Categories
мэдээ нийгэм

“Алдарын од”-ын анхны эзэд тодорлоо

Монголын анхны “Алдарын од” шагналыг “Соёл-Эрдэнэ” хамтлагт өнөөдөр гардуулж өглөө. Уг ёслол дөнгөж сая Соёлын Төв Өргөөний баруун хойд талд болсон юм. Ёслолд нийслэлийн захирагч Э.Бат-Үүл болон монголын рок попын үе үеийн төлөөлчид, үе үеийн “Соёл-Эрдэнэ”-чүүд оролцлоо.

Ёслолын эхэнд Э.Бат-Үүл “Өнөөдөр “Соёл-Эрдэнэ”-чүүддээ баяр хүргье. “Алдарын од” шагнал бөгөөд хамгийн анхныхыг нь “Соёл-Эрдэнэ” хамтлагт өгөхөөр шийдвэрлэсэн. Учир нь Монголын рок попын урлагт тус хамтлагийн оруулсан хувь нэмэр үнэлж барашгүй их. Иймд НИТХ-ын тэргүүлэгчид 100 хувь дэмжиж тус шагналыг олгохоор болсон. Мөн цаашид буюу жил бүрийн долоодугаар сарын 30-нд уг шагналаар Монгол соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруусан уран бүтээлчийг шагнаж байхаар шийдвэрлэсэн. Хэдийгээр гадны улс оронд “Алдарын од”-ыг газар бүтээдэгч бид Монгол уламжиллаа дээдээлж, Соёлын Төв Өргөөний гадна хананд тусгай тавцан зассан. Мөн өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, “Соёл-Эрдэнэ”-ийн долоон гишүүдийн энгэрт “Алдарын од”-ыг зүүж өгөхөөр боллоо. Энэ хамтлагийн гишүүдийн нэг МУГЖ Насантогтох өдгөө хөдөө орон нутагт явж байгаа гэсэн. Түүний шагналыг дараа нь хүлээлгэн өгнө” гэж хэллээ.

Ёслолын үеэр хөгжмийн зохиолч Б.Долгионы сэтгэгдэлийг сонслоо. Тэрбээр “Өнөөдөр рок попынхон бид нарын хувьд маш сайхан тэмдэглэлт өдөр болж байна. Энэ бол бидний мөрөөдөл байсан. Уг мөрөөдлийг маань биелүүлж байгаа хотын удирдлагууддаа баярлалаа. Гадаад жуулчид монголд ирээд энэ улсад ийм ододын хөшөө байдаг юм байна, монголын орчин цагийн хөгжим хөгжсөн байдаг юм байна гэж бодно. “Соёл-эрдэнэ” хамтлагийг монголын урлагийн их сургууль гэж болно. Өнөөдөр рок попод танигдсан,хамгийн олон фенүүдтэй уран бүтээлчид энэ хамтлагаар дамжсан байдаг. Орчин цагийн хөгжмийг монголд хөгжүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Энэ утгаараа би тэндэнд хүндэтгэл үзүүлэхээр энд ирээд байна. Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг бол “Соёл-Эрдэнэ” хамтлаг” гэв.

1969 онд Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамбын санаачлагаар анх “Соёл Эрдэнэ” хамтлагийн суурийг тавьж байжээ. Энэ цагаас ятгачин дөрвөн залуу цахилгаан гитар, бөмбөр суран тухайн үеийн Соёлын сайд С.Сосорбарам хөөцөлдөж, Японы алдарт “Yamaha” фирмийн хөгжмийн хэрэгсэлтэй болгосноор манайд жинхэнээсээ рок попын урсгал хөгжин гарч ирэх бололцоо бүрдсэн гэдэг.

Тэд анх “Соёл Эрдэнэ” чуулга нэртэй байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж байсан бөгөөд нэлээд хожим “Соёл Эрдэнэ” хамтлаг гэх болсон түүхтэй гэнэ. Тэдний нэг онцлог нь хамтлагийн бүрэлдэхүүнд үе үеийн уран бүтээлчид багтдаг бөгөөд тэд хамтлагаа үргэлж залуу уран бүтээлчдээр шинэчилж байсан юм.

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн бүрэлдэхүүнд Д.Цэрэнбат, Б.Эрдэнэхуяг, Ж.Батсайхан, Б.Наранбаатар, Д.Галсанбат, З.Зундарь, Б.Баяраа, Д.Дамдинсүрэн, Д.Жаргалсайхан, Д.Энхболд, Х.Булган, Б.Цолмон, Х.Рэнцэнханд, Б.Нандинцэцэг, Д.Дуламсүрэн, Ж.Уранчимэг, Насантогтох, Т.Ариунаа зэрэг Монголын рок, попын үе үеийн шилдэг уран бүтээлчид байсан юм.

Сонирхуулахад, “Никитон”-ы Б.Батчулууны аав Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ”-ийн анхны гишүүн. Мөн тус хамтлагийн Б.Наранбаатарын хүү нь өнөөгийн хөгжмийн мундаг найруулагчдийн нэг, продюсер Н.Халиун юм.

Тоглолтын бэлтгэл бүрэн хангагдаад байна

Ёслолын дараа НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүүтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр өнөөдөр оройны рок попынхоны хүндэтгэлийн тоглолтыг найруулж буй юм.

-Өнөө орой болох тоглолтын бэлтгэлийн ажил хэр хангагдаж байна?

-Хангагдаж байна. Өглөөнөөс эхлээд тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлсэн. Уран бүтээлчдийн хувьд бэлтгэлээ бүрэн хангаад байгаа. Энэ тоглолт “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Энэ зуны хамгийн сүүлчийн шоу тоглолт гэж хэлж болно.

-Ямар ямар хамтлаг дуучид оролцох вэ?

-Тоглолт орой 20:00 цагт улаан хивсны ёслолоор эхэлнэ. Тоглолтод А Cool, Хишигдалай, Чойжоо, Тэнүүн, Хонгор, Буянаа, Ганхүү, Сэрчмаа, Алтанцэцэг, Лхагвасүрэн зэрэг рок попын олон дуучид оролцон ая дуугаа өргөнө. Тэд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн шилдэг 25 бүтээлийг дуулна.

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Наран

Эх сурвалж www.shuud.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *