Categories
мэдээ цаг-үе

Алтай ханы Таванбогд хайрханыг анх удаа тахилаа

Баян-Өлгий аймгийн Улаан-Хус болон Цэнгэл сумдын нутагт байрлах Алтай ханы Таванбогд хайрханыг тахих Төрийн ёслол энэ сарын гуравны өдөр боллоо. Алтай Таванбогд хайрханыг тахих зарлиг 2012 онд гарсан бөгөөд түүнээс хойш анх удаа зуны дунд сарын шинийн зургааны өдөр анх тахьсан юм. Төрийн тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүн А.Бакей, тус аймгийн Засаг дарга Х.Дармен тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нарын хүндэт хүмүүс оролцлоо. Төрийн тахилгын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “…Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг. Найман зууны тэртээ намхан чийрэг монгол морьдын туурайнд тамгалагдсан нутаг билээ. Уртын дуу эгшиглэж, уран биелгээ дэвжсэн газар орон. Энэ газар шороон дээр эх түүхийн маань нэг хэсэг бичигдсэн юм.

Их эзэн Чингэс хааны байгуулсан Монголын эзэнт гүрний газар нутгийн төв дунд оршиж байсан Алтайн уулс эдүгээ Монголын олон угсаатан ястны эв найртай орших орон гэр, хөгжин дэвжигч бүс нутгийн бэлгэдэл төдийгүй мөнхийн хөрш Орос, Хятад улстай уул усны холбоотон, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын түнш, уугуул суугуул хүн зоны хувьд эрх тэгш, эв найрамдалтай, энх мөнх зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна. Иймээс Алтай ханы Таванбогдын төрийн тахилга нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд энхийг эрхэмлэгч гадаад бодлогын гүн утга бэлгэдэл болон сүндэрлэж байна” гэлээ. 

Тахилгын арга хэмжээнд оролцсон казах, урианхай, тува, дөрвөд, торгууд, мянгад, хотон, хотгойд, халх, баяд, захчин, өөлд гэсэн олон ястны төлөөлөл төрийн тахилга сайхан болж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Энэ өдрийн өглөө наран үүлэн цаана өнжиж, Таван богд хайрханы Потанины болон Александрын мөсөн гол Их Монгол, Малчин, Хүйтэн тэргүүт оргилууд үүлэн хөшиг өмнүүрээ хөндөлсүүлж байгалийн үзэсгэлэнгээ нуусан байлаа. Алтай Таванбогд  хайрханы тахилгад оролцохоор Улаанбаатар, Дархан, Увс, Ховд, Говь-Алтай аймгуудаас иргэд хүрэлцэн ирсэн байсан юм. Төрийн тахилгын зан үйлийн өмнө лам нар ном уншиж байгаль дэлхийг аргадав. Морин цагт Төрийн тэргүүн хүрэлцэн ирснээр тахилгын арга хэмжээ эхэллээ. Ерөнхийлөгчийг үг хэлж эхлэнгүүт үүлэн суудалт уулс хөшгөө нээж, энэ өдрийн нар морин цагт анх удаа наран үүлэн цаанаас шагалзав. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үг хэлж байхад тэнгэр бүрэн цэлмэж, цаст хайрхануудын хүйтэн салхи арилсан юм. “Төрийн тэргүүн гэдэг эв нэгдлийн илэрхийлэгчээс гадна байгаль дэлхийтэй холбоотой хүн юм байна” хэмээн Цэнгэл сумаас ирсэн иргэд өөр хоорондоо ярилцаж байсан юм. Тэргүүн хамба Д.Чойжамц  “Энэ хайрхан цаанаасаа эзэнтэй нь мэдэгдлээ. Ерөнхийлөгчийг зарлигаа уншиж байхад нь нар мандаж, тэнгэр цэлмэлээ. Энэ сав шим бидэнд ивээл хайраа үзүүлж байна. Бид эвтэй найртай байж Монгол Улсыг босгох юм шүү” гэдгийг ч хэллээ. Алтай Таванбогд хайрханы тахилгад явах зам тийм ч сайн биш тул “Сайн жолооч, хийморьтой хүмүүс л тахилгадаа оролцоно доо” гэдгийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн мэргэжилтэн М.Жухаан хэлж байлаа. Үнэхээр л хөлтэй нь хөлхөж хүрмээр, хөлгүй нь мөлхөөд ч хамаагүй хүрч анх удаагийн төрийн тахилгад оролцох хүсэлтэй байгаа нь хайрханд очихоос өмнө уулзсан нутгийн иргэдийн амнаас гарч байсан юм. Хэр баргийн зүйлд үг унагаад байдаггүй ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн “Үнэхээр бяртай уулс юм аа” хэмээн сүсэглэн залбирч зогслоо. Нутгийн иргэд Монгол Улсын дархан аварга А.Сүхбаттай зургаа татуулах хүсэл байсан бөгөөд энэ өдрийн хамгийн эрэлттэй хүнээр түүнийг нэрлэж болохоор байлаа. Тахилгын арга хэмжээнд оролцож буй хүмүүс Төрийн тэргүүнээ бидний хэлж заншсанаар “амьдаар” нь харахаар ирснээ нуусангүй. Тэр бүү хэл А.Сүхбат аварга, Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров нарын мундагчуудын гэгээн дүрийг харж халуун гарыг атгасандаа талархаж байгаагаа илэрхийлэв. Тэд ч гэсэн нутгийн иргэдтэй энэ сүрлэг уулсын өмнө халуун дотно яриа өрнүүлсэндээ баяртай байгаагаа хэллээ. Б.Лхагвасүрэн найрагчийн уулсын өмнө хэлсэн санаашрал, ухаарал тээсэн үгс, Сүхбат аваргын нутгийн иргэдийн мөрөн дээрээс дэвээ шаваагаа хийж байгааг харахад сэтгэлд дотно санагдах. Тахилгын арга хэмжээний үеэр хүчит 64 бөхийн барилдаан уулын өвөр бэлд  болж, 100 орчим шандаст хүлэг уралдаж тэнгэр хөгжөөсөн юм. 

Мөнгөн оройт уулс нь сүр бараагаа мэдрүүлэх гэсэн мэт нарны улбар туяа ойн буух нь нэн таатай. Мөсөн голууд үе үехэн хүрхэрч буй арслан мэт чимээ өгнө. Энэ өдөр Хүйтний оргилыг эзлэн бууж яваа уулын спортын тамирчид тааралдав. Тэдний хувьд Хүйтний оргилд өмнө нь хэдэнтээ гарсан бөгөөд энэ өдөр оргилыг эзэлчихээд бууж явна гэлээ. Уулчдын араас мөн л оргилоо үзүүлэх дургүй Хүйтний оргилд өглөөний зургаан цагт авиралтаа хийсэн тухай хэлж байв. Уулчдын хамт яваа гадаадын уулчид Монгол Улсын төрийн тэргүүнийг харсандаа, түүнийг үгээ хэлж байхад нь гурван өдөр хөшгөө нээгээгүй оргилууд нүүрээ угаах мэт гэрэлтэн байсан нь цаанаа ямар нэгэн учиртай хэмээн ихэд догдлонгуй хэллээ. 

Алтай Таванбогд нь Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн улсыг дамнан оршдог бол Төв Азийн нийт мөсөн голуудын 80 гаруй хувь нь эл хайрханаас эх авдаг аж. Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *