Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлэг МАН-ыг засгаас гаргахыг дэмжжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ыг засгаас гаргахыг дэмжжээ.

Бүлгийн хуралдаанд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй 37 гишүүн оролцсон байна.

МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасантай холбоотойгоор УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөж, шинэ сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой гэж бүлэг АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгожээ.

Мөн МАН-ыг Засгийн газраас гаргах болсон шалтгааныг нэгдүгээрт, төрийн албанд халаа сэлгээ хийж, 600 гаруй хүнийг ажлаас чөлөөлсөн. Энэхүү халаа сэлгээнд цэвэрлэгч хүртэл өртсөн. Цаашдаа ч халаа сэлгээ зогсохгүй үргэлжлэх байсан учраас ийм шийдвэрт хүрсэн гэв. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ардчилсан намын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолын төсөлтэй танилцаж сайтар ярилцсан. Ингээд хоёр заалттай шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн зургадугаар тогтоол болоод өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан. Хоёр дахь заалт нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн гишүүдэд үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан” гэв.

Ерөнхий сайд бүлгийн хуралд оролцож өөрийнхөө саналыг илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Ямар нэгэн цааргалах асуудал байхгүй гэж тэр онцлов. Бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Үүнээс хойш МАН Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг тавихыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр бусад намууд засагт хамтарсан хэвээрээ байх учраас төвөгтэй байдал үүсэхгүй байх” гэв.

Таван толгойн асуудлаар сэтгүүлчийн асуултад Б.Гарамгайбаатар хариулахдааБаярын өмнө том том хуулиудыг батлаж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ утгаараа намын дарга Тавантолгойн төслийг намрын чуулган руу шилжүүлье. Аажуу, уужуу хэлэлцье, иргэдийг баяр наадмаа тэмдэглэж байхад хулгайгаар баталлаа гэдэг шүүмжлэл ахин дахин аваад баймааргүй байна гэсэн үүднээс намар болтол хойшлуулсан. Түүнээс ямар нэгэн зөрчил үүсээд өргөн барих гэж байгаа хуулийн төслийг хүлээж авахгүй байгаа юм биш” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *