Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Дотоодын цэргийн тухай хуулиар тайлбар авлаа

УИХ дахь Ардчилсан намын ээлжит хурал /2017.01.31/ Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо. Хурлаар Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулж, бүлгийн гишүүд санал бодлоо солилцлоо.

Мөн хурлаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, уг хуулийн төслүүдтэй холбоотойгоор Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаныхнаас мэдээлэл тодруулга авлаа.

Хурлын дараагаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ болон Ажлын албаны дарга Д.Золжаргал нар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ: “УИХ аль нэг асуудалд шууд шийдвэр гаргах эрх байхгүй. Тийм учраас бид “Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал яригдахгүй байгаа. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан байгаа гэсэн мэдээлэл ирээд байна. “Эрдэнэт”-д ил далд бизнесийн шахаа хийгддэг гэдэг. Тиймээс өнөөдөр энэ талаар шалгах шаардлагатай гэж үзэж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувь, 51 хувийг иж бүрнээр нь шалгах ажлын хэсэг гаргах саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс үзэж байна.

Өнөөдөр Цагдаагийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Нэн ялангуяа иргэдийн халдашгүй байдалд ямар өөрчлөлт орох, цагдаагийн албан хаагчдын эрх зүйн байдалд ямар өөрчлөлт орох талаар бүлгийн хуралдаанаар мэдээлэл сонслоо. Ингээд Цагдаагийн албан хаагчдын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрлээ. Дотоодын цэргийн тухай хуулиар мөн тайлбар авлаа. Хугацаат цэргийн албан хааж байгаа 18 нас хүрсэн залуус жагсаалт цуглааныг хамгаалахад төлөвшөөгүй байдаг. Энэ асуудал яаж хандаж байгааг хууль санаачлагач нараас тодруулсан. Дотоодын цэргийг мэргэшсэн офицер ахлагч нараар бүрдүүлнэ гэдэг тайлбар өгсөн. Тиймээс бид энэ асуудлыг эргэн харж, хууль санаачлагачтай хамтарч ажиллан, Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчөөгүй хэмжээнд хэлэлцэхээр болсон” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *