Categories
мэдээ цаг-үе

Аниргүй, харагдахгүй, антеннд торохгүй “СТЭЛС”-үүд

Их, бага ямар ч дайн хэзээ ч үл зөвтгөм гамшиг. Гэхдээ тийм үед хүссэн хүсээгүй техник, технологийн талбарт огцом түлхэлт гардаг. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед Германы эрдэмтдийн туршиж байсан локаторт барьдаггүй онгоц бүтээх төсөл уг өгүүлбэрийн маань баталгаа билээ. Horten Ho IX хэмээх англиллын богино долгионы антеннд баригддаггүй онгоцыг герман эрдэмтэд туршиж бараг л үйлдвэрлэх хэмжээнд дөхөж яваад холбоотны цэргүүдэд эзлэгдсэн тул ялалт “манайд” үлдэж тэр технологи нь америкчуудын хорин жилийн дараа бүтээх стэлс онгоцнуудын сэжим нь болон хоцорчээ.

Стэлс (stealth) технологийг анх 1962 онд АНУ-ын “Lock­heed Corporation” амьдралд хэрэгжүүлж А-12 хэмээх харагддаггүй онгоц бүтээж эхэлжээ. Энд нэгэн зүйлийг тодотгоё. Жирийн хүн уг төрлийн онгоцнуудыг Нисэхийн зурвас дээр зогсож байвал ямар ч асуудалгүй харна шүү дээ. Зүгээр орчин үеийн дайн тулаан гээчид байлдагч нуувчин дотроо хэвтэж байгаад тэнгэрээс шумбан ирж буй сөнөөгч онгоцыг “пулмоот”-оор шүршээд унадаг цаг үлгэр болсон, дээр онгоц, доор агаарын эсэргүүцэн хамгаалах анги гэсэн хоёр салбарын хэн нь илүү сайн техник, технологитой байна вэ гэдгээр ялагчаа тодруулдаг үе ирсэн гэдгийг саная. Чухам тэр агаарын хамгаалах ангийн элдэв богино долгионы тавган антенн, радаарын системд харагддаггүй, мэдрэгддэггүй технологийг стэлс гээд байгаа юм. Тэгэхээр ийм технологи ямар аргачлалаар ажиллаад байна аа гэдгийг тун бүдүүлэг, энгийн төсөөлөлөөр ухаарах гээд үзье. Газар байгаа агаарын хамгаалахынхан өөрт оногдсон зурвас талбайдаа зогсолтгүй долгион шидэж ямар нэгэн нисдэг биет нэврэх эсэхийг шалгана. Тухайлбал, дайсны онгоц ороод ирвэл түүний биетэд ойсон долгион буцаж антеннд баригдаад сөнөөгч пуужингаа харвах нь байна. Эсвэл уг онгоцноос цацруулж буй дулааны эрчим хүч долгионд орж ирвэл гэх мэт. Тийм учраас стэлс онгоцнууд уг долгионыг шингээдэг материалаар хийгдэж, долгионы хугарлыг өөр зүг рүү цацдаг гаж дүрстэй далавч, их биетэй, хөдөлгүүрээс гарч буюу дулаанаа “залгидаг”, онгоцны эд ангид аль болохоор металл бага орсон байхаар зохион бүтээгджээ.

“Lockheed Corporation” компани овоо хэдэн жил шургуу хөдөлмөрлөсний эцэст 1975 онд төслөө дуусгаж 1977 онд анхны үл үзэгдэгч онгоцоо үйлдвэрлэн туршилтад гаргасан нь тун өндөр үнэлгээ авч байж болох бүх сорилтуудыг давжээ. Тун удалгүй Америкийн цэргийн нисэх хүчин 24 ширхэг тийм загварын сөнөөгч онгоцыг захиалж гэрээлсэн гэнэ лээ. “Хазгар Гоблин” гэж нисэгч нар нь хочилдог F-117 Night­Hawk хэмээх албан ёсны нэршилтэй уг онгоцууд 1981 оноос эхлээд Америкийн зэвсэгт хүчний эгнээнд багтаж 1988 онд анхлан хэвлэлийн хуудаснаа дэлгэгдэн дэлхий нийтийн мэлмийг хужирлаж байжээ. Тэгээд удалгүй Иракийн эсрэг “Цөлийн шуурга” цэргийн ажиллагаа эхэлж нөгөө F-117 NightHawk-ийн бодит боломжийг нийтээрээ харсан даа. Садам Хусейны Ирак тухайн үедээ Арабын нийгмийн хамгийн хүчтэй, өндөр зэрэглэлийн пуужингууд, агаарын биетийг илрүүлэх радааруудтай байсан мөртлөө нэг ч “F-117”-г сөнөөж чадаагүй. Иракийн агаарын эсэргүүцэн хамгаалах бэхлэлтийг үл үзэгдэгч сөнөөгч онгоцнууд зовлонгүй туулж маш богино хугацаанд өрсөлдөгчийнхөө пуужингуудыг устгасныг түүх мэднэ. Үүнээс хойш Панам, Персийн булан, “Цөлийн үнэг” ажиллагаа, Югославын эсрэг дайн зэргээс гадна бусад бага жижиг тулаанд уг төрлийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудыг ашиглаж байгаад 2008 оноос эхлэн ашиглалтаас гарсан. Нийтдээ 1990 оны байдлаар Пентагон 64 ширхэг “F-117”-г захиалж хийлгэсэн байдгаас яг байлдааны талбарт өрсөлдөгчийнхөө пуужинд оногдож унасан ганцхан тохиолдол байдаг гэсэн.

F-117A онгоц 1999 оны гуравдугаар сарын 27-нд Белград хотоос 40 километрийн зайтай газар сербиүдийн пуужинд оногдсон нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт нисгэгч өөрийгөө харагддаггүй гэдэгт хэт итгэж урд нисэж өнгөрсөн маршрутаараа хэд дахин ниссэн. Уг онгоц долгионд баригдахгүй технологидоо хөтлөгдсөнөөс болж хурд, маневр хийх чадваруудаа алдсан сөрөг үзүүлэлттэй тул сербичүүд онгоцны нисэж өнгөрөх цагийг зөв тооцоолж харвасан пуужингаас зайлж чадаагүй гэж бичдэг.

Ер нь тэгээд аливаа шинэ зүйл цагийн аясад хуучирч дараа ирэх шинэлэг зүйлдээ зам тавьж өгдөг жамаар F-117 байрнаасаа буусан л даа. Түүний үзүүлэлтэд хасах талын нэлээн хэдэн шинж чанар байсан.

Нэгдүгээрт, өөрийн өртөг хэтэрхий өндөр. Нэг “F-117”-г ойролцоогоор хагас тэрбум ам.доллараар Пентагон худалдаж авч байсан бол бөмбөгдөгч нь бүр 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй болж ирсэн.

Хоёрдугаарт, дэлхий нийтээрээ, тэр тусмаа боломжит дайсан гэж зарладаг улсууд нь уг төрлийн онгоцуудыг тодорхой түвшинд илрүүлж чаддаг тавган антеннүүдийг бүтээгээд эхэлсэн.

Гуравдугаарт, зохион бүтээгчид үл үзэгдэх чанарт нь хэт их анхаарснаас шалтгаалан уг онгоцны хурд, маневрлах чанар удааширч, жин нэмэгдсэн зэрэг нь агаарт дайсантайгаа таарсан тохиолдолд ялах магадлалыг үгүйсгэсэн.

Дөрөвдүгээрт, өөр төрлийн, хямд төсөр зардалтай онгоцууд үйлдвэрлэж эхэлсэн.

Одоо стэлс төрлийн онгоцуудыг ганц америкчууд биш, технологийн өндөр түвшинд хүрсэн олон орнууд хийж үйлдвэрлэж байна. Израилийн f-35, Оросын Т-50, Хятадын Chehgdu J-20 гээд нижгээд үл үзэгдэгч онгоцнууд улс, улсынхаа армийн жагсаалтад багтаад тэнгэрт нисч явна.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *