Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын Төрийн Департментын сургуульд Монголыг сурталчлав

АНУ-ын Төрийн Департмент нь гадаад улсад ажиллах дипломатуудаа бэлддэг тусгай сургуультай, тэр сургуульд, жишээ нь Монгол Улсад эдийн засгийн атташегаар ажиллах хүн байлаа гэж бодоход эдийн засгийн онолоос гадна монгол хэл соёлыг сурдаг тогтолцоотой билээ. Тус сургуульд өдгөө монгол хэл зааж байгаа багш нар, Монголд очиж ажиллахаар хэл сурч буй дипломатууд, АНУ-ын нийслэлд аж төрдөг монгол уран бүтээлчидтэй хамтран АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан Монголыг сурталчлах цогц арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Цогц гэхийн учир нь Гадаад харилцааны дээд сургуулийн номын санд Монголыг сурталчилсан үзэсгэлэн бүтэн долоо хоног гаргасан, монгол дуу хуур, бүжиг, морин хуурын аялгуу бүхий концерт тоглосон, дипломатуудыг монгол хоолоор дайлсан, монгол бичгээр нэрийг нь бичиж өгсөн зэрэг олон үйл ажиллагааг уялдуулсанд оршино.

НОМЫН САН ДАХЬ МОНГОЛЫН БУЛАН

Төрийн Департментын Гадаад харилцааны дээд сургуулийн номын сангийн нэг хана тэр чигээрээ шилэн цонх юм. Тэнд улс орнууд өөрсдийгөө сурталчилсан үзмэрүүдийг тавьж, кино бичлэг зэргийг үзүүлнэ. 2017 оны арваннэгдүгээр сарын 13-19-ний долоо хоногт уг зайг Монголоор дүүргэв. Тус сургуульд монгол хэл зааж буй Ц.Наранцэцэг, Бадамцэцэг Парк, бидний гурван багш монгол ёс заншил, ахуй амьдрал, соёл урлаг, үүх түүхийн холбогдолтой үзмэр сэлтийг байрлуулснаас гадна повер поинт программаар сонирхолтой тайлбар илтгэл бэлдэж, том дэлгэцээр сонирхуулсан юм. Олон хүн тэнд саатан, Монголын тухай сонирхож, мэддэг нэгнээсээ асуух нь харагдана.

МОРИНХУУР, МОНГОЛ ДУУ, БҮЖИГ

Арваннэгдүгээр сарын 17-ны баасан гарагийн 12 цагаас төрийн Департментын Гадаад харилцааны дээд сургууль дээр монгол урлагийн тоглолт зохион байгууллаа. Бусад хэлний тэнхимүүд иймэрхүү тоглолт мөн зохион байгуулдаг, гэвч Америкт тухайн улсын мэргэжлийн уран бүтээлчид ховор, эс бөгөөс үл танихын учир багш нар өөрсдөө дуу бүжгээ үзүүлдэг юм. Харин Монголыг сурталчилсан тоглолтын нэг гол ялгаа нь манай мэргэжлийн уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөнд оршино. Тухайлбал морин хуурч Урлагбаатарын Хатанболд, дуучин Эрдэнэбатын Саран, бүжигчин Батчулууны Дэлгэрмаа нар Монголын уламжлалт болоод орчин үеийн урлагийг таниулсан бэсрэг тоглолт тавилаа.

МОНГОЛ БИЧИГ, МОНГОЛ УРЛАГ

Концерт болсон танхимыг зураач Дамбын Цолмоны уран бүтээлээр чимэглэсэн юм. Цолмон ч бийр янтайгаа бэлдэн ирж, Америкчуудын нэрийг монгол бичгээр уран сайхан бичиж, уул ус, нар сар зэргээр чимэглэн бэлэглэсэн нь бичиг соёлоо сурталчилсан бас нэгэн сайхан үзүүлэн-хичээл болов. Та нар ийм сайхан бичигтэй байж яагаад орос бичиг хэрэглээд байдаг юм бэ гэж Балба, Иран, Пакистан хэлний багш нар болон хэд хэдэн америк дипломат асуусанд бас яг таг сайхан хариулт өгч чадсангүй. 2025 оноос хойш энэ монгол бичиг маань албан ёсны бичиг болно оо л гэлээ. Хуульд тэгж заасан байгаа байх аа.

МОНГОЛ ХЭЛНИЙ ОЮУТНУУД КОНЦЕРТ ХӨТЛӨВ

Энэ өдрийн тоглолтын бас нэг онцлог үйл нь концертыг монгол хэл сурч буй америк оюутнууд буюу Монгол Улсад очиж ажиллах дипломатчид монгол – англи хэлээр хөтөлсөн явдал болов. Жишээлбэл, Брайн тоглолтыг нээхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аливаа үйл ажиллагааг морин хуурын аялгуугаар эхэлж байхаар болсон билээ. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагаа мөн монгол морин хуурын аялгуугаар эхэлнэ. Түмэн агтын төвөргөөн. Морин хуурч Хатанболд” хэмээсэн бол Жэффри “Дөрвөд бол Монголын нэгэн угсаатан юм. Энэ бүжигт баруун Монголын эмэгтэйчүүдийн өдөр тутмын үйл ажлыг урлагийн хэлээр илэрхийлжээ. Бүжигчин Дэлгэрмаа” гэж зарласан билээ. Роб мөн монгол хэлээр “Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг, Ямар уужуу юм бэ, Монгол хүний сэтгэл… гэж энэ дуунд дуулдаг. Яруу найрагч Түмэнжаргалын шүлэг, хөгжмийн зохиолч Шаравын ая. “Монголын тал нутаг”. Дуучин Саран” хэмээв. Хоёрхон сар сурч байгаа гэхэд монгол хэлээр концерт хөтөлж байна гэдэг бас л нэг амжилт билээ.

МОНГОЛ ХООЛ, ГОЁМСОГ БЯЛУУ

Үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь монгол хоол байсан юм. Монгол хэлний багш нар цуйван, хуушуур, бууз, сүүтэй цай тэргүүтэн хоолыг бэлдсэнээс гадна ааруул, өрөм, аарц, тарагтай үрэл зэргийг амсах хэмжээгээр жижиглэн олонд сонирхуулав. Мөн сургуулийн анхны монгол хэлний багш Г.Бадан, гэргий Амаржаргалын хамт амтат хуушуур, идээ будаагаа барин зочлон ирэв. Вашингтон хотод амьдардаг Пүрэвжавын Сараа гэж бүсгүй захиалгаар уран гоё бялуу хийдэг юм. Сараа энэ үйл ажиллагаанд зориулан АНУ-Монголын дипломат харилцааны 30 жилийн ойн лого бүхий амтат бялуу хийж ирснийг цугласан хүн бүр магтан идэв. Дээд байгууллагаас согтууруулах ундааны зөвшөөрөл авсан тул бас яаж зүгээр байх вэ, Чингис хаан архиараа хүмүүсийг мөн дайлав. Ажлын өдөр байсан боловч Америкийн дипломатчид бас чиг сэтгэл нь хөдлөн, монгол амтыг мэдэрнэ гэсээр хоёр ч шил Чингис хаан архи дуусаж орхисон билээ.

ТӨГСГӨЛ БОЛГОН

Аливаа улсын хэл соёлыг судлах тусам сэтгэл татагддаг хэмээн үздэг хүн билээ, миний бие. Учир нь ямар ч хэл гэдэг нууцлаг агуу ертөнц, учирзүй, үг хэллэгийг нь ойлгох тусам гайхамшигт тэр ертөнцийн түлхүүрийг олох мэт сэтгэгдэл төрдөг. Монгол явах хүмүүст очихоос нь өмнө монгол хэл сайн сургах гээд зүтгээд байдгийн маань гол учир тэр. Энэ талаар зуун жилийн тэртээ Рамстедт хүртэл бичсэн байдаг юм билээ. Монгол дахь Оросын консул Люба монгол хэл, монгол соёлыг огт мэдэхгүй, мэдэхгүйн тул Монголын төлөөнөө санаа сэтгэл тавьдаггүй нэгэн байж. Рамстедт энэ талаар санаа нь зовж явсаар Любагийн оронд очихоор болсон Миллер консулыг харин Петербургт монгол хэл сурч буйд нь ихэд баярлан, Да лам Цэрэнчимэдэд бичсэн захидал нь хадгалагдан үлджээ. Чухам үүний учир харь улсад монгол хэл соёлыг түгээн сурталчилна гэж яваа хэрэг.

Вашингтон дахь “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *