Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Амтай болгон ярих “Авлига хороолол” гэгчийг нураахгүй байх өчнөөн боломж бий DNN.mn

Амтай болгон “Авлига хороолол” гэгчийг нураах ёстой гэж шаардаж байна. Үүнийг нь баталж, Хотын захиргаанаас албадан буулгах захирамжийг өчигдөр танилцуулав. “Акуа Гарден” хотхоноос гадна цаана нь Дунд гол дагуу байрласан “Шунхлай” ШТС, “S outlet” худалдааны төв хоёрыг давхар нураах тушаал гарчээ. Энэ нь өнгөрсөн зуны үертэй холбоотой. Товчхондоо энэ гурван объект Дунд голын эрэг дээр баригдсан. Үерийн ус Буянгийн зам орчмын орон сууцууд руу хальж, хонгил, гараажийн хэсэг усанд автуулсан. Энэ нь дээрх гурван барилга голын голдиролыг шахаж барьсантай холбоотой гэж албаны хүмүүс зарласан. Үүнийг сонссон олон нийт нурааж, устгавал таарна гэж бах таваа ханган шуугьж ирлээ.

Үер бол байгалийн үзэгдэл. Байгалийн үзэгдэл хэзээ, хэрхэн болохыг хэн ч таахгүй. Тиймээс үер болж л байдаг. Энэ удаагийн үер тийм ч айхавтар томдоо орохгүй. Мэдээж хүний амь эрсдэж, эд хөрөнгө урссан явдал уруйн үерээс үүдэлтэй. Тэглээ гээд нэгэнт бүтээн байгуулаад босгочихсон хөрөнгийг нураана гэдэг муйхар арга. “Акуа Гарден”, Шунхлай ШТС, “S outlet” зэргийг буулгахгүйгээр авч үлдэх өч төчнөөн арга хувилбар байна. Өнгөрсөн хугацаанд энэ тухай ярьж, санаачилж байгаа явдал огт дуулдсангүй. Зөвхөн газрын хөрснөөс арчаад өг гэдэг агуулгыг л амтай бүхэн хэлж байна. Үнэндээ энэ үзэгдэл бид нийгмээрээ ядуу байгаагийн илрэл. Хөрөнгөтэй хүнийг үзэж чаддаггүй. Өөрсдөө бид баян болохыг хүсдэггүй, баян нэгнийг ядуу болгох л хүсэлтэй. Үүний л жишээ “Авлига хороолол” гэгчид хандсан байдлаас тодорхой харагдана.

Энэ барилгуудыг авч үлдэх ямар боломж байна вэ. Хамгийн наад зах нь голын ус хальсан хэсгээр цементэн далан босгож болох байв. Сэлбэ, Дунд голын эрэг дагуу хаана нам доор хэсэг байна, саяны үер аль хэсгээр сэтлэв, тэндээ л цементээр хана босгоход болох биш үү. Нарийн яривал усны мэргэжилтнүүд Сэлбэ голын эхэн дээр далан барих саналыг олон жил дэвшүүлж ирсэн. Далан гэдэг өөрөө голын усны түвшний тохируулга. Яг л сая болсон үер уснаас хамгаалах зорилгоор голын урсгал дагуу параллель чиглэлтэй баригдах ёстой бүтээн байгуулалт юм. Энгийнээр бол голын ус ихэдвэл багасгах үүрэг гүйцэтгэгч л гэсэн үг. Ийм маягаар үүссэн нөхцөл байдалд тал талдаа хохирол багатай даван туулж болох санал санаачилга яригдах ёстой. Ялангуяа хөрөнгөө нураалгах болчихоод байгаа эзэд өөрсдөө идэвх санаачилгатай хөдөлмөөр байна. “Хөрөнгө нураах гэлээ” гээд матрын нулимс унагаад зогсох хайран биш үү, та нарт. Түүний оронд хохирсон гэх иргэдээс уучлалт гуйгаад, хийсэн хэрэгжүүлснээ бүтэн авч үлдэх үндэслэлтэй арга хувилбар олж танилцуулаач. Үүн дээр чинь “Өдрийн сонин” гүүр болж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлж өгье. Олон нийт ч өөрөөр харна, санал санаачилга яригдана.

Энэ гурван барилгыг нураагаад гарсан хохирлыг төсвөөс даана, захиалагчдын хохирлыг барагдуулна гэж Хотын даргын орлогч өчигдөр ярина лээ. Хэрэв барилгыг нураахгүйгээр

дараагийн үер усны эрсдэлээс сэргийлж далан хана босговол гарах зардал ч бага тусна. Харин тэр хамгаалалт нь нэг удаагийнх биш урт настай байх ёстой. Зардал төсвийг нь дээрх

гурван компани, нийслэлтэй хамтраад гаргавал хэн хэндээ дэмтэй.

Саяхан баруун Европт болсон үерийн үеэр угсардаг далан босгочихож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байв. Яг л өрдөг тоглоом шиг, үерийн ус хэр хэмжээтэй байхаас шалтгаалаад далангаа өндөрлөчихөж байна. Хор хохирол ч бага тусах нь ойлгомжтой. Ер нь манайхаас бусад улс орон нураана, сөнөөнө гэдэггүй. Хийж бүтээснээ төр нь дэмжээд, эрсдэлээс хамгаалсан арга хувилбар, бүтээн байгуулалтыг зэрэгцүүлж явдаг. Харин манайд өчигдөр гаргасан шийдвэрээ өнөөдөр цуцалж, ард түмэн бизнес эрхлэгчдэдээ хоёр нүүр харуулдаг байдал хэвшчихсэн. Энэ удаа ч тэр. Жишээ нь, “Акуа Гарден” хотхоныг барих зөвшөөрлийг төр өөрөө олгосон байдаг. Анх 2007 оны долдугаар сарын 4-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлж байгаа 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухайн үеийн ХУД-ийн 1-р хороонд орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр 11.8 га газар олгохыг “Эм энд Жи констракшн ХХК”-д зөвшөөрсөн. Үүнийг нь үндэслээд ХУД-ийн Засаг даргын захирамж 2008 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр гарч, газар ашиглах эрхийг нь олгосон. Улмаар тухайн үеийн Хотын дарга асан Т.Билэгт тус компанид газар ашиглах эрхийн гэрчилгээг гардуулсан. Болсон процесс ердөө л энэ. Барилгын компани авлига хороолол гэгчийг сайн дураар бариагүй. Барих ч боломжгүй. Төр өөрөө зөвшөөрсөн, газар олгосон, эрхийг нь өгсөн байна. Харин өнөөдөр шийдвэрээсээ буцаж, нураана гэж байгаа нь маш ойлгомжгүй явдал юм.

Илүү үглэхэд, Да Хүрээг барих Богдын зураач нар үер ус, галын аюулыг эс тооцвол сайхан газар хэмээн өнөөдрийн Улаанбаатарын буурийг сонгож байсан гэдэг. Энэ тухай 1960 оны айхавтар үерийн дараа өвгөчүүл ярьж байсныг аав маань хуучилж байсан удаатай. Үер усны гамшиг хэзээ ч, хаана ч болох эрсдэлтэй. Нэг удаагийн үерт хийж бүтээснээ устгаад нураах биш хамтраад хамгаалаад явах л улс үндэстний нэгдмэл байдлын эд эс баймаар юм даа.

One reply on “Амтай болгон ярих “Авлига хороолол” гэгчийг нураахгүй байх өчнөөн боломж бий DNN.mn”

AvatarШударга бусыг өмгөөлөгч Өдрийн сонинsays:

Нийтийн эрх ашиг нэг компани, хэсэг бүлэг хүний эрх ашгаас дээгүүр тавигдах ёстой бус уу. Нэрнээсээ эхлээд авлигын тод томруун жишээ болсон үйлдлийг шударга ёс, авлигаас ангид байхыг ярьдаг ухуулдаг Өдрийн сонин өмгөөлөхөөр жирийн иргэд одоо яах вэ? Эсвэл танай сонин бас л нэг байдаг жүжигчин юм уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *