УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал гаргаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр хуулийн төслийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор тусгажээ. Хуулийн үйлчлэх хүрээнд 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхэд онцгой гавьяа байгуулсан манлайлагчид ахмадуудыг нэмж багтаах саналтай байна гээд энэхүү саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу дээрх асуудлаар санал хураалт явуулахад уг саналыг хуулийн төсөлд тусгах санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэгийг авч чадсангүй.
Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Гантулгаар, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.