Гуравдугаар сарын 5-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески нар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2024 он хүртэл хэрэгжих “Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” БЭСТ хөтөлбөрийг албан ёсоор нээж, хонх цохив. Уг хөтөлбөр нь хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн гэрээ”-ний хүрээнд Монгол Улсын жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, ил тод сайн засаглалыг бий болгох замаар эдийн засгийг солонгоруулах зорилготой юм. Төсөл Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон зэрэг нэр бүхий 12 аймагт хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын ард түмнээс өгч буй хөрөнгө оруулалтыг манай улстөрчид дахиад өөрийн компаниуддаа хуваарилаад шамшигдуулчих вий, зарцуулалтыг сайн хянаж ажиллах ёстой гэсэн агуулга бүхий мессэжүүдийг иргэд хэлэх болсон. Тэгвэл санаа зовох шаардлагагүй. Уг төсөл, санхүүжилтийн 41 тэрбум гаруй төгрөг Засгийн газар, Сангийн яамтай ямар ч хамааралгүй юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай гэрээ байгуулж, хонх цохисон нь ёс төдий бөгөөд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажиллаж байгааг мэдэгдэж, бизнес эрхлэгчдийг уг төсөлд хамруулж чадавхжуулахад хамтарч ажиллахыг хүссэн төдий. Нэг үгээр хэлбэл, төслийн санхүүжилт, зарцуулалтад Сангийн яам, Монголын төрийн байгууллага огт оролцохгүй гэсэн үг. Зөвхөн бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой. Иймээс 41 тэрбум гаруй төгрөг жижиг, дунд үйлдвэрлэгчид биш улстөрчдийн халаасанд орох нь ээ хэмээн санаа зовох шаардлагагүй.
Төслийг “Хөгжлийн шийдэл” ТББ хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар төсөлтэй холбогдуулж албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүйг албаны хүмүүс тайлбарласан. Төслийн эхний санхүүжилт удахгүй орж ирнэ.
Уг хөрөнгө оруулалт бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шууд зориулагдахгүй. Харин тэднийг чадавхижуулахад зарцуулагдах юм. Харин 2021 оноос зарим шаардлагатай төслүүдэд санхүүжилт олгох аж. Америкийн тал санхүүжилтийн зарцуулалт, үр дүнг хянах журамтай. Үүний дагуу тайлан тооцоо, хяналт шалгалт явагдах тул ЖДҮХС-гийн мөнгө хэдэн эрх мэдэлтний халаас руу ороод замхардаг шиг зүйл давтагдах ямар ч боломжгүйг эх сурвалж хэлсэн.
Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. АНУ-аас уг төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь нийтлэлийн эхэнд дурдсан тоо баримтад суурилсан байдаг. Тодруулбал, манай бизнес эрхлэгчид зээл авахдаа үйл ажиллагааны зардлын 4.4 хувьтай тэнцэх хөрөнгийг албан бус зардал болгож гаргаж байгаа нь авлига, хүнд суртал их болохыг харуулна. Энэ нь хоёр нөхцөл байдлыг илтгэж буй аж. Нэгдүгээрт зээл, санхүүжилт өгч байгаа байгууллагууд өөрсдөө ил тод байдлыг хангаж, үнэлгээний хороондоо ТББ, бизнесийн төлөөллүүдийг оруулж, шударга ажиллаж байна уу гэх асуудал юм. Нээлттэй, ил тод бус, хяналт султай байдлыг далимдуулж эрх мэдэлтнүүд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлдаг, хууль бус үйлдлүүд гаарах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Хоёрдугаарт, бизнес эрхлэгч зээлээ бүтээхийн тулд яагаад заавал лобби хийх гээд байна гэвэл мэдлэг мэдээлэл муутай, урт хугацаанд бизнесээ төлөвлөж хөгжүүлж чадахгүй байх, компанийн засаглал муу зэрэгтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, бизнесээ удирдан авч явах чадавх сул байдал нь эргээд бусдын өгөөш болж, эргээд ажлаа бүтээхийн тулд хэн хэнийг лоббидох, авлига өгөх зэргээр буруу гарц хайхаас өөр аргагүй байдалд хүргэж буй. Иймээс дээрх төслийн гол зорилго нь бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулж, чадавхжуулан, жижиг, дунд үйлдвэрлэлийнх нь өсөн дэвжих үйл явцад мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх явдал аж. Бизнес эрхлэгч мэдээллээр хангагдаж, мэдлэг чадвар нь дахиад ирвэл ном журмынх нь дагуу явах зүйл дээр авлига өгөх шаардлагагүй, мөн заавал төрийн элдэв сан гэхгүйгээр санхүүжилтийн бусад эх үүсвэрүүдийг олох боломж ч бүрдэх гэнэ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй BEST төсөл таван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсэг буюу зээлийн үйлчилгээ юм. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнесийг засаглалын хувьд сайжруулна. Гуравдугаарт, санхүүжилтийн орчинг сайжруулах чиглэлээр ажиллана.
Эцэст нь аливаа төсөл хөтөлбөрийг төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх нь төрд найдаж мөнгө өгснөөс илүү найдвартай аж. Ингэхдээ бизнес эрхлэгчдэд шууд санхүүжилт олгохоос илүү мэдлэг, мэдээлэл түгээх нь хамгийн чухал юм байна.
Бизнесээ төлөвлөж, удирдан чиглүүлэх бүрэн дадал, мэдлэгтэй болж, мэргэжлийн багаар ар талаа хамгаалуулсан бизнес эрхлэгч санхүүжилт олохын тулд элдэв сангуудад авлига өгөх бус ном журмынх нь дагуу явахыг шаардах болно. Бүр болохгүй бол зөвхөн Монгол гэлтгүй олон улсын зах зээл дээрээс төсөл бичиж санхүүжилт олох олон мянган гарц байгаа юм. Энэ хандлага л бизнесийн орчинг цэвэршүүлнэ. Түүнээс биш төрд мөнгө өгөөд жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлээрэй гэх нь чононд хонь хадгалуулсантай ижил болоод байна.
Г.БАТ