Categories
мэдээ цаг-үе

Анд минь чи, хаалгыг минь тогшооч

(Уулзалтын дурсамж)

Монголчууд 25 жилийн дараа, 35 жилийн дараа, 40 жилийн дараа цэцэг навч дэлгэрсэн зуны дэлгэр цагаар сурагч насаа дурсаад уулзалдаж байна.

Сүхбаатарын талбайд өдөр болгон дээл өмсөж, цэцэг барьж гангарсан хүмүүс тэврэлдэж уулзана. Зарим нь 8Б, 10А гэсэн хаяг барьсан үзэгдэнэ. Сурагч нас бол амьдралын өглөө, хамгийн аз жаргалтай цаг үе юм. Тэр жаргалтай цаг үедээ очиж, хэсэг инээлдэж, хөгжилтэй дурсамжаа, багш нараа ярьж, хорвоогийн аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөхийг хүснэ. Гэвч он жилүүдийн тоосонд нэлээд нь цаг бусаар хорвоог орхисон байх ажгуу.

Ангийн андууд “Анд минь чи, хаалгыг минь тогшооч”, “Анд минь чи над руу утасдаач” хэмээн бие биедээ хүсэн тэмүүлэх ажээ.

Дархан хотын 10 жилийн III сургуулийн 1981 оны 10А ангийнхан 35 жилийн дараахь уулзалтаа зохиов. Цаг хугацаа аяны шувуудыг угтаж үдэж, гучин таван хавар, намрыг нэгэнт ардаа орхижээ.

Их сургууль дөнгөж төгсөж очоод, тоо физикийн багш хэмээх алдрыг хүртэж, жинс өмслөө хэмээн захирлаас банга хүртэж, хичээлээс хоцорч, эрхлэгчээс сануулга авч, хүүхдүүдтэйгээ бөмбөг тоглон, гитар балбаж, шавь нараасаа ч ялгарахгүй нэг тийм ойворгон сагсуу явсан залуу нас минь Дарханд үлдсэн юм.

Дархан бол залуусын хот байсан. Байшингууд нь эмх цэгцтэй, цэцэрлэг модод, гудамжнууд нь эмх цэгцтэй охид, хүүхнүүд нь өнгөлөг, залуус нь жавхаалаг тийм л хот байлаа. “Залуучууд” театр шинээр ашиглалтад орж, дөнгөж сургуулиа төгссөн бүжигчин залуус ирээд, Сэвжид хэмээх агуу хүний бүжгийн ертөнцийг амилуулан түгээж, “Монгол бүжгийн чуулбар”,“Жалам хар”, “Цыган“ бүжгүүдээр Дарханы залуус амьсгалж байсан цаг үеийг, Дарханы хавар, Дарханы үдшийг, сургуулийн шуугиант танхимыг мөнхөд дурсах учир надад бий хэмээнэ.

“Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд

Үүрийн цагаан цолмон гялбаж

Үйлдвэр уурхайн яндан хүжлэх

Үлгэрийн сайхан хот байдаг юм.

Нарлаг Монголын энэ хотыг

Найрамдлын Дархан гэдэг юмаа” хэмээн хүүхдийн цангинасан хоолойгоор аялгуулж байсан хүүхдүүд одоо нас тогтсон намбалаг хүүхнүүд, эрчүүд болоод:

“Айлчин ирсэн ч нүүр улаймгүй

Аж амьдралын бэл зузаараад

Аливаа юманд хөл алдамгүй

Ажил бүтээлийн бүл суугаад

Нас тогтох сайхан” хэмээн дуулах ажээ.

Эмч багш, хуульч, инженерүүд, тариаланч, тамирчин, бизнесмэн болж, чиг чигийн замаар амьдралын их замаар замнаж, ач зээгээ тойруулсан өнөр өтгөн бүлийн эзэд болцгоожээ. Зарим нь Солонгос улсад ажиллаж амьдраад орон гэрээ төвхнүүлээд ирж байхад, зөрөөд Б.Начиншонхор,Б.Цэцэгжаргал, Д.Наранчимэг, Г.Энхтуяа нарын нөхдүүд амьдралын харгуй зам, мөрийг хөөж харь холын Америк, Солонгос орныг зорьцгоожээ.

Д.Мөнхбат маань тариаланч болж, мал аж ахуй эрхлээд хаа хол Баянхонгорт тохижиж суурьшжээ. Ёс жаяг дээдэлж, ангийнхныгаа ээлжилж зулай дээрээс нь үнэрлэсэн нэг их ахмад хөвүүн, аав мэт аяглах нь хүндэтгэлтэй. Б.Батболор, Я.Оюунцэцэг нар нэртэй эмч, эм зүйч болж чагнуур зүүгээд, энхийн манаанд зогсож байхад Б.Бурмаа, Ц.Одончимэг, Г.Уранчимэг, Ц.Тулга нар инженер болж, хувийн салбарт баялаг бүтээж байна. Л.Саруултуяа маань аэро оношлогоо хийж, төөрөг ч үзэж байх шиг. Н.Сүрэн, М.Түмэндэмбэрэл нар барилгын инженерийн мэргэжил эзэмшээд, харш өргөө сүндэрлүүлж байхад зарим нь нэртэй бизнесмэн болжээ. Зах зээл хэмээх ороо бусгаа цаг дор арилжаа наймаа бизнесийн ертөнцөд дээр дороо орон ихэд үзэлцэж, амжилт гаргаад гялалзаж яваа Д.Одонгоо, Ш.Бат-Ирээдүй нар маань дэлгүүр хоршоо, зочид буудал үйлчилгээ эрхлээд чөлөө зав үгүй байхад Н.Оюунзаяа, Г.Эрдэнэчимэг нар маань нэртэй багш болж, бас төрийн албанд зүтгэж, Б.Цолмон маань компанийн захирал болоод, мэдээллийн технологийн ертөнцөд бужигнуулж байна.

Зарим нь үл ялиг мариалж Ц.Жавзмаа мэтээр зузаарсан байхад зарим нь турж гоолиг болжээ. Д.Эрдэнэбулган маань сагсан бөмбөг хөөсөөр нэлээд туржээ. Багш би ч гэсэн өтөлж, үс бууралтаж шингэрээд овор суусан. Иймээс бие биеэ, ангийн багш манийгаа ч зарим нь таньж ядаж “Энэ хаанахын хүн бэ, хэн бэ?” хэмээн шивнэлдсэнийг ч бас нуух юун. Гучин таван жил бол их хугацаа. Дунд сургуулиа төгсөөд огт уулзалдаагүй нөхдүүд ч анх удаагаа тэврэлдэн уулзаж байлаа. Нина багшийгаа дурсаж, “А” үсэг заасан С.Дуламсүрэн багшдаа мэндчилгээ явуулж, Д.Бадамхорлоо багшийгаа тэвэрч,

“Үзэг барьсан турьхан гарт минь

Үг холбох аргыг заасан

Бага ангийн багшаа баярлалаа

Балчирхан би чинь бичиж сурлаа” хэмээн дуулалдана.

Гарцаагүй дуучин болох ёстой охид М.Ганцэцэг, Н.Энхээ нарыг маань хайртай залуу, нөхрүүд нь “урлаг дэмий” хэмээгээд тэс өөр зүг бизнесийн ертөнц рүү сугадаад оджээ. Нарсан банзаар цахилгаан гитар урлаж, түүндээ ая хамтруулж М.Ганцэцэгээрээ “Миний аз жаргалын дуу”, ”Орь залуу нас”-ыг Дарханы телевизээр ая дуу өргүүлж байсан цагийг эргэн дурслаа.

Нэхий эдлэлийн үйлдвэрийн актлагдсан цахилгаан хөгжмийг сэлбэж босгоод, анги дотроо жижигхэн хамтлаг босгож, эх эцгийн хурлын дараа нижгэр тоглолт үзүүлж, сургуулийн урлагийн үзлэгээр тэргүүлж байсан тэдний сурагч насыг эргэн саналаа.Т.Түмэнбаяр маань алтан гартай засварчин болж, М.Майцэцэг үйлдвэрт ажиллаж, Г.Хүрэлбаатар компанийн захирлын жолоо мушгиж, До.Энхтуяа маань Алтанбулагийн журамт цэргийн музей тайлбарлаж байхад, А.Отгонбаяр маань харуул хамгаалалтын дарга болоод гялалзуулж явна. Д.Уранчимэг маань хуульч прокурор болоод, Зүүнхараад ажиллаж, Ж.Эрдэнэсанаа тэргүүний нягтлан бодогч, санхүүч болсон байхад Омбоолой (Б.Отгонбаяр) маань зочид буудал, зоогийн газрын эзэн болжээ. Тамирчин болох ёстой хөвгүүд маань спортын алдраа тэмдэглэж, шил юм хугасласаар хайран амьдралаа үрсэн дуулдана.З.Доржбаатар, Г.Эрдэнэболд, Ц.Батжаргал, Ц.Энхбат нар маань он цагийн нугачаанд хорвоог орхиж, тэдэндээ эмгэнэл илэрхийлж, хором толгой гудайлгав.

Хөвгүүд, охид маань ач зээгээ, хань ижлээ ярьж, танилцуулж суухад, зарим нь хорвоогийн өнгөнд тохируулж ханиа сольж амжсан байх ажээ. Гэтэл зарим нь амьдралын нугачаанд “один”-оороо амьдралын хүндийг үүрч дүүрч явахад, хажууд нь хангай шиг түшигтэй, ханагар сайхан ангийн эр Ж.Алтаа, Г.Хүрлээ мэт нь ганцаар явахыг үзэхүйеэ хорвоо шударгуу бус, дов сондуул нугачаа ихтэй ажээ. Тэр дов сондуулыг тэгшлээд, учралын хорвоо энэ хавьцаа байж болоогүй юм уу, “Хажууд чинь Хан Хэнтий налайж байхад” хэмээгээд, хүчээр хооронд нь суулгахыг хүсэж, бяцхан найруулга зохиомжилсон ч бүтэлтэй зүйл болоогүйг нуух юун.

Харин хожмоо Ж.Алтангэрэл маань амьдралын ханиа олоод Өмнөд Солонгосыг зорьсон байлаа. Багын ажилсаг, хөдөлмөрч, зүтгэлтэй тэрбээр Солонгост очиж, Солонгос орныг хөгжин цэцэглүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй дуулдана.

Бүгд амьдралын олон салаа замаар орж, чиг чигтээ их замыг туулцгаажээ. Тэгээд дуулж, бүжиглэж, инээлдэж, хөхрөлдөж хэдэн нас нэмснийг би таашгүй. Дундуур ирсэн хорвоог дүүрэн болгоод, дүүрэн ирсэн хорвоог дундуур болгоод буцдаг нь хүний ёсон ажээ. Цаг хугацааны орчилд хүн гээч нь бие биетэйгээ уулзан учирч баяр хөөр, зовлон гунигаа хувааж өнгөрөөх жам учиртай.

“Багш” хэмээх сайхан алдрыг зүрхэнд, сэтгэлд минь гал мэт үргэлж асааж байдаг шавь нартаа зориулж энэхүү бичил тэмдэглэлийг хөтлөв. Та нарыг минь тэнгэр ивээг.

Ангийн багш Гомбын Алтангэрэл

(Монгол Улсын шилдэг зохион бүтээгч,зөвлөх инженер, багш)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *