Categories
мэдээ нийгэм

Амиа хорлолт их байгаа учраас холбогдох газрууд анхааралдаа авах хэрэгтэй гэв

Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын сургалт судалгааны төв “Амиа хорлолттой холбоотой анхны суурь судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр мэргэжилтнүүд өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харилцаа, сурган хүмүүжүүлэгчдийн шударга бус харилцаанаас болж сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байдаг гэв. Энэ нь сүүлийн үед өсөх хандлагатай байгаа учраас холбогдох газрууд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Судалгааны багийн удирдагч, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Амиа хорлосон хүмүүсийн үлдээсэн 217 гэрээслэлийг харахад ихэнх нь сэтгэлзүйн хүнд дарамтаа дааж чадалгүй амиа хорлосон болох нь тодорхой байсан. Ялангуяа өсвөр насныхны амиа хорлолт нь тэдний сэтгэлзүйн тогтворгүй байдалтай холбоотой нь их байна. Өсвөр насныхныг амиа хорлоход хүргэсэн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин хөвгүүнтэйгээ муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, эцэг эхийн анхаарал халамж дутмаг зэрэг хүчин зүйлтэй холбоотой байсан” гэлээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга “Судалгаанаас харахад 10-29 насны хүмүүсийн дунд амиа хорлолт өсч байна. Тиймээс үүнтэй холбогдуулан Засгийн Газар, Хууль Зүй, Дотоод хэргийн яаманд холбогдох саналуудыг хүргүүлсэн. Мөн Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамнаас “Бусдыг амиа хорлох” явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдэл бичиг хүргүүлээд байна” гэв.

Нийт судалгааны дүнгээр жилд дунджаар 441 хүн амиа хорлож байна гэсэн дүн мэдээ гарчээ. Нийт амиа хорлосон тохиолдлын 1.729 нь эрэгтэй, 326 эмэгтэй байсан бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон үзүүлэлт гарсан байна.

Мөн сүүлийн таван жилийн судалгааны дүнгээс харахад 10-25 насны 605 хүн амиа хорлосон байх бөгөөд нийт 2055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлжээ. Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь нь бүртгэгдсэн аж.

Суурь судалгааны явцад гарсан үр дүнг бататгах зорилгоор санамсаргүй түүврийн аргаар 400 эрүүгийн хэрэг уншиж хэрэг тус бүр дээр дүгнэлт гаргасан байна. Ингэхдээ сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *