АН дотор ахиад юу болох гээд байна гэсэн яриа хүмүүсийн дунд байна. АН-ын эв нэгдэлгүй байдлаас ард түмэн одоо айдаг болжээ. АН-ын хувь заяа эцэстээ ард түмний эрх ашиг юм байна гэдгийг өдөр ирэх тусам хүмүүс ойлгож байна. Фортуна Батбаярт муу хүн цөөнгүй. Гэтэл Төрийн ордонд болсон сонсгол дээр тэрбээр хэдэн минут үг хэлэхэд нийгэм ямар айхавтар эерэгээр хүлээн авав. Тэр зүгээр үнэнийг л хэлсэн. Тэгж хүлээж авна гэж бодоо ч үгүй, хүсээ ч үгүй. Ардчиллынхан, ардчилсан үзэл санаа, үнэт зүйлтэй улстөрчдийн дуу хоолой ард түмэнд ямар их үгүйлэгдсэнийг, үнэ цэнэтэй байгааг тэгэхэд харлаа. АН-ын улстөрчдийн хэн нь ч өнөөдөр нийгэмд гарч ирээд үгээ хэлэхэд часхийхээр байна. Даанч тэгэх боломжийг тэд өөрсдөдөө олгохгүй байна. Биесээ хэмлэж, мэрж, урж тасдаж, хүчээ барж байна. Намаа тарамдуулж байна.
Өнөөдөр С.Эрдэнэд АН-ын тамга байна. Женкод гэрчилгээ нь байна. Лу.Гантөмөрт сэтэр нь байна. Энэ гурвын цаана эрх ашгийн дахиад хэдэн ч нэгдэл, бүлэглэл, фракц, хамтрал, комун байгааг бүү мэд. За яадаг ч байсан АН бол Монголын улс төрийн бодит хүч мөн. Аль ч сум, багт давхиад очсон аль нэг байшингийнх нь дээвэр дээр АН-ын аранзан цэнхэр туг гандуухан намирч байдгийг бүгд мэднэ. Тийм болохоор АН хэд ч хуваагдсан ХҮН намын дайтай, аргаа бараад гурав тасарсан ч ИЗНН-ын дайтай гэж гишүүд нь ханхалзах аястай.
Энэ нэг талаас үнэн ч нөгөө талаасаа хийрхэл. Хөрснөөсөө хол яваа хүний үг гэдгийг ойлгох цаг болжээ. Сонгуульд орлоо гэхэд АН-д санал өгөх хүнгүй боллоо гэсэн үг шүү дээ. Авсан санал чинь арван живаа хуваагдаж сарнина. Энэ нь хэнд ашигтай юм, өнөөдрийн эрх баригчдад ашигтай. Ирэх намар Их хурлын ээлжит бус сонгууль болох нь худлаа гэнэ. ҮХНӨ хийхгүй нь тодорхой боллоо. Гишүүдийн тоо нэмэхгүй, энэ хэвээрээ гэж МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн мэдээллээ… Энэ бүх яриа чинь юу ч биш ээ. Төөрөгдүүлсэн оршил. Хийхээ хүрэх юм бол нэг өдрийн ажил. Тийм байдгийг өнгөрсөн хугацааны ҮХНӨ, Дан-Давхар дээл, шинэ сайдууд… юу эсээс харав. Эрх барьж байгаа хэдхэн хүний нэг оройн зоогийн ширээний ард, зуун граммтай шийдэх сэдэв, асуудал. Тэгээд л шууд хэрэгжих улс төрийн шийдвэр, үйл явц юм. Өнөөдөр Монголын хувь заяа нэг намын, эрх баригч 3-5 хүний гарт байгаа. Янз бүрийн зорилготой, зорилтот, сэвэлттэй яриануудыг та бидэнд яаж л бол яаж хүргэнэ, итгүүлнэ. Бид ямар итгэж ханах ч биш. Нээрэн л тийм юм байх даа гэж бодож явсаар дуусч байгаа. Товчхондоо нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл мөн ч айхавтар явагдаж байна.
Энэ бүх технологи АН-ын хувь заяан дээр бас хэрэгжиж байна. Шинээр сонгогдсон дарга Лу.Гантөмөрийн зүгээс эрх баригчдыг сөрсөн жаахан таагүй акц хийхэд л маргаааш нь С.Эрдэнэд байгаа тамга Шүүхээр хүчинтэй болох жишээтэй. АН-аар даажигнаж, тоглож байна. Ийм үед элэнцэгийнх нь АН гурав тасарсан ч ИЗНН-ын дайтай гэж ханхалзах вэ. Шулуухан хэлэхэд эрх баригчид АН-ынхныг бодитой нэгдэхээс нь өмнө, Путинтэй ойр байгаа дээрээ ээлжит бус сонгуулиа ирэх намар хийж дахин ялах нь шиг байна. Энэ бол мэдрэгдэж байгаа улс төр. Ингэлээ гэхэд АН-ынхан гурав хуваагдаад орно. Санал чинь гурав хуваагдана. Дундуур нь бас бус нөхдүүд ардчилал, гуравдагч хүчний нэр барина… эцсийн дүндээ юу болох вэ. Эрх биш Их хуралд хэдэн суудал авлаа гэж бодъё. Чуулганы танхимд орсон хойноо наад гурав чинь дотроо бас дахин хэдэн хэсэг фракц болж хуваагдана. Эрх баригчдын идэш, тэдний харц дохионы санал кноп болж хувирна. Ингэсэн л түүхтэй нам шүү дээ. Та нарын энэ бүх өнгөрсөн алдааг ард түмэн ердөө өчигдөрхөн юм шиг санаж байгаа. Ер нь бараг өчигдөрхөн болсон үйл явц, увайгүйдэл шүү.
Ийм муухай алдаанууд, бүр дахин давтаж болохгүй айхавтар алдаанууд АН-ынханд байдаг учраас дор бүрдээ энэ алдаагаа давтахгүй, ирэх зургадугаар сараас өмнө нэгдэж авцгаа. Нэг зүгт харж, нэгдмэл нэг цул хүч, зангидсан гар шиг болцгоох нь хамгаас чухал байна. Тэгж чадвал цаана чинь ард түмэн та нарыг дэмжихээр байна. Ард түмэн ардчилсан үзэл санаагаар өлсөж байна. Ардчилсан хүчний дуу хоолой арай өөр байдаг нь Фортунаагаар илэрч байна. “Цаг ирж нөхцөл бүрдэхэд” гэж үг бий. Тийм цаг үе, нөхцөл нь бүрдсэн өдрүүд АН-ын та нарт ахиад ирж байна. Ухаалгаар хүлээж авцгаа. Өөр өөрсдийн амбицаа тодорхой болго. Наад зах нь “Би энэ дүүргийн, энэ аймгийн Засаг дарга болно” гэсэн зорилгоо намдаа тодорхойлж, түүндээ бэлд. Түүнийхээ төлөө улс төр хий. Энэ бол эрүүл улс төр.
Яах гэж байгаа нь тодорхойгүй, АН-аас хэвлэлийн хурал зарлалаа гэнгүүт гонжоом зангиагаа зүүж очоод ард нь зогсдог, бусад үед сөрөг хүчний тэмцэл тулаанд орохоос зайлсхийдэг бэртэгчин залуусыг одоо засч сурга, ардчиллын төлөө тулаанд оруул. Үнэн ийм л байгаа шүү.
Цаг үе нь ийм тодорхой байхад АН-ынхан муугаа яасан ч их нуухыг хичээдэг юм бэ дээ. Инээдтэй шахам зүйл. “За нууцална шүү” гэсэн яриа чинь зэрэгцээд хэн нэгэн рүү бичигдэж байдгийг зарим нь ерөөсөө ойлгохыг хүсдэггүй бололтой. Та нар байтугай дэлхийд нууц зүйл байхгүй болсон. Далд хор найруулга чинь одоо улиг, явуургүй болсон. Гишүүд чинь бүгд мэддэг болжээ. Бүлэглэл фракц… өөр ямар зохион байгуулалттай хүмүүс АН-д байдаг юм, бүгдээрээ жижиг эрх ашгаа хаяж, том эрх ашгаа нэгтгэж, биесээ хуурахгүй, нэг зорилготой, нэгдсэн бодлого, мөрийн хөтөлбөртэй болох ёстой. Идэвхтэй байгаа гишүүн бүрийнх нь амбиц тодорхой, юуны төлөө, юунд хүрэх гэж, хүрсэн хойноо улс орны төлөө ямар ажил хийх потенциалтайгаа илэрхийлсэн, ийм хүмүүсийн нэгдэл хүрээлэн байх ёстой. Тэгж байж сонгуульд амжилт үзүүлнэ. Хугацаа бол ирэх зургадугаар сараас хэтэрмээргүй байна. Ингэж чадвал Ардчиллын төлөө амьдралаа зориулсан, бүхнээ алдсан, үзэл бодол үнэт зүйлдээ үнэнч үлдсэн мянга мянган гишүүдийн чинь урам зориг сэргэнэ. Ардчилсан нийгэмд амьдрахын төлөө махаа зулгаан зүтгэж, хөдөлмөрлөж яваа ард түмэнд чинь хэрэгтэй. Ерөөсөө Монголын хувь заяанд хэрэгтэй байна. Чин үнэнийг хэлэхэд та нарыг дарга болгох гэж ингээд байгаа юм биш. Ард түмэн бүгдээрээ ардчилсан, чөлөөт, хувийн өмчтэй улс оронд шударга амьдрах, хууль хэрэгждэг нийгэмд аюулгүй амьдрахыг хүсч байна. Энэ бүгдийн төлөө ерэн онд ардчиллыг эхлүүлсэн, түүчээ нь болж ирсэн ардчиллынхан, АН-ынхан та нарт итгэж байна. Төрийн эрх барьсан цөөн жилүүддээ зоригтой ажил хийсэн, эхлүүлсэнийг тань одоо л ард түмэн ойлгож байна. Нийгэмд элдвээр зүхүүлсэн ч тоохгүй, зорьсныхоо төлөө явдаг, хүний эрхийг дээдэлдэг зан чанарт чинь ард түмэн итгэж байна. Тийм учраас АН-ынхан та нарыг эв цавандаа эртхэн орж, нэгдсэн шиг нэгдэж сонгуульдаа орохыг туйлаас хүсч байна.