Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкийн хоолны соёл нь тухайн орон нутаг, газарзүйн байрлалаасаа хамааран өөр өөр байдаг DNN.mn

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас соёл урлагийн цуврал арга хэмжээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Америкийн өдрүүдийн хүрээнд “Америкийн баримтат кино өдрүүд” арга хэмжээг зургадугаар сарын 15-19-ний хооронд Тэнгис кино театрт зохион байгуулсан. Америкийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээнүүдийн нэг болох “Нээлттэй хаалганы өдрүүд” арга хэмжээг өчигдрөөс эхлэн 24-ний хооронд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төвд иргэдэд үнэ төлбөргүй хүргэж эхэлсэн юм.

Энэ удаад “Америк хоолны соёл” сэдвээр нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. “Америкийн соёл мэдээллийн төв”-ийн хөтөлбөрийн номын санч Б.Шүрэнбагана “Энэ долоо хоногийн турш 21-25-ны өдрийг дуустал Америк Монголын харилцааны 35 жилийн ойд зориулан Америкийн нээлттэй хаалганы өдрүүдийг Улаанбаатар дахь Америкийн төв зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь Элчин сайдын яамнаас Америк дахь сургуульд урт, богино хугацаагаар төгсөж ирсэн төгсөгчдийн мэдээ мэдээллийг, мөн солилцооны хөтөлбөрүүдийн тухай мэдээллийг өгөх гэх мэтчилэн арга хэмжээнүүд бий. Өнгөрсөн долоо хоногт Тэнгис кино театрт “Америкийн кино өдрүүд” арга хэмжээг олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулсан. Кино өдрүүдийн арга хэмжээгээр монгол найруулагч болон киноны чиглэлээр ажиллаж буй уран бүтээлчдийг хамруулахыг зорьсон. Нээлттэй хаалганы өдрүүд өчигдрөөс Улаанбаатарын Америкийн төвд эхэлж байгаа. Соёлын хөтөлбөрүүд болон “Open­mic” гэх хөтөлбөр бий. Тухайн хөтөлбөрт оролцож Америк болон Монголын соёл хоорондоо ямар ялгаатай байна гэх мэтчилэн мэдээллийг авснаараа бидэнд ямар ач холбогдолтой болох, Монголын соёл урлагийнханд ямар давуу талтайг харьцуулж мэдэх боломжтой юм. Өдөрлөгт хүссэн хүн бүр ирэх боломжтой” гэв. Тус Нээлттэй хаалганы өдөрлөгийг Фулбрайтын англи хэлний туслах багш Оодри Кулберг “Цагаан хоолны соёл”-ын талаарх илтгэл тавьж эхлүүллээ. Түүний сэтгэгдлийг сонсоход “Би одоогоор Фулбрайтын англи хэлний туслах багшийн хөтөлбөрөөр монгол коосэн технологийн коллежид ажиллаж байгаа. Арга хэмжээ маш сайхан болж байна. Би цагаан хоолны талаар илтгэлээ тавьсан, миний илтгэлийг ийм олон хүн сонирхож ирнэ гэж ерөөсөө бодоогүй. Хоол бол амьдралын хамгийн гол хүчин зүйл. Гэхдээ ихэнх хүмүүс хоол идэхдээ өөрийн эрүүл мэндээ бодож иддэггүй байх. Өөрт нь ямар сэтгэгдэл илүү төрүүлж байгаа, өөрийн сэтгэл хөдлөл, өөрийг нь хэрхэн аз жаргалтай болгож байна гэдгээс хамаарч хоолоо сонгодог. Би хэдийгээр цагаан хоолтон ч ганцхан эрүүл байхын тулд энэ сонголтыг хийгээгүй. Хоол гэр бүлийн уур амьсгал, найз нөхөдтэйгөө байх орчинг илүү утга учиртай болгож өгдөг гэж боддог. Би анх зүгээр л мах иддэг байсан. Цагаан хоол идэх шийдвэр гаргаж, цагаан хоолтон болсноос хойш бие физиологийн талаас илүү хөнгөн, эрч хүчтэй болж байгаа мэт санагдсан. Мэдээж мах идэхээ больж байгаа учраас тодорхой амин дэм витаминуудыг авахгүй болохоор нэг хэсэгтээ хүнд юм билээ. Түүнийгээ дараа нь зохицуулж сурсан. Гэхдээ сэтгэл зүйн хувьд ч бас намайг илүү өөртөө итгэлтэй болгож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Одоогоор энэ сэдвээр олон судалгаа хийгдэж мэргэжилтнүүд олноор ирж байгаа. Энэ талаарх сонирхолтой “TED talk”-уудыг ч сонирхож үзвэл илүү ихийг сурч мэдэх байх” хэмээв.

Дараагийн илтгэгчээр АНУ-ын Төрийн департментын дадлагажих хөтөлбөрийн оролцогч Иан Найт америк хоолны соёлын талаар ярив. Тэрээр “Энэхүү арга хэмжээг Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны хамт олон зохион байгуулж байгаадаа их баяртай байгаа. Тус үйл ажиллагаанууд нь АНУ болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна. Америкийн соёлын өдрүүдийг бид Америкийн соёлын төвд зохион байгуулж, бусад орон нутагт байдаг Америкийн соёл, мэдээллийн дөрвөн төвд шууд дамжуулж байгаа. Би Америкийн үндэсний хоолны талаар Америкийн хоолны гарал үүсэл, ард иргэд ямар хоолыг давамгайлж хэрэглэдэг болон муж мужаас ямар ялгаатайгаар хоол хүнс хэрэглэдэг талаар илтгэлээ тавьсан. Америкийн хоолны соёл нь орон нутаг газарзүйн байрлалаасаа хамааран өөр, өөр байдаг. Тухайлбал, хот суурин газрын хоол нь шилжин нүүж ирсэн хүмүүсийн соёлоос хамааран амтлагч ихтэй, олон төрлийн хурц амттай, хурдан болцтой байдаг. Харин хөдөө орон нутгаар тал газарт буй америкчууд илүү энгийн амтлагчгүй зөвхөн мах будаа, гурилтай ердийн ногоотой хоолыг хэрэглэх нь түгээмэл байдаг. Энэ боломжийг ашиглан олон нийтийг манай Америкийн өдрүүдэд хүрэлцэн ирэхийг уриалж байна. Өнөөдрөөс эхлэн Америкийн Элчин сайдын яамнаас явуулдаг соёл, урлаг боловсрол болон консулын үйл ажиллагаатай танилцах өдөрлөг зохионо. Ирэх долоо хоногоос АНУ-ын цэргийн найрал хөгжмийн хамтлаг үнэ төлбөргүй тоглолтоо хийнэ. Эдгээр үйл ажиллагаанд ард түмэн нээлттэй бөгөөд өргөнөөр хамрагдана гэж найдаж байна” хэмээв.

Тус өдөрлөгийн үеэр илтгэлд оролцсон иргэдээс сэтгэгдлийг нь тодрууллаа. ХУД-ийн 7 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Бямбаа “Энэ долоо хоногт АНУ болон Монгол Улсын хамтын ажиллагааны 35 жилийн ойн арга хэмжээ болж байна. Би таван жилийн өмнө ч гэсэн 30 жилийн арга хэмжээнд оролцож байсан. Миний хувьд англи хэлний багш учраас 2017 оноос хойш энэ хөтөлбөрүүдэд тогтмол ирж мэдээлэл авч ирсэн. Өөрийн мэргэжил боловсролдоо анхааран англи хэлний багш нарын заах арга зүйн сургалтад ч хамрагдаж ирсэн. Үүгээр дамжуулаад сурагчдаа АНУ-тай холбоотой мэдээллийг аваасай гэж эцэг, эх, сурагчдад үргэлж дамжуулдаг. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаа нь хүүхдүүдэд олон нийтийн ажилд оролцох, мөн хүнтэй харилцаж сурах болон англи хэлний мэдлэгээ дээшлүүлэн тухайн Native speaker-ээс асуулт асуух зэрэг давуу талтай байдаг. Тиймээс дараа дараагийн үйл ажиллагаанд бүх салбарын хүмүүс олон нийтэд үнэ төлбөргүй байдаг учраас ирж оролцоосой гэж хүсье. Гадаад руу ямар зорилгоор ажиллаж амьдрах, сурах гэх зэрэг мэдээллийг эндээс бүрэн авах боломжтой. Олон нийтэд нээлттэйгээр болж байгаа үйл ажиллагаанд монголчуудыг идэвхтэй хамрагдаасай гэж хүсч байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

“Монгол Тэмүүлэл” лаборатори сургуулийн 11г ангийн сурагч Ч.Хонгор “Анх эгчээсээ ийм өдөрлөг болдог гэж сонссон. Энэ удаа намайг яваад үз гээд, сонирхоод ирлээ. Хоолны талаар мэдлэг боловсрол олгож байгаа нь маш сонирхолтой санагдлаа. Хоол хүний дурсамж, бүтээлч сэтгэлгээ, эрүүл мэнд, соёл, нийгмийн харилцаанд бүхий л ул мөрөө үлдээдэг гэдгийг сануулсанд талархах нь зүйтэй болов уу. Иймэрхүү хоолны талаар өмнө нь ингэж нарийн судалж үзээгүй юм байна лээ. Америк гээд бодохоор хамгийн түрүүнд хоол хэзээ ч бодогдож байгаагүй. Вэган хоол буюу цагаан хоолыг монголчууд дийлэнх нь сонирхдоггүй ч энэхүү өдөрлөг үнэхээр сайшаамаар мэдлэг өглөө. Энэ долоо хоногт үргэлжлүүлээд сууна аа. Ирэх өдрүүдэд Америкт сурах боломжийн талаар яриа, мэдээлэл өгнө гэсэн. Би өөрөө арван жилийн сурагч болохоор надад маш гайхалтай байна” хэмээв.


Уншигчид та бүхэндээ Америкийн өдрүүдийн хүрээнд цаашид зохион байгуулагдах арга хэмжээнүүдээс хуваалцъя.


Зургадугаар сарын 23-ны өдөр Англи хэл, мэргэжлийн солилцооны хөтөлбөр сэдвийн хүрээнд төгсөгчдийн холбоодын танилцуулга (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо – MASA), англи хэлний хөтөлбөрийн танилцуулга (англи хэл суралцагч, багш нарт зориулав): MOOC цахим хичээлүүд, тоглоом, дуу хөгжим, англи хэлний багш нарт зориулсан гарын авлага, вебинар, Facebook live, You­Tube сувгийн хичээлүүд, мэргэжлийн солилцооны Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга тус тус явагдана.

Зургадугаар сарын 24-ний өдөр Америкт суралцъя-Боловсролын хөтөлбөрүүд, Консулын мэдээлэл сэдвийн хүрээнд ЭСЯ-наас удирдан явуулдаг боловсролын солилцооны хөтөлбөрүүд болох Фулбрайт, UGRAD, SUSI, TechGirls, ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулгыг хүргэх юм.

Дээр дурдсанчлан АНУ-ын цэргийн хамтлаг аялан тоглолтоо зургадугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд, 28-ны өдөр Дархан хотын “Залуучууд теарт”-т, 30-ны өдөр Улаанбаатар хотын Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд хийх аж.

Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох яриа нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар LIVE-аар түгээгдэж буй юм.

Ц.УЯНГА

Э.БААСАНДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *