Categories
мэдээ нийгэм

АН-ын зохион байгуулсан жагсаалд 20 гаруй мянган хүн оролцлоо

Ардчилсан намаас зохион байгуулсан тайван жагсаалд 20 гаруй мянган хүн ирсэн гэж ажиглагчид үзэж байна. Юутай ч жагсагчид Сүхбаатарын талбайг дүүргэж байлаа. Тэд “Тэтгэврийн насыг нэмснийг эсэргүүцэж байна”, “Хүрэлсүхээс хүлээсэн итгэл замхарлаа”, “Татварт дарагдсан иргэд туйлдаж байна”, “Эзэнгүй төрийн, эргүүтсэн шийдвэр”, “Иргэд чинь утсан хиам шиг болж байна” гэх мэт уриа лоозон барьсан байв. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, НИТХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү нар жагсаалд оролцлоо.

Тэд татварын нэмэгдэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, эрх баригчдаас хариуцлага нэхэн жагссан юм. Жагсагчид Засгийн газарт шаардлага хүргүүлж, хариуг нь хүлээх зуураа Сүхбаатарын талбайг тойрсон юм. Засгийн газраас шаардлагын хариуг энэ сарын 6-нд өгнө гэж мэдэгдлээ.

НИТХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “Өнөөгийн эрх баригчид ямар нэгэн шийдвэр гаргахдаа тооцоо, судалгаа хийлгүй зөвхөн сэтгэл хөөрлөөр хандаж байгааг бид эсэргүүцэж байгаа. Ийм байдлаас болоод гарсан шийдвэрээсээ эргэж буцдаг уймраа төртэй байж болохгүй. Ард иргэд ардчиллын гол хөдөлгөгч хүч тиймээс энэ жагсаалд оролцож байгаа. Бид ирэх хавар хүртэл жагсана. Энэхүү жагсаал Монгол Улсын хөгжлийн эхлэл. Шаардлагыг биелүүлэхгүй бол дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэж хэллээ.

Жагсаалын үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “Өнөөдөр маш олон эмэгтэйчүүд, ээжүүд биднийг дэмжихээр ирсэн байна. Та бүхэндээ баярлалаа. Эрх баригчдаас нэг зүйлийг асуумаар байна. Бидний үнэт зүйл яг юу юм вэ. Монгол хүн юм уу монгол гэр бүл юм уу эрүүл монгол хүн юм уу гэдгийг асуумаар байна. Эдийн засаг нь мундаг өслөө гээд байдаг. Энэ үнэт зүйлдээ эрх баригчид ер мөнгө зарахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын санд 2017 онд 470 тэрбум төгрөг үлдсэн байна гэсэн. Энэ мөнгийг юунд зарах гээд байгаа юм бэ. Эрүүл мэндийн асуудлаас болж ядууралд орж байгаа ард иргэдийнхаа эрүүл мэндэд зараачээ гэж уриалж байна” гэлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа сүр дуулиантай боллоо. Энэ Засгийн газрын 100 хоногт хийсэн 30 чухал ажилд нь бид судалгаа хийсэн. Энэ ажлын 80 хувь нь өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн ажлуудыг оруулсан байна” гээд ажил хийдэггүй, толгойгүй Засгийн газарт ташуур өгнө гэсэн юм. 11.30 цагт эхэлсэн жагсаал 13 цагийн үед өндөрлөлөө.

Б.АМАРТҮВШИН

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *