиргаа 3,000 цэргээ Дорнод Европын орнууд руу илгээх шийдвэрийг өчигдөр зарлажээ.

Вашингтоны илгээх цэрэг Польш, Румын улсуудад байрлаж буй NATO-гийн гишүүн орнуудын цэргүүдэд нэмэлт хүч болох юм байна.

Одоогоор Украины хилийн орчимд ОХУ-ын 100,000 орчим цэрэг байрлаж байгаа. Москвагийн эрх баригчид Украин улс руу халдан довтлох төлөвлөгөөгүйгээ дахин дахин илэрхийлж байгаа ч NATO өөрт нь аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхгүй бол хариу арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж байна.

Германы Вилсек дэх баазаас 1,000 явган цэрэг Румын улс руу илгээгдэх бол АНУ-ын Умард Каролина дахь Форт Брагг баазаас 82 дугаар десантын дивизийн 1,700 цэрэг Польш руу илгээгдэхээр болсныг Пентагон мэдээлжээ. Форт Брагг дахь бусад анги нэгтгэлүүдээс 300 цэргийг Герман руу бас илгээхээр болсон байна.

Цэрэг илгээж буй зорилго нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд “NATO-гийн асуудал бол АНУ-ын асуудал болохыг харуулах юм” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.

Польшийн батлан хамгаалахын сайд Мариуш Блашчак уг шийдвэрийг NATO-гийн гишүүн орнууд нэгдмэл байр суурьтай байгаагийн илрэл гэж тайлбарласан байна. NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг АНУ-ын засаг захиргааны шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа илэрхийлжээ.

Сүүлийн өдрүүдэд Орос, Британийн талууд хоорондоо хэрүүлийн үг шидэлцсээр байна.

Мягмар гарагт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Украины толгойд буу тулгаад буй ОХУ”-ыг ширүүн шүүмжилсэн юм.

Цар тахлын хөл хорионы үеэр найр наадам зохион байгуулсан асуудлаар парламентдаа байцаагдахаар болсон Жонсон энэ үед ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярих хугацаагаа хойшлуулаад байжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ болон ерөнхийлөгч Путин хэнтэй ч ярилцахад нээлттэй. Тэр ч байтугай толгой нь эргэж самуурсан нэгэнд ч тайлбар өгөхөд бэлэн байна” гэж Жонсоноор даажигнасан байна.

Их Британийн гадаад хэргийн сайд Элизабет Трасс саяхан “Хар тэнгисийн дагуу оршдог Балтийн холбоотнууддаа” туслахад бэлэн байгааг мэдэгдсэн нь бас оросуудын элэг доог болжээ. ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өөрийн блог хуудсандаа “Хатагтай Трасс, таны газар зүйн мэдлэг, түүхийн мэдлэгтэй чинь харьцуулшгүй муу юм. Хэрвээ өнөөдөр хэн нэгнийг ямар нэг юмнаас хамгаалах хэрэгцээ байгаа бол тэр нь Британийн улс төрчдийн тэнэглэлээс дэлхийг хамгаалах асуудал байж магадгүй” гэж бичсэн байна. Трасс өмнө нь Украиныг “Монголчуудаас эхлээд Татарууд хүртэл эзлэн түрэмгийлж байсан” хэмээн ярьж байжээ.

Хэрүүл маргаан бас АНУ-ОХУ-ын хооронд өрнөсөн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки саяхан Москвагийн эрх баригчдыг тахианы байрны дээвэр дээр суусан үнэгтэй зүйрлэж байв.

Хариуд нь Дмитрий Песков “Оросыг баавгайтай зүйрлэдэг уламжлалт ойлголт бий. Гэвч баавгайг тахианы байрны дээвэр даахгүй. Дэндүү том, хүнд юм” гэж даажигнажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *