Шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар өндөржүүлсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байна. АНУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу.
Үүний зэрэгцээ, олон улсын нислэгийн компаниуд БНХАУ, БНСУ болон БНИтали Улс руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
1.American Airlines компани нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, Delta Airlines компани хоёрдугаар сарын 6-наас дөрөвдүгээр сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тус тус түр зогсоогоод байна. Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.
2. Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгах, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын хуваарьт нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал түр нислэгээ цуцлаад байна.
3. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.
4. Коронавирусын тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгана уу.
5. Нислэгийн хуваарийг өөрчлөх боломжгүйгээс болоод визийн хугацаа дуусаж буй иргэд АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанд хүсэлтээ уламжлахыг зөвлөж байна. АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албан Таны визийг хэрхэх талаар шийднэ.