Коронавирус цэнхэр гаригийг хэр удаан ноёрхохыг хэлэхэд эрт байна. АНУ, Хятадын харилцаа хүйтэрлээ, дэлхий хаашаа ч эргэж мэдэх нь гэсэн эргэлзээ болгоомжлолтой өдрүүд үргэлжилж буй энэ цагт эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүйхэн шиг, төгрөгөө цаас болгочихгүйхэн шиг аж төрөх ухаан сийлэхээс аргагүйд хүрээд байгаа нь булзах аргагүй бодит үнэн. Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж яваа ганц том төсөлтэйгөө дайн зарлачихсан, корона гэсэн шалтаг дор эдийн засгаа нам зогсоочихсон, жил жилийн зун овоо хэдэн доллар чирээд ирчихдэг байсан аялал жуулчлалын салбар нь тэг заасан, нүүрс, зэсийн дараа доллар олж нүүр тахалдаг ноолуурын экспорт нам жим болсон, нүүрсний экспорт түрүү жилийн өдийгөөс даруй 50 хувиар буурсан хэцүү цагт бидэнд найдах ганц л зүйл байна. Тэр нь алт. Алтны салбараа өөд нь татаж, олборлож байгаа алтны хэмжээгээ өсгөчихвөл төгрөгийн ханш шалдаа бууна гэсэн айдасгүй аж төрөх боломжтой. Алтыг хүн төрөлхтөн эрт цагаас л төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашигласаар ирсэн түүхтэй. Өнөө цагт ч алтны гүйцэтгэх үүрэг өссөн үү гэхээс буугаагүй. Орчин үеийн эдийн засагт алт цаасан мөнгө үнэгүйдэх үед үнэ цэнээ хадгалах санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт болж хувирсан. Худалдааны дайн, цар тахлаас эхлэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал цааш хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй ийм үед алтандаа найдахаас өөр арга бараг л алга гээд байгаа нь цаанаа ийм учиртай.
Алт олборлолтоо өсгөхийн тулд яах ёстой вэ гэсэн асуултад хариулахаа түр азнаад дэлхийд өнөөдөр яг юу болоод байна, АНУ Хятадын сөргөлдөөн маньд яаж нөлөөлөх вэ гэдэг дээр учир мэдэх улс ямар байр суурьтай яваа талаар цөөн үг хэлье. Хятад хэлний гэсэн тодотголоор нь олны мэдэх Д.Болдбаатар бол үгийг нь сонсох учиртай сэхээлэг хүмүүсийн нэг. Энэ эрхэм саяхан нүүр номдоо дэлхий хаашаа яваад байгааг сүрхий ажиж бичсэн харагдсан. Тэрээр “Нэгэн хэсэг өндөр хурдтай хөгжлөөрөө үдийн нар шиг гялалзаж байсан өмнөд хөрш маань сүүлийн үед тун базаахгүй байдалтай болсонд хэл, соёлыг нь сурсан хүний хувьд сэтгэл чамгүй эмзэглэж л сууна. Одоогийн байдлаар Хятад улсын нутаг дэвсгэрийн зургааны нэг хувь үерийн гамшигт өртөөд байгаа бөгөөд Аньхуй муж гэхэд нутаг дэвсгэрийн 90 хувь нь усанд автаад байна л даа. Харин Хятадын нөлөө буурахыг дагалдаад түүний эзэлж байсан хий хоосон орон зайнд эзэн суух гэсэн өрсөлдөөн илт ширүүсч эхэллээ… АНУ цагтаа Хятадтай нийлж ЗХУ гэдэг хэт их гүрнийг унагаж чадсан… Одоо Сэм авга маань Япон, Англи, Энэтхэг, Австрали зэрэг том гүрнүүдтэй хавсайдан Хятадыгаа унагаах ангуучлалд идэвхтэй явж оров бололтой. Ингэж том хөдлөхдөө Оростой тодорхой тохиролцоо хийгээгүй гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй нь ойлгомжтой. Японоос гадна Хятадын уналтын эсрэг маш их хожил авч байгаа хоёр улс гэвэл Энэтхэг, Вьетнам… Өнгөц харахад их эмзэг сөрөг нөлөөлөлд автаж болохоор улсууд гэвэл эхний ээлжинд Өмнөд Солонгос, Монгол хоёр байж мэдэх л юм” гэж байр сууриа илэрхийлсэн байна лээ. Хэрвээ байдал энэ зүг рүү эргэвэл нүүрс, зэсэндээ зуун хувь найдаад суухад хэцүү зураг тодорч мэдэх л юм. Байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, цар тахлаас улбаатай хямралыг тэсч үлдэх ёстой гээд байгаагийн дараагийн том шалтгаан нь энэ.
Оны эхний зургаан сарын байдлаар экспортоос олох доллар хэр байсныг эргэж харъя. Эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын экспортын орлого 28 хувиар буурсныг статистикаас харчихаж болно. Өмнө дурдсанчлан нүүрснээс олох орлого огцом унасан нь экспортын орлогыг ингэтэл хойш чангаасан хэрэг. Нүүрс, зэсийн хувьд үнэ нь харьцангуй тогтвортой гэсэн сайн мэдээ бий. Алтны илүү өөдрөг өнгөлөг зураг харагдаж буй. Алтны ханш огцом цойлж байгаа тухай мэдээлэл давтамжтай цацагдаж байгаа.
Тодруулж хэлбэл, нэг унци алтны үнэ 1975 ам.доллараар хэмжигдэж байна. Алтны ханш ойрын хоёроос гурван сардаа өсөлтөө хадгална гэсэн таамгийг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Цаашдаа ханш нь унахгүй тогтворжих таамаг голлож буй.
Тэгэхээр алтны салбартаа онцгой анхаарч, валютын нөөцөө зузаатгаад авах боломж У.Хүрэлсүхийн Засгийн газарт байна. Алтны салбарын тухайд хайгуул нь хумигдсан, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэж чадахгүй яваа, тоног төхөөрөмжийн шинэчлэл шаардлагатай, сум орон нутгийн дэмжлэггүйгээр явахгүй нь тодорхой болсон, хууль бус олборлолтыг шийдвэрлэхээс аргагүйд хүрсэн гэх мэт өчнөөн асуудал бий. Хайгуулыг эрчимжүүлбэл нөөц өснө, нөөц өсвөл энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж нээгдэнэ. Хэзээд үнэ цэнээ алддаггүй, эдийн засаг хямрах үеэр ханш нь улам цойлдог шаргал металлын нөөц байхгүйн зовлон Монголд үгүй. Хайгуулын шатандаа яваа сайн төслүүд ч бий, хайгуул хийвэл дажгүй нөөц илрэх боломжтой газрууд ч байгаа. Хайгуулын тухайд зөвшөөрөл өгдөг явцыг хялбаршуулах өөрчлөлт оруулах, татварын хувьд өмнөх шигээ хөнгөлөөд өгөх гэх мэт УИХ, Засгийн газар хуруугаа инчдэх төдийд хийчих цөөнгүй ажлууд бий.
Ноолуурын салбараа дэмждэг шиг алтны салбартаа тухайлсан хөрөнгө санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх тухай ярьдаг ч яагаад ч юм бүү мэд дорвитой ахиц харагддаггүй. Хүү, хугацааны хувьд боломжийн нөхцөлтэй санхүүжилт өгчихөд богино хугацаанд төлчих боломжтой гэж алтны компаниудын удирдлага сонин хэвлэлд дуугарсан харагддаг.
Иргэний хөдөлгөөн, улс төрийн зодоон гэх мэт элдэв шалтгаанаар тушиж хорихгүйгээр урагшлуулдагсан бол хэдэн том төслөө хөдөлгөчихөд Төв банкны алтны нөөц огцом өсөөд ирнэ гэж алтны салбарынхан ярьдаг нь үнэнд ойрхон л сонсогддог.