Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномыг Олон улсын Алтай судлалын байнгын бага хурлаас алтан медалиар шагналаа. Шагналыг Германы монгол судлаач Оливер Корфф түүнд албан ёсоор гардуулж өгсөн юм.
Олон улсын Алтай судлалын байнгын бага хурал ( PIAC)-ын алтан медалийг 1963 онд Бельгийн Монголч эрдэмтэн Антоон Мостартад анх гардуулж байжээ. Үүнээс хойш жил бүр Алтай судлалд өндөр хувь нэмэр оруулсан олон улсын нэр хүндтэй эрдэмтдэд уг шагналыг олгосоор ирсэн байна.
Энэхүү шагналыг одоогоор Германы эрдэмтэн Э.Хэйниш, Унгарын эрдэмтэн Гюла Немет, Америкийн эрдэмтэн Н.Поппе нарын тэргүүтэй 49 эрдэмтэн хүртээд байгаа аж.
Тэгвэл монголоос анх удаа 1965 онд Бямбын Ринченд олгож байжээ. Тэгэхээр академич Д.Цэрэнсодном энэхүү шагналын эзнээр тодорч байгаа хоёр дахь монгол эрдэмтэн болж байгаа юм.