Categories
мэдээ цаг-үе

“Алдар”-ын А.Гантулга гавьяатын нэг өдөр

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хошууч А.Гантулга багш “Алдар”-ын Гантулга гэдэг нэрээр түмэн олондоо танигдсан. “Алдар” спорт хороотой 14 настайгаасаа л өсвөрийн тамирчин нь болж холбогдсоноосоо хойш өдийг хүртэл тамирчнаас дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаас гавьяат дасгалжуулагч болтлоо ажиллаж байна. Хүн зорьсон хэрэгтээ, сурсан юмандаа, эзэмшсэн мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэхийн сайхан, ажилдаа үнэн сэтгэлээс хандахын амт шимтийг А.Гантулга багш амталж яваа нэгэн. Тэрээр өглөө нар мандахтайгаа зэрэгцэн гэрээсээ гарч “Алдар” спорт хороон дээрээ ирнэ. Тэгээд өдөржингөө шавь нартайгаа тулж ажиллаж бэлтгэл, сургуулилтыг нь хангачихаад орой нар жаргах үест гэрийн бараа харна. Өнгөрсөн жил дотоод, гадаадын 20 тэмцээнд спорт хорооныхоо боксын багийг авч явсан учир гэртээ бараг үзэгдээгүй гэнэ. Тэмцээн, уралдаанд шавь нарыгаа авч яваагүй үедээ байж байдаг ганц газар нь боксынх нь заал. Гэртээ үзэгддэггүй хүнийг ийнхүү ажил дээр нь “барьж” авлаа.

Өглөөний бэлтгэл нь саяхан дуусчээ. Үдээс хойших бэлтгэлээс өмнө тэрээр өрөөндөө орж ирээд түр амсхийж байлаа. Түүний туслах дасгалжуулагчаар ОУХМ, дэслэгч Ж.Отгонбаяр ажиллаж байна. Дэлхийн оюутны аваргын хүрэл медаль, Азийн аваргын хүрэл медальт Ж.Отгонбаярыг олимпийн мөнгөн медальт П.сэрдамбатай ач тач үздэг гол өрсөлдөгч нь байсан гэдгийг бокс сонирхогчид мэдэх билээ.

Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын өрөөнд долоо, найман настай хөвгүүд боксын бээлий, хамгаалалтын малгай сэлтээ авч байна. Үдээс хойш багачууд, өсвөр үе, насанд хүрэгчдийн бэлтгэл цувралаар явагдах бөгөөд эхлээд 7-10 настай багачуудын бэлтгэл эхлэх гэж байгаа нь энэ юм. А.Гантулга багш шавь нартайгаа ярихдаа “Миний хүү ингээрэй, миний хүү тэгээрэй” хэмээн байн байн хэлнэ. Өнөөдүүл нь ч ээж, аавтайгаа харьцаж байгаа мэт багштайгаа дотно.

Гаднаас орж ирээд багштайгаа гар барихдаа баруун гарыг нь хоёр гараараа хавсарч “Сайн байна уу, багш аа. Сайхан амарсан уу” гэнэ. Гавьяат дасгалжуулагч А.Гантулга “Намар бүртгэл явагдах үеэр эцэг, эхчүүд хүүхдээ хөтлөөд ороод ирнэ. Таныг л зааж өглөө, танд л хүүхдээ өгье гээд шалаад салахгүй. Тав, зургаан настай хүүхдүүдийг хүлээж авна гэдэг тун хэцүү. Би татгалзаад л явуулчихдаг. Тэгж байтал миний танил ч юм уу, ойр дотны хэн нэгэн утас цохино. Нэг хүүхэд байна аа. Секцэндээ авчихаач гэнэ. За, ямар хүүхэд вэ гэхээр өнөө аав, ээж нь дагуулж ирээд надтай уулзаад татгалзсан хариу сонссон хүүхэд байдаг. Хүүхдээ манайд оруулах гэж миний таньдаг хүмүүсээр яриулах нь их шүү” гэснээ “Тэгээд гуйгаад оруулсан хүүхдүүд дунд нь ийм зургаан настай хүүхдүүд ороод ирсэн байна билээ” гээд инээлээ. Бага насны хүүхдүүдийн бэлтгэл 30-аад минут л үргэлжилнэ, хөнгөн талдаа. Хамгийн гол нь тийм насны хүүхдүүд энд ирээд ах захаа хүндэтгэх, бусадтай зөв харилцах арга ухаан, зөв гүйх, зөв харайх техник эзэмших нь чухал. Тэгж байтал зургаан настай нэгэн боксчин тунгалаг хуванцар савтай нэг юм бариад ороод ирлээ. “Багш аа, энийг яах уу” гэвэл багш нь “Отгоо багшдаа аваачаад өгчих” гэв. Тэр нь шүдний хамгаалалт. Усанд дэвтээж байгаад шүдэндээ хийхэд хэвших нь амар болохоор бэлтгэлийн өмнө ингэж бэлддэг аж. Гавьяат дасгалжуулагчийн өрөөний хойморт шилэн нүүртэй шүүгээ бий. Тэр шүүгээнд “Алдар”-ын боксчдын гаргасан амжилтуудыг нотлох цом, өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлс дүүрэн. Шүүгээний баруунтаа цаасан хайрцагт боксын бээлий, малгай хийжээ. А.Гантулга дасгалжуулагч амжилтаараа хороогоо тэргүүлж “Алдар” спорт хорооныхоо Шилдэг дасгалжуулагч болжээ. А.Гантулга дасгалжуулагчтай тухтай таван минут ярих ч зав олдсонгүй. Шавь нь гаднаас орж ирээд л багшийнхаа гарыг хүндэтгэлтэйгээр бариад мэхийж мэндчилэнгээ яасан ийсэн тухайгаа тэрүүхэн зуур яриад амжчихна. Тэр тоолонд л дасгалжуулагч нь толгой нь үнэрлэж “Миний хүү…” гээд л хариу зөвлөгөө өгнө. Ингээд үдээс хойшхи бэлтгэл нь эхэллээ. Гавьяат дасгалжуулагч А.Гантулга 15 минут биеэ халаа гэчихээд өрөөндөө оров. 2019 оны боксын УАШТ оны өмнөхөн болоход эдний эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа улсад түрүүлжээ. “Манай эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа түрүүлсэн ш дээ. Багаараа түрүүлсэн ш дээ, миний дүү. Ойрын тэмцээн гэвэл энэ сарын 28-нд Дорноговьд болох шигшээ багийн дасгалжуулагч байсан Г.Баасан багшийн нэрэмжит тэмцээнд явахаар зэхэж байна” гэж ярив. А.Гантулга багш дээр Баянзүрх дүүрэг, ойролцоох дунд сургуулиудаас, ялангуяа Шар хаднаас хүүхдүүд их ирнэ. Биеийн тамирын багш нар нь аав, ээжид нь “Танай хүүхдийг “Алдар”-ын Гантулга багш л хүмүүжүүлнэ дээ. Тэр багшид аваачиж өг” гэдэг гэнэ. Тийм ч болохоор Шар хадны сургуулиудаас тийм “цохолттой” охид, хөвгүүд их ирдэг юм байна. Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт гээд манай өнөө цагийн боксын мундаг тамирчид Шар хаднаас гаралтай, “Алдар” спорт хороо, А.Гантулга багшаар боксын Цагаан толгойгоо заалгаж, эндээс өдөлж ниссэн шонхрууд. Тийм болохоор “Алдар” спорт хороог Монголын боксын шилдгүүдийг “үйлдвэрлэдэг” чухал газар ч гэж онцолж болно.

Гэр-“Алдар” спорт хороо-Спортын төв ордон. Энэ бол А.Гантулга дасгалжуулагчийн өдөр тутмын маршрут гэж хэлж болно. “Миний дуртай юм чинь л энэ спорт. Хүүхдүүдийн минь амжилт л энэ спортоос авах гол зүйл. Тэр олон амжилт миний хүсэл, сонирхлыг бадрааж байна. Хүслийг минь бадрааж байна. Өнгөрсөн жил оролцсон 20 тэмцээнд миний шавь нар дандаа нэг, хоёрдугаар байрт шалгарлаа шүү дээ” хэмээлээ. Улс орнуудын боксчид өөр өөрийн гэсэн онцлог тоглолттой байдаг. Дээр үед манайхыг Орос школтой гэдэг байсан. Үүнтэй адил манай спорт хороодын боксчид ч ялгаагүй өөр өөрийн гэсэн школтой. “Алдар” спорт хорооны боксчдыг бусад хорооныхон ярихдаа “Гантулга багш тамирчин байхдаа дандаа л шахаж ажилладаг байсан юм. Дайчин чанартай байсан. Тэгтэл түүний шавь нар нь тийм тоглолттой, дайрдаг” гэдэг юм байна.

15 минутын бие халаалт дуусч А.Гантулга багш бэлтгэлийн зааланд орлоо. Тамирчдын хөлс дааварлаж, цамц нь нэвт орж, охидын үс норж хацар нь улаа бутарна. Нөгөө зургаа, долоо, найман настнууд жагсаалын сүүлд жирийтэл зогсч байна. А.Гантулга багш “Зогс” команд өглөө. “Номхон, дэс дараагаар тоол” гэв. Бэлтгэл эхэллээ. Хос хосоор зодолдоод эхэллээ. 29 хүүхэд гэхээр 14 хос гэсэн үг. Бэлтгэлийн өрөөний хаа сайгүй л бээлийний түг түгхийх битүү хэрнээ чанга чимээ, бэлтгэлийн гуталны хяхнах дуулдана. Хөлс нь урссан тамирчид өрсөлдөгчтэйгээ тулалдах маягтай, үе үе хүчтэй цохих нь анзаарагдана. Заалны буланд бушуухан очиж зогсохгүй бол алдсан гарт оногдчихож ч мэднэ. Гавьяат дасгалжуулагч шавь тус бүр дээрээ очиж өчигдрийн бэлтгэлийн үеэр юун дээрээ алдаа гаргасныг нь дахин давтан сануулж, хэрхэн яаж цохих, мултах, хөлөө яаж тавих, яаж ажиллуулах, гарны байрлал, толгойгоо яаж хамгаалахыг зааж өгч Азийн аваргад бэлтгэгдэж байгаа зарим тамирчныхаа өмнө лап барьж цохиулж байлаа. Тамирчдын хэрхэн цохиж байгааг харж зогстол нэг хүү ирээд баруун гарыг минь хоёр гараараа зөөлөн атгаад “Сайн байна уу, сайхан амарсан уу” гэж мэхийн мэндчилчихээд яваад өгөв. Надтай мэндчилчихээд цонх түшин түр амсхийж байсан ах, эгч тамирчид дээр очиж мөн адил мэндчилж байлаа. Удалгүй хоёр ч хүү яг тэгж гар барих нь нэн дотно сэтгэгдэл төрүүлэв. Танихгүй, анх удаа харж байгаа сэтгүүлч дээр ирээд ингэж сайхан мэндчилнэ гэдэг их л сайн суралцаж байгаа боксчины шинж болов уу. Хүүхдийг багаас нь мундаг боксчин болгохын төлөө биш хүнийг хүндэтгэж, хүнтэй сайхан мэндчилж сургахаас бүхнийг эхлүүлж байгаа нь үнэхээр тааламжтай. Багачуудын бэлтгэл дууссан учир тэднийг Ж.Отгонбаяр дасгалжуулагч аваад гарлаа. А.Гантулга багш тамирчин тус бүртэй тулж ажиллана. Зөвлөж, ярих бүртээ л “Миний хүү, тэгдэг байхгүй юу, ингэдэг байхгүй юу миний хүү” гэж байгаа нь сонсогдоно. Бэлтгэлийг тартал зааланд зогслоо. Тамирчдын бэлтгэл ид дундаа орж хөлс нь асгарч, хөдөлгөөн нь нүдэнд гүйцэгдэхгүй болоод ирлээ.

А.Гантулга багш гэртээ байхаасаа байхгүй үе нь их. Гэсэн ч хань ижил нь ажил мэргэжлийг нь ойлгож дэмждэг учир энэ олон жилийн хугацаанд ар гэрээ сайхан авч иржээ. А.Гантулга гэх энэ айл Монголын уламжлал баяруудыг аль болох гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээнэ. Гэхдээ гавьяат дасгалжуулагч маань энэ олон баярууд дундаас эхнэрийнхээ төрсөн өдрийн баярт хамгийн их ач холбогдол өгнө. Гуравдугаар сарын 16-нд эхнэрээ дагуулаад хамт зоог барьж, кино үзвэр үзэж хамтдаа нэг өдрийг өнгөрүүлдэг гэнэ. Энэ бол эдний гэр бүлийн нандин уламжлал нь юм байна.

Хоёулаа ажилтай, цалинтай болохоор нэгнийхээ цалинг далд хийгээд цуглуулж байгаад нэгэндээ аль болох үнэтэй чанартай гутал, хувцас авч өгнө. А.Гантулга гавьяат эхнэр Ч.Ганболороо ихэд хүндэтгэнэ. Гэргий нь Завхан аймгийн Ургамал сумын уугуул. Эднийх нэг охинтой. Охин Минжээ нь 15 настай. Боксоор хичээллэе гэж аавыгаа шалсаар байгаад шавь оржээ. Саяхан нэгэн тэмцээнд яваад хүрэл медаль хүртээд ирж. Аав нь ганц охиноо өөр чиглэлээр явах байх гэж бодож байтал яалт ч үгүй багаасаа энэ спортоор амьсгалсан учир аавынхаа хоригийг даваад “Тоглоно” гэсээр ийнхүү бэлтгэл хийж байгаа юм байна.

2009 оны Миланы ДАШТ-ээс 17-хон насандаа мөнгөн медаль хүртэж Монгол төдийгүй, дэлхийг шуугиулсан Н.Төгсцогт бол А.Гантулга багшийн гарын шавь. Анх эмээ нь Н.Төгсцогтыг дагуулж ирж л дээ. Тэгэхэд сахилгагүй, хөдөлгөөнтэй хүү байжээ. Боксоор хичээллээд сахилгагүй байдал нь засагдаж УАШТ-ээс шалгараад Азийн аваргад амжилт гаргаад Миланы дэлхийн аваргад цойлсон нь тэр. Түүнийг ДАШТ-ээс ирэхэд гавьяат тамирчин цол олгож, амтай болгон магтаж дагаж хошуурч, Улсын шигшээгийнхэн хүрээлэлдээ оруулж 2010 онд А.Гантулга багштай нь ганц ч уулзуулаагүй гэнэ. Гэнэт нэр алдарт гарсан 17, 18-хан настай хүү юугаа ч мэдэхэв. Мэдээж үүсэл, үндсийг ургуулж өгч, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүмүүсээ монголчууд хэзээнээсээ аав, ижийтэйгээ адилтган хүндэтгэсээр ирсэн. Хэдийгээр багш шавь хоёр, гэнэт ирсэн нэр алдар, алдар горилогч шигшээгийн багш, дасгалжуулагчдын нөлөөгөөр хэсэг хугацаанд харилцаа нь тасарсан ч Н.Төгсцогт багш дээрээ эргэн иржээ. А.Гантулга багш тухайн үедээ шавьдаа болон шигшээгийн хэдэн багш нарт гомдож байсан ч шавийгаа уйлаад гуйгаад ирэхэд нь хатуухан үг хэлсэн ч түшээд л авч. Ингээд 2012 онд Н.Төгсцогт Лондогийн олимпоос мөнгөн медаль хүртэж багшийнхаа магнайг тэнийлгэж. Тэгтэл олимпийн дараа 2009 онд болсон үйл явдал давтагдаж багш, шавь хоёр дахиад л холджээ. А.Гантулга гавьяат “Хүний бэлдсэн шавь, багаас нь дэргэдээ дагуулж, бүхнээ сургасан хүүхдийг амжилт гаргангуут нь аваад явчихдаг энэ байдлыг би ойлгодоггүй юм. Амжилт гаргаад ирэнгүүт нь анхны багшаас нь холдуулаад дагуулж яваад өөрсдөө нэр алдарт хүрч, цол гуншин авахыг санаархдаг бүлэг хүмүүс байгаад байдаг юм. Одоо цагт чинь юм хийж байгаа, шударга хөдөлмөрлөж байгаа гэхээсээ илүүтэй хүний урд хойно гарч, хүнийг аргалж байгаад юманд хүрдэг тийм увайгүй хүмүүс их болжээ” гэлээ.

Харин Н.Төгсцогт мэргэжлийн бокст орсноосоо хойш багштайгаа байнгын харилцаатай болж, утсаар холбогддог болжээ. Монголд ирвэл хамгийн түрүүлж багш дээрээ ирнэ. Багш нь ч утсаар ярих бүртээ тоглолтуудаас нь хийсэн анализаа танилцуулж урд гараа битгий буулга гэдэг үгийг байнга хэлнэ. Цагийн зөрүүнээс болоод өдөр болгон холбогдохгүй. А.Гантулга багш Долоон буудалд өвлийн байшиндаа гэр бүлээрээ, бие муутай ээжтэйгээ хамт амьдардгийг Н.Төгсцогт мэддэг учир намар сэрүү орох үеэр нүүрс аваарай гэж хүнээр мөнгө явуулдаг юм байна. Ирэхээрээ багшдаа бэлэг өгнө. Гурав хоногийн өмнө багш шавь хоёр фэйсбүүкээр холбогдоход Н.Төгсцогт “Багш аа, надад ганцхан жил өгчих. Хүү нь удахгүй таныгаа байранд оруулж, машин авч өгнө” гэж амалж багштайгаа удаан гэгч ярьжээ. А.Гантулга “Би хүүхдүүддээ хэлдэг юм. Мөнгө гол биш шүү. Чи эхлээд хүнийг хүндэлж. Тэр хүнийг чамайг хүндлэх хэмжээний хүндлэлийг чи өөрөө эхэлж гаргаж өг гэдэг. Хэрвээ тэгвэл тэр хүн загнуулаад уйлаад явчихсан мөртлөө дараа нь орж ирээд л зогсч байгаа нь тэр л дээ” хэмээлээ. А.Гантулга дасгалжуулагчийг 2015 оны долдугаар сард гадаадад тэмцээнээр явж байхад нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгосон бөгөөд наадмын өглөө уг хүндтэй шагналаа хүлээн авч байжээ. А.Гантулга дасгалжуулагч Улаанбаатар хотын нэгдүгээрт төрөхөд мэндэлсэн юм байна. Ээж аав нь Сүхбаатар аймгийн Уул баяных. Хоёр ахыг нь жаахан байхад эднийх хотод нүүж ирж нэгдүгээр төрөхийн урд байсан Усны гудамжинд суурьшсан юм байна. Хүүхэд насаа Усны гудамж, Арслантай гүүр орчимд л өнгөрүүлжээ. Дөрвөн ах нь дөрвүүлээ бокс тоглоно. Дунд ах А.Ганболд нь “Хүч” спорт хорооны 48 кг-ын жингийн боксчин байжээ. Тэр ахынхаа цүнхийг барьж тэмцээнүүдэд нь дагаж явсаар бокст оржээ. 1984 онд “Алдар”-ын өсвөрийн тамирчин болж, энэ спорт хороондоо тамирчин, дасгалжуулагч хийсээр өнөөдрийг хүргэжээ. А.Гантулга багш сайхан харилцаатай, хэнтэй ч ялгаж харьцдаггүй, хэн ч байсан “Миний хүү, миний дүү” гэж элэгсэг хандана. Орой ажлаа тараад харихад заримдаа Долоон буудлын цагаан худагны араас тэндхийн хэдэн нөхөр дуудна. Яахав гудамж, байр, хороолол бүрт архи тойруулж зогсдог эрчүүд байдаг даа. А.Гантулга багш явж очоод өгсөн хундаганд нь уруулаа хүргээд л өгчихнө. Өнөөдүүл нь Долоон буудлын гавьяаттайгаа уулзсандаа баярлаж хөл хөөр болно. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга багш “Намайг энд дасгалжуулагчийн ажилд авсан хүмүүсийнхээ итгэлийг би алдаагүй. Хүн зорьсон юмандаа, тууштай хөдөлмөрлөхөд л болдог. Би өнөөдөр хагартлаа баяжаагүй ч аяга хоолоо хүнтэй хуваагаад идчих хэмжээнд сайхан л амьдарч байна. Хамгийн гол нь шавь нарын минь амжилт л миний сэтгэлийг бадраадаг юм” хэмээгээд “Одоо насанд хүрэгчдийнхээ бэлтгэлийг хийлгэнэ дээ. Ажил ундраад сайхан байна” гэсээр биднийг үдсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *