Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АМНАТ-аас шууд хамааралтай алтны хууль бус наймаачдад хилийн хориг л саад боллоо

-АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ, ХАРИН ТУШААЛТ НЬ ЭРС НЭМЭГДЭВ-

Энэ жилийн хувьд алтны нийлүүлэлт улам багасна гэж тооцоолж байсан эдийн засагчдын таамаглал эсрэгээр хэрэгжиж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн алтны АМНАТ-ийг 2.5-аас таван хувь болгосонтой холбогдуулан жилийн турш нийт алт тушаалт 15.2 тонн байв. Харин түүний өмнөх жиш буюу 2018 онд төв банкинд алт тушаасан нийт хэмжээ 21.9 тонн байсан юм. Алтны АМНАТ нэмэгдсэнээр алтны нийлүүлэлт ирэх жилүүдэд ч энэ маягаар буурна гэсэн прогноз өнгөрсөн оны эдийн засгийн таагүй мэдээ байлаа. Харин 2020 он гарснаар алтны нийлүүлэлт огцом өссөн сайн мэдээг дуулгаж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар төв банк 3558 кг алт худалдан авчээ. Уг нь 2019 оны нэгдүгээр сард АМНАТ 2.5 хувь байхад дөнгөж 597 кг алт худалдан авч байв. Хоёрдугаар сард адилхан өссөн үзүүлэлттэй байна. Нийт 952 кг алтыг иргэд аж ахуйн нэгжүүд төв банкинд тушаасан бол өнгөрсөн оны мөн үед үүнээс бүр 10 дахин бага буюу 96 кг алт тушааж байв. Өнгөрсөн оны хоёрдугаар сард АМНАТ 2.5 хувь байсныг дахин сануулах ёстой. Харин одоо бол АМНАТ таван хувь болсон цаг үе.

Алтны нийлүүлэлт АМНАТ-тай шууд холбоотой байдаг. Монголбанкнаас гаргасан тоон мэдээллийг харахад алт нийлүүлэлтийн салбарын хамгийн уналттай үеийг 2006 он гэж үзэж болохоор байгаа юм. Энэ онд АМНАТ-ийг УИХ-аас 68 хувь болгож баталсан “түүхт” жил юм. Өмнөх 2005 онд алтны нийлүүлэлт 15 тонн болж өсчихөөд байсан жил. Гэвч хууль батлагдсан жилээс эхлэн Төв банкинд тушаах алтны нийлүүлэлт огцом буурсан байдаг аж. Хууль хэрэгжиж байсан 2010 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Монголбанк жилд 2.1-хэн тонн алт худалдан автлаа нийлүүлэлт буурчээ. Өөрөөр хэлбэл, 2005 оны нийлүүлэлттэй харьцуулахад 7.5 дахин буурсан байдаг. Ингээд АМНАТ 68 хувийг өөрчилж, 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс тав дээр нэмэх нь үнийн өсөлтийн 0-5 хүртэлх хувь гэж тооцож эхэлсэн юм. Хэдийгээр алтны татварыг бууруулсан ч 2005 оны нийлүүлэлттэй хүрч чадаагүй. 2013 онд гэхэд зургаан тонн алт улсын санд тушаагддаг болжээ. Гэхдээ энэ дүн бол 2010 оны бууралттай харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт.

Тав дээр нэмэх нь үнийн өсөлтийн тав хүртэлх хувь гэдэг алтны төлбөрт төр засгаас дахин өөрчлөлт оруулсан нь 2014 он. Алтыг улсынхаа эрдэнэсийн санд төвлөрүүлэх, хууль бус наймааг цэгцлэх гол арга нь АМНАТ хэмээн тухайн үеийн хууль санаачлагчид үзэж байв. Энэ үүднээс алтны АМНАТ 2.5 хувь болон буурсан юм. Хууль шинэчлэгдсэн, АМНАТ буурсан 2014 онд Төв банк 12.7 тонн алт худалдан авч, дараа жил нь ч энэ тоо өсч 15.1 тонн болжээ. Тушаалт жил бүр өссөөр 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 21.9 тонн байсныг сануулъя. Өнгөрсөн онд дээр хэлснээр 15.2 тонн алтыг төв банк худалдан авсан юм. Тэгвэл энэ он гарсаар эхний хоёр сарын байдлаар алт тушаалт 4.5 тоннд хүрээд байна. Өнгөрсөн бүтэн жилийн алтны нийлүүлэлтийн гуравны нэгийг хоёрхон сарын дотор бүрдүүлээд байгаа хэрэг. Мэдээж сайн мэдээ.

АМНАТ-аас шууд хамааралтай алтны нийлүүлэлт ийнхүү өссөөр байгаа нь ямар учиртай вэ.

Монголбанкны зүгээс үүнийг “дэлхийн зах зээл дээр алтны үнэ өссөн. Өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэгдэж батлагдах хугацаанд АМНАТ 10 хувиар суутган авч байсан. Он гарсаар төв банк дотоодын аж ахуйн нэгжээс 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь тус тус нөлөөлж байна” гэж тайлбарлалаа. Зарим эдийн засагч ч дэлхийд алтны үнийн өсөлттэй холбон тайлбарласаар байна.

АМНАТ-ийн өөрчлөлт бол манай дотоодын алт олборлогч, нийлүүлэгчдийн хувьд дэлхийн алтны үнийн өсөлтөөс ч илүү хамаатай зүйл. АМНАТ 2.5 хувиас таван хувь болоход нийлүүлэлт шууд буурсан үзүүлэлтийг өнгөрсөн онд төв банкнаасаа эхлээд эдийн засагчид гэх хүмүүс бүгд л ам уралдан ярьж байсан нь саяхан. Тиймээс нийлүүлэлтийн энэ өсөлт олон улс дээрх алтны үнийн өсөлт гэхээс илүү өөр бодит шалтгаан байгааг учир мэдэх хүмүүс хэлэх боллоо. Тэр бол далд эдийн засаг буюу алтны хууль бус наймаа юм.

Үүнийг батлах цөөн хэдэн тоо хэлье. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр бол алт хилээр гаргах зөрчил өмнөх жилүүдээс нэмэгдээд зогсохгүй хэмжээний хувьд огцом өссөнийг онцолсоор байгаа юм. Алтны АМНАТ 2.5 хувь байсан 2016 оны хэмжээнд 323 гр алт хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагчид илрүүлэн зогсоосон байдаг. Тэгвэл 2017 онд энэ тоо багахан нэмэгдэж 360 гр алтыг хилээр нэвтрүүлэхийг завдах үед илрүүлжээ. 2018 онд 2.1 кг алтыг хил дээрээс гаалийнхан саатуулсан тоон мэдээлэл байна.

Харин 2019 он гарсаар алтны АМНАТ таван хувь болж нэмэгдсэнээс хойш аравдугаар сар хүртэл нийт 9.7 кг алт хил дээрээс хураагдаад байна. Ганц хоёр удаагийн тохиолдол хэдий ч алтны хэмжээ огцом нэмэгдэж байгааг гаалийн байгууллагынхан онцолж буй юм. “Ер нь алтыг өмнөд хөрш руу гаргах сонирхол ченжүүдэд байдаг. Монголбанк нэг гр алтыг 128 мянгаар авч байхад урд 131 мянгаар авч байх жишээтэй. Нэг гр дээр 3000 төгрөгийн зөрүү гэдэг кг-аар тооцохоор хэдэн төгрөгийн ашиг унах билээ. Хятад талаас алт импортолж оруулахад ямар ч татвар авдаггүй. Урд хөршид бол хууль бус алтны эргэлтээр бохир мөнгө угаах магадлалтай гэж таамагладаг. АМНАТ нэмэгдсэнээр хууль бусаар хил давуулах байдал нэмэгдэнэ” хэмээн Монголбанкны хариуцлагатай албан тушаалтан онцолж байсан удаатай.

Харин энэ он гарсаар хилээр хууль бус эд зүйлс давуулах зөрчил дуулдсангүй. Тэр дундаа алтны тухай бүр ч мэдээлэл алга. Олон улсын хэмжээнд корона вирусийн халдвар дэгдэж, Монгол Улс хамгийн түрүүнд БНХАУ-тай хиллэдэг хилээ хааж, экспортыг түр хязгаарласан цаг үетэй энэ байдал давхцаж байна. Өөрөөр хэлбэл, урд хөрш руу хууль бусаар эд зүйлс, алт давуулах боломж хаагдсанаар төв банкин дахь алтны тушаалт нэмэгдэж байна гэж хардах нөхцөл нэгэнт бий болжээ. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өсөхөд Монголд нийлүүлэлт өсөх битгий хэл буурдаг. Нөгөө л алтны хууль бус наймаа цэцэглэх үндэс гэдгийг бид мэдэхийн дээдээр мэднэ.

Тиймээс хил хориотой байгаа энэ цаг үе бол алтны эдийн засгийг илчилж байгааг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Алт бол Монгол Улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлдэг гол үнэт металл. Бүтэн жилийн хугацаанд худалдаж авдаг алтыг хоёрхон сарын дотор бүрдүүлж байна гэдэг энэ салбарт ямар их далд эдийн засаг байгааг харуулж байгаа хэрэг. Одоо бол ийм далд эдийн засгийг яаж цэгцлэх тухай л бодох ёстой биз ээ.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *