Categories
мэдээ цаг-үе

Ажнай хүлгээрээ дэлхийд өнгөлсөн Д.Цэрэнжигмэдийнх

Цагаан сарын босгон дээр арц
хүж, айраг цагаа, адуу мал, амжилт ололт дүүрэн ханхалсан сурвалжлагыг Монгол
Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийнхээс бэлдлээ. Түүнийг “Макс”
группийн ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан… гээд
бизнесийн том төлөөлөл гэдгээр нь хүмүүс бас мэднэ.

Гал тогооныхоо хавиар хүүхдүүд
нь бужигналдсан, эхнэр нь цай хоол болсон, хүмүүс орж гарсан, хурдан морины
яриа хөөрөө дэлгэсэн, амгалан сайхан монгол айлын дүр зураг тэднийхээс
мэдрэгдэнэ. Тэдний гэрт хуучны нэг бор шүүгээ байна. Түүний өөдөөс харах шилэн
сервантанд бараг соц үеийнх байх гэмээр хуучны шаазан эдлэлүүд өрсөн харагдах
нь хүмүүсийн бодож байгаагаас даруухан аж. Том өрөөнд нь нэг буйдан. Өөдөөс нь
харах зурагтын дээр даллаганых нь бумба тэргүүнтэй, түрүү морьдынх нь бай
шагналын дээжис, найз нөхдийнх нь бэлэглэсэн морьдын баримлууд, мэдээж нэг
хуучны эмээл. Д.Цэрэнжигмэд тод манлай хэлж байна аа, “Гар утсанд олон дуудлага
орж ирнэ л дээ, тэр бүр яриад байж чаддаггүй юм. Өчигдөр харин санаандгүй автал
“Өдрийн сонин”-оос гэлээ. Уулзах ёстой хүмүүс уулзаж, болох ёстой зүйл
болдгоороо болдог гэж үг бий. Өнөөдөр та нартай уулзах л ёстой байж” хэмээн
бидний яриа эхэллээ. Аавтайгаа ойр зуурыг ярилцах бадриун залуу бол том хүү
Идэрболд нь юм байна. Бээжинд сурч байгаад иржээ. Одоо “Макс шил” гэдэг компани
байгуулан ажиллаж байгаа гэнэ. Идэрболд тусдаа гарахгүй аав ээжийнхээ дэргэд
шигдээд байгаа нь отгон дүү Манлай гэж “Шинэ монгол” сургуулийн бага ангийн
сурагч нөхрийн уурыг жаахан хүргэжээ. Манлай сүүлийн үед нэлээн ширүүнээр “Та
одоо тусдаа гар, тэгээд өрөөгөө надад өг” гэж дарамталсан байна. Харин ах нь
нэг л үгээр түүний амыг таглажээ. “Чи тэгээд өрөөндөө ганцаараа унтаж чадах юм
уу” гэж. Том, жижиг хоёрынх нь дунд нэг иймэрхүү асуудал үүсээд байгааг аав,
ээж хоёр нь ярьж инээлдэв. Ц.Идэрболд “Намайг жаахан байхад аав Өвөрхангайд
морь унахыг зааж байлаа. Тэр үед зургаан настай л байсан байх. Махлаг биетэй
болохоор тэгсгээд хүнддэж таранд явахгүй хөлсөнд л явдаг болсон доо. Сүүлдээ
уяа морьдоо манах, хоолыг нь тааруулах ажилд тусалдаг болсон. Морь манахад
хөвөнтэй дээл ч сайхан дулаахан шүү. Хамгийн дулаахан юм тэр байна. Өөр
хувцастай морь манахаар даараад байдаг юм” хэмээн ярианд оролцлоо.

Д.Цэрэнжигмэдийнх Зайсан дахь
энэ байшиндаа ороод хоёр жил орчим болж байгаа гэнэ. “Хотын төвд гурван өрөө
байрандаа хэдэн хүүхэдтэйгээ болоод л байсан. Хүүхдүүд том болохоороо тусдаа
өрөөтэй байх гээд… харж байгаа биз дээ, одоо энэ хамгийн бага хүртэл ахыгаа гэрээс
нь хөөгөөд, өрөөгөө надад өг гэж хэл ам болоод байгааг. Тэгээд энэ нэг байшинг
барьж орцгоосон юм” гэв. Таны үеийн бизнесмэнүүдийг харж байхад хүүхдүүдээ
гадаадад сургаад эхнэртэйгээ хоёулхнаа том байшиндаа сууж байдаг юм билээ гэвэл
Тод манлайгийн эхнэр Д.Эрдэнэчимэг эгч “Хүүхдүүд бүгдээрээ Монголдоо байгаа.
Нялх юмнуудыг гадаадад сургаад яахав дээ, ядаж аав ээж хоёрыгоо санаад болохгүй
биз дээ” гэсэн нь за энэ хоёр бол хүүхдүүдээ өөрсдөөсөө холдуулах дургүй хүмүүс
юм байна гэсэн ойлголтыг төрүүллээ. Том хүүгээ Бээжингээс ирэнгүүт нь бие
даалгаж бизнес рүү оруулжээ. Өөрийнх нь оюун ухаанаар ажил хийлгэж сургая гээд
Монголын зах зээлд ямар бизнес эрэлттэйг судлуулсан. Идэрболд өөрөө гадагшаа
явж, үзэсгэлэн энэ тэрд оролцож, тоног төхөөрөмж, технологио авчирсан. Бүгдийг
тэгээс эхлүүлж байгаа. Цэрэнжигмэдийн хүүхэд гэхээрээ бүх зүйл нь амар хялбар,
асуудалгүй бүтдэг юм гэж хаана байхав дээ, зовлон жаргал дундуур явж, бие
сэтгэлээрээ мэдэрч байж л амжилтад хүрнэ шүү дээ хэмээн ярьсан юм.

Д.Эрдэнэчимэг эгч бол нийтийн
хоолны технологийн инженер мэргэжилтэй. “Макс” группийн “Берлин бургер” хоолны
сүлжээний зөвлөх, мөн Монголын “Хоол урлахуй” нийгэмлэгийн тэргүүн. Та ч
наадам, цагаан сараар зочин гийчний хоол цайнд дарагдана биз гэвэл “Наадмаар
гайгүй ээ, Хүй долоо худагт манай Берлин бургерийн аварга тогоочид, хамгийн
сайн зөөгч нар ирээд үйлчилчихдэг юм. Зочдоо угтах, үдэх ажилтай л байдаг.
Цагаан сараар бол харин бүгдийг өөрөө хийнэ ээ” гэлээ. Д.Цэрэнжигмэд тод манлай
“Цагаан сараар өглөө эрт аав, ээждээ очиж золгоно. Дараа нь хадмын талдаа
золгочихоод адуу руугаа давхичихна. Уул овоондоо идээ будааныхаа дээжийг
өргөдөг. Хурдан морьдынхоо уяаг харж, хийморио сэргээнэ. Тод манлай Ононгийнх
манай хойно. Онон гуайнхаар золгочихоод хот руу давхидаг юм. Ирэхэд гэрээр
дүүрэн хүн ирчихсэн байна. Тэгээд л баруун солгойгүй золгож гарна даа.
Уламжлалт сайхан баяр даа. Монгол хүн гэдгээ мэдэрдэг баяр юм уу даа” хэмээн
сар шинээ хүлээсэн монгол эрийн хийморь цухас хийв.

Морины уяан дээр бас л сайхан
шүү дээ. Би ч хагас, бүтэн сайнд өглөө босоод цай ундаа ч уулгүй морь руугаа
явчихдаг юм гэснийг Д.Эрдэнэчимэг эгч залгуулан “Манай хүн гэртээ хоол хийгээд
хүн дайлах дуртай” гэхэд Цэрэнжигмэд манлай “Манай ээж хүмүүс орж ирж л байвал
баярлаж байдаг. Ээжийг байгаа газар хүмүүс бужигналдаж байдаг юм. Хүний алга
дээш нь харуулж байвал ажил үйлс бүтдэг гэж манай ээж ярих дуртай” гэсэн нь энэ
бүхэн ээжээс минь эхтэй миний зан араншин байгаа юм аа гэдгээ хэлэв бололтой.

Эдний том охин Мишээл МУИС-ийн
төгсөх курсийн оюутан. Буудлагын спортоор хичээллэдэг. Сая Кувейтэд болсон Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний гар бууны төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Ц.Мишээл “Буудлагын спорт бол сэтгэл зүйн спорт. Маш сайн төвлөрөх хэрэгтэй
болдог. Энэ спортоор би Алтаа багшийнхаа удирдлагад хичээллэж байгаа. Дэлхийн
аваргын хэмжээнд өрсөлдөхийн тулд маш их бэлтгэл хийх, төвлөрөх хэрэгтэй болно
доо” гэлээ. Д.Эрдэнэчимэг эгч “Нэг хэсэг манай хоёр том аавтайгаа бараг
уулздаггүй байсан. Хүүхдүүдээ унтаж байхад аав нь ирдэг. Өглөө аавыгаа унтаж
байхад энэ хоёр сургууль цэцэрлэгтээ явчихна. Ажил амьдрал тэгж их завгүй
өрнөсөн үе амьдралд байдаг юм шүү” гэлээ.

Ганбаа бид хоёрын өнөөдрийн
бизнес Германаас машин зөөхөөс улбаатай. Нэг удаа машин авахаар Берлинд
оччихсон хуучин машин зардаг сонин хараад сууж байлаа. Тэгсэн хар өнгөтэй бенз
230 зарна гэсэн байна. Тэр нь “Метро” гээд бөөний худалдааны төвийн захирлын
машин болж таарлаа. Машин ч таалагдлаа, нөгөө захиралтай наймаа тохирлоо. Өнөөх
чинь жолоочоо угаалгачихаад ир гээд явуулчихсан. Тэр хооронд өрөөндөө оруулаад
дайлаад, дараа нь том дэлгүүртээ орууллаа. Үзээгүй юмаа тэнд үзлээ. Тэр хооронд
бидний зургийг аваад дэлгүүрээрээ үйлчлүүлж байх үнэмлэх өгсөн. Жижиг бизнес
эрхэлдэг хүн л тийшээ ордог юм гэлээ. Хоёр, гурван машин авах гэж байснаа
болиод тэр дэлгүүрээс бараа дараад Монгол руу ачууллаа. Уулзах ёстой хүмүүс
уулздаг гэж энэ. Хүнсний супермаркетийн эхлэл тэр болсон юм. Машинаа контейнерт
ачуулна. Дээгүүр, доогуур нь сул зай их гарна. Тэрийгээ ашиглахгүй бол тээврийн
зардал их гарна. Тийм болохоор тэндээс хатуу мебель шкаф доор нь тавиад, дээр
нь зөөлөн буйдан тавьж ирүүлдэг боллоо. Евро мебелийн эхлэл ингэж тавигдаж,
Нацагдоржийн номын сангийн сул талбайнуудад мебелийн үзэсгэлэн гаргаж байлаа.
Түүнээс хойш бага багаар өсөн дэвжиж явсаар байгаад өнөөдөрт хүрлээ. Сая “Burg­er
king”-ийн эрх авах гэж Монголоос олон компани өрсөлдсөн. Санхүүгийн хувьд аваад
явж чадах уу гэдгээс авахуулаад олон шалгууртай. Судалгааны баг явуулсан нь
манайхыг сонгосон юм. Ийм л маягтай их ажил дунд цаг хугацаа урсаж байна. “Би
гадагшаа олон хоног ажлаар явна. Тэгж явсаар Буянт- Ухаадаа бууж, онгоцны шатан
дээр нэг гүнзгий амьсгаа аваад алхах ч сайхан. Надад ч тэгээд Монголын минь юм
бүхэн сайхан санагддаг юм даа. Хүмүүс гадаа хүйтэн байна л гээд байна. Үнэндээ
даараад, чихээ бариад алхах гоё шүү дээ. Би заримдаа малгайгүй, хөлдөж үхэх
гээд гудамжаар алхчихдаг юм” гэж ярих нь содон сонсогдлоо.

Цэрэнжигмэдийнх байгаадаа
сэтгэл хангалуун, стресс нервгүй айл юм. Манай гэр бүлийн хувьд энэ жил аз
хийморьтой байгаа. Энэ жил унаган адуунууд минь улсад түрүүлж, айрагдлаа. Анх
удаа Монголоос морин уралдааны дэлхийн аварга манайхаас төрлөө. Охин минь Ази
тивийн аваргаас мөнгөн медаль авсан” гээд сайхан зүйл их тохиосон. Ер нь
хүүхдүүдийг багаас нь ямар нэг спортоор хичээллүүлж байх ёстой юм билээ. Сэтгэл
зүй сайтай болдог. Манай бага хүү Манлай теннисний спорт сонирхоод байх шиг
байна, харин бага охин минь ямар спортод дуртай билээ гэвэл Нинжбадам
“Волейбол, сагсан бөмбөг тоглох дуртай. Бас моринд их дуртай. Зун морио унаад
хөлсөнд явдаг. Намайг морио хөлслөөд явж байхыг Онон ах гэрийнхээ үүдээр
харчихаад Цэрэнжигмэдийн хоёр хүүхэд мөн үү гээд байсан. Ер нь би хөдөөний ажил
сайн хийдэг. Гэдэс арилгана, боорцог хийнэ. Үнээгээ саачихна. Хүүхдүүдтэй цуг
морь хөлсөлдөг. Жүчээгээ цэвэрлэнэ” хэмээн ярилаа. Монголын том бизнесмений
отгон охиныг ийм юм ярьдаг гэхээр зарим нь үнэмшихгүй ч байж мэднэ.

Ажил үйлс, амьдрал ахуй нь
адууны хийморьтой айл гэвэл Монгол Улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийнхийг
хэлнэ. Дэлхийн аваргад морь түрүүлгэсэн нь моринд дуртай монголчуудын хувьд
онцгой үйл явдал болсон юм. Бидний яриа энэ сэдэв рүү хазайлаа. Монголчууд
чаддаг ажлаараа дэлхийд түрүүлж, дэлхийн тэр их өндөр хурдтай, өндөр үнэтэй
морьдыг дийлсэн. Мориор дэлхийд гарах цаг болсныг ч харууллаа. Манай “Mongolian
Saturday”-г дэлхийд түрүүлсэн өдөр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр
янз бүрийн л өнцгөөр бичсэн. Хонгконгийн сэтгүүл дээр “Монголчууд ирж биднийг
мориороо эзлэх гэж байна” гэсэн. Дэлхийн хамгийн алдартай морин тойруулгын
уралдаанууд Хонгконгод болдог л доо. Манай морийг түрүүлэхэд стадион даяар
хөтлөгч нь “Монголын Бямба гариг түрүүллээ. Бүрэн утгаараа энэ өдөр Монголын
хагас сайн өдөр болж чадлаа” хэмээн дахин дахин зарлаж байсан. Тус уралдааныг
зохион байгуулагч нь шууд л Английн хатан хааны нэрэмжит уралдаанд урьсан. Та
нар яг энэ хувцастайгаа очиж уралдвал гайхамшигтай байна шүү гэж л онцолсон.
Ганбаа бид нар бүгдээрээ л үндэсний дээл хувцас, тод манлай уяачийнхаа малгайг
өмсөж очсон нь агуу түүхтэй ард түмний үр сад энд явж байна шүү гэдгээ л
харуулсан хэрэг.

Та бүхний гаргасан энэ амжилтыг
шинэ бизнесийн үүд нээгдлээ, монголчууд морины бизнесээр олон улсын зах зээлд
гарах том гарцтай боллоо гэж бичсэн гэвэл Д.Цэрэнжигмэд “Олон улсын морин
уралдаан өөрөө том зах зээл, том эдийн засаг шүү дээ. Манайхан хар багаасаа
адуутай, морьтой харьцаж сурсан хүмүүс. Гадны томоохон морин тойруулгууд дээр
монгол залуучууд олноороо уяач, унаач, адуучнаар нь ажиллах үүд хаалга
нээгдсэн. Монголчууд моринд ямар мундгийг тэр өдрүүдэд гадныхан үндсэндээ мэдэрч,
биширсэн дээ. Тэр уралдаанд Японоос олон морь ирж уралдсан юм. Японы нэг өвгөн
ирчихсэн байсан. Манайхан сайхан сэтгэлтэй болохоор өнөө өвгөнд зөвхөн морьдын
эзэд ордог эрхийг зүүгээд оруулчихсан байсан. Манай морийг түрүүлэхэд биширч,
дахин дахин ирж баяр хүргээд л, энэ зун заавал Монголд очно гэсэн. Тэгсэн
саяхан утасдаад гурван монгол залуу авч ажиллуулахаар болсон гэж байна. Манай
уяачдаас нэг нь явна. Хоёрыг нь өөрсдөө сонгох байх. Ингээд л адуучин залуучууд
маань гадагшаа явж, дуртай ажлаа хийх боломж нь нээгдэж байна шүү дээ” хэмээн
бахархалтайгаар хэллээ.

Уяачид гэхээр өрөөсгөл ойлгодог
хүмүүс мэр сэр бий. Тэгвэл хурдан морь гэдэг өөрөө олон улсын түвшний том эдийн
засаг гэдгийг Дагвадоржийн хоёр хүү ийнхүү харуулсныг монголчууд өнөөдөр хүлээн
зөвшөөрч байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа сүйрч баларсан Япон улсын эдийн
засагт чамгүй их мөнгө авчирсан салбар нь дэлхийн баячуудыг далласан морин
тойруулгууд, морин уралдаанууд байсныг тэр улсын түүх өнөөдөр харуулдаг.
Д.Цэрэнжигмэд тод манлай ч ярьж байна лээ, “Дэлхийн морин уралдааны менежерүүд
сайн ажилладаг юм билээ. Морь түрүүлгэчихээд байж байх тэр мөчид Хонгконгийн
морин холбооноос манай Ганбат руу шууд залгаад Хонгконгийн уралдаанд урих
талаар ярилцъя гэсэн. Тэгснээ төд удалгүй дахиж залгаад урих шийд гаргасан.
Албан ёсоор урилга өгч байна шүү гэсэн. Тэр үед Хонгконгод шөнө болж байгаа юм.
Гэтэл Америкт болж байгаа морин уралдааныг хараад сууж байдаг байна. Тэгж л
ажилладаг юм билээ” гэв.

Ийм амжилтад хүртлээ Ганбаатар
тод манлай та хоёр их ч зардал гаргасан байх даа гэвэл манай дүү Ганбаатар
арваад жилийн өмнө Америк руу Бандгай, Онон нартай хамт явсан. Өөрөө сүүлд
тэрийгээ ярьсан байна лээ. Нэг удаа оролдлого хийж үзээд болоогүй. Хоёр, гурван
жил өнгөрсөн. Тэгээд сая очиж Дэлхийн аваргад морио түрүүлгэж, монголчуудынхаа
магнайг тэнийлгэлээ. Ер нь бол дэлхийд морь түрүүлгэх нь миний хүсэл гээд
Ганбаа их ярьдаг байсан л даа. Тэгэхэд зарим хүмүүс Ганбаатар юу яриад байгаа
юм гэж боддог байсан байх. Аргагүй тэр хүсэл биелсэн дээ. Манайхан морь таньж
авахдаа аргагүй л өөр юм билээ.

Харин үүнийг л танаас асууя гэж бодоод явлаа. Морио, “Mongolian
Saturday”-г яаж шинжиж таньж авсан юм бэ. Монгол адуугаар бол голлож ямар
шинжийг нь мэдэрч авсан юм бол. “Дуудлага
худалдаанд орох даагануудын танилцуулга номтой эхэлж танилцдаг. Нэг, хоёр,
гурав гээд ангилчихсан танилцуулгын ном. Нэг, хоёрдугаар ангилалд нь удам угсаа
сайтай, хамаагүй өндөр үнэтэй дааганууд байдаг. Бид нар яахав дээ, бэл
бэнчиндээ тааруулаад хамгийн бага зэрэглэл болох гуравдугаар номноос нь харж,
хямд үнэтэйгээс нь авсан. Удам угсаа гэж айхавтар юм байхгүй. Тэрнээс ах дүү
нар нь давхиж байсан 1,2 дугаар зэрэглэлийн дааганууд бол дуудлага худалдаанд
өндөр үнээр дуудагддаг. Одоо бол манай Бямба гариг маань үнэ нь өндөр болсон л
доо. Хамаатан садан ах, дүү нар нь ч үнэд орчихсон байгаа. Харин шинжихдээ
голлож анхаарсан юм бол махны ширхэг зузаантай. Арьс зөөлөнтэй, нимгэн гэх
шинжийг л харсан гэж Онон гуай хэлэх юм билээ. Ер нь Онон манлай сонгосон л
доо. Хамгийн доод зэрэглэлийн, хямд үнэтэй адуунаас морь шинжиж аваад дэлхийн
аваргад түрүүлгэчихсэн монголчуудыг биширсэн нь тухайн үеийн мэдээллүүдээс
харагдаж байсан. Үнэндээ Ганбаатар, Цэрэнжигмэд гэж хоёр хүний нэр дуулдахаасаа
илүүтэй монголчуудын морь түрүүллээ гэсэн шуугиан их байсныг байсан хүмүүс
анзаарсан даа” гэв.

Одоо ч цагаан сар хаяанд ирлээ
дээ. Танайх цагаан сар, наадмыг нүсэр тэмдэглэнэ биз гэхэд Д.Цэрэнжигмэд тод
манлай, ёстой л нүсэр болно доо. Хүй долоон худагт гурван хоног зочин ихтэй
өнжинө. Хурдан буянгууд минь намайг олонтой болгосон. Морины уяан дээр л тэгж
хүмүүс цугладаг байх. Азарга түрүүлгэчихээд байж байхад хуучин, шинэ хоёр
Ерөнхийлөгч хэдхэн цагийн зөрүүтэй ирж байх жишээтэй. Өнөө телевизээр үзэж
тараад байдаг хоёр намын хүмүүс чинь манай уяан дээр л хамтдаа инээж хөхрөлдөөд
зогсож байдаг юм. Нэг өдөрт долоон орны Элчин сайд буугаад мордох үе ч бий.
Монголчууд бариан дээр морь орж ирэхийг хараад доголон нулимстай зогсдог ард
түмэн шүү дээ. Ганбаа бид хоёрын хувьд хурдан морины хамгийн дээд цолыг нь хүртсэн
хүмүүс болохоор үүрэг хариуцлага их байдаг. Тэр нь наадмын зохион байгуулалтад
үлгэр жишээ сайхан оролцож, наадамчин олноо баярлуулж цэнгүүлэхээс эхлээд,
төвшин сайхан байх ёстой. Том цолтны үлгэр дуурайл гэж айхавтар юм бий. Энэ жил
гэхэд их насны морийг хүний машинд суугаад дагасан. Бараг цагаан хөтөл давж
байхад халтар морь байдаггүй. Тоолоод байсан бараг 50-60-аадаар явж байна.
Гараан дээр жаахан алдаад гарчихсан юм билээ. Жаахан харъя даа. Найдвар бага
юм. Татуулаад амраачихдаг юм уу гэж хүртэл бодоод явж байтал Цагаан хөтөл
уруудаад өнгөний адуунууд дээр хүрээд ирсэн. Тийм сайхан амьтныг чинь нулимсаа
дуслуулаад хараад байхаас өөр яах билээ. Ингээд л шарга мориныхоо ард айргийн
дөрвөөр орж байгаа юм. Энэ хоёр их сонин адуунууд, нэг нь түрүүлбэл дагаад л
айрагдаж байдаг юм. Мултрах юм бол хоёулаа л мултарчихдаг. Ер нь гэхдээ
уралдсан бүхэндээ түрүүлж айрагддаг аваргууд даа.

Энэ үеэр Д.Эрдэнэчимэг эгч
“Морь түрүүлсний дараа уяачдын гэр бүлийнхэн нь төв асарт орох гэж их хэцүү.
Очоод цагдаа нарт туугдаад сүйд болно. Инээдтэй юм болж байж орно. Угаасаа
баярлаад явж байгаа хүмүүсийг аятайхан оруулчихмаар байдаг. Эхнэр хүүхдүүд бид
чинь тэр морь түрүүлэхэд арын албанд нь сайн зүтгэсэн байгаа шүү дээ (инээв).
Тэрийг наадмын зохион байгуулах хорооноос анхаармаар юм шиг санагддаг. Би бол
яахав, ханийнхаа буянд хэдэн жил ороод гарч л байгаа. Анх удаа улсын наадмынхаа
асарт морио цоллуулах гэж байгаа, сэтгэл нь хөөрсөн хүмүүс их хэцүү харагддаг
юм гэсэн нь бодууштай санагдлаа.

Дэлхийд алдартай, олон сая
уншигчтай “Forbes” сэтгүүлээс сурвалжлах баг ирж ах, дүү хоёр тод манлай уяачид
болох Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын талаар сурвалжлага бэлдсэн нь тэдний
бизнесийг, улмаар Монгол Улсын нэр хүндийг өндөрт хүргэсэн хэрэг болжээ. Алдарт
“Forbes” сэтгүүл дээр тэдний тухай “Монгол Улсын иргэн Дагвадоржийн хүүхдүүд
анх ангийн арьс зарж бизнесээ эхэлж байсан ч одоо олон салбарыг цэцэглүүлсэн
“Макс” группийн эзэд болжээ. Өнөөдөр тэд Монголын зах зээл дээр “Макс”
супермаркет, Сүү компани, “Berlin burger” түргэн хоолны газар, “Мaхipot”
ресторан, “Макс зам”, “Макс цонх”, “Макс өргөө”, “Rama­da” зочид буудал,
багахан дэлгүүрээс эхлээд хувцас болон тавилгын шинэхэн “Max­mall” дэлгүүрийг
ажиллуулж байна. Мэдээж үүнд “Макс” уул уурхайн компанийг дурдахгүй байхын
аргагүй. Учир нь тэд алтны уурхайг хослуулан ажиллуулдаг юм. Ах, дүү нар
Улаанбаатар хотод хэрэглээний 650 мянган кв метр талбай эзэмшдэг, 2500
ажилтантай, өнгөрсөн жил 42 сая долларын худалдаа хийжээ. (Үүнд сүүний
бүтээгдэхүүн ороогүй) Дагвадоржийнхон Монголд 500 хурдан морьтой. Энэ бол
Чингис хааны үеэс Монголын талыг туулсан хийморьлог хөрөнгө юм. Мөн Америкт
уясан даагануудынх нь нэг Mongo­lian Star Kentucky уралдаанд түрүүлэн
монголчуудад анхны найдварыг төрүүлжээ” гэхчлэн хэдэн нүүр том нийтлэл бичжээ.
“Forbes” сэтгүүл дээр ийнхүү гарсаны дараа дэлхийн ижил чиглэлээр бизнес
эрхэлдэг цөөнгүй хүн холбогдсон байна. Та манайхтай адил бизнес хийдэг юм
байна. Ийм зүйл дээр хамтрах боломж байна гэсэн саналууд иржээ.

Гэрт нь өрнөсөн их яриа цааш
тэдний хурдан морьдын жүчээ байх Өлзийт хороолол хүртэл үргэлжилсэн юм. Бид
Өлзийт хороолол руу явах замдаа Айдасын даваа руу тонгойход Цэрэнжигмэд тод
манлай “Морьд энэ даваагаар уралддаг байхад Асгат саарал маань анх улсын
наадамд хязааландаа аман хүзүүдсэн юм. Энэ даваан дээр явуул гээд дохиход бөөн
бөөнөөр нь идээд л урагшаа явчихаж билээ. Нүдний нулимсаа барьж чадахгүй байсан
шүү” гэв. Өлзийт хороолол морины том төв болжээ. Мориор амьсгалсан орчин. Хашаа
болгонд морь тэжээсэн, адуу малласан хүмүүс. Сунгаатай өдөр сургуульд нь цөөхөн
охид хичээлдээ суудаг гэж дуулдав. “Манайх энд 100-гаад адуу тэжээж байгаа.
Жилд 10-аад мянган боодол өвс ордог юм. Овъёос, хивэг гээд бас овоо их юм орно.
Адуучин, туслах адуучин, жолооч гээд л зөвхөн адуун дээр гэхэд л нэлээд олон
хүн ажлын байраар хангагдаж байгаа. Уяаны үед 30-40 хүн ажилладаг. Манай унаач
хүүхдүүд бүгд хувийн хадгаламжийн дэвтэртэй. Бид жилд цалин хөлс, шагнал
урамшууллыг дансанд нь хийчихдэг. Мөнгө гаргах хэрэг гарвал аав ээж, хүүхэд
гээд гурвалсан гарын үсгээр авчихдаг юм. Анх “Maxmall”-ынхаа нээлтэн дээр Асгат
саарал азарганыхаа төлийг дуудлага худалдаанд оруулсан юм. Хүмүүс их идэвхтэй
оролцсон. Тал талаас үнэ хэлээд тухайн үед 20 саяар зарагдсан. Бүгдийг нь
асрамжийн газрын хүүхдүүдэд Худалдаа хөгжлийн банкинд хадгаламж нээж өгсөн.
Жилээс жилд энэ ажил маань өргөжөөд явж байгаа. Аргагүй тусламж, дэмжлэг
хэрэгтэй, бүтэн өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тэгж тусалж байна. Манай уяаны
унаач хоёр хүүхэд маань оны шилдэг унаач болж байгаа. Гансүх, Цэрэндаваа гээд
хоёр хүү бий. Бас хоёр их насны морьд оны шилдэг морьдоор шалгарсан. Энд
морьдыг маань аавын минь дүүгийн хүүхэд П.Алтансүх гэж залуу хариуцдаг юм. Мань
нөхрийг Гов-Алтайгаас жаахан хүүхэд байхад нь авчирсан юм. Тэгээд нас биед
хүрээд ирэхээр нь нутаг орондоо сууна барина гэсэн бүсгүй байдаг юм бол одоо
авчраад гэрлэ гэсэн, нэг охин аваад ирсэн. Ингээд л энд гэр бүлээ зохиогоод
хүүхэд шуухадтай болоод морьдоо уяад тов хийгээд амьдарч байна. Алдарт уяач
цолоо авчихсан. Энэ жилийн “Шилдэг гал” одоо тодорч байгаа байх. Манайх лавтай
хоёрт орчих байх гэсэн багцаа байна. Манай галаас энэ жил таван түрүү, арван
айраг авсан юм байна лээ хэмээн хөөрөлдсөн шигээ бид уяа морьдынх нь дундуур
алхацгаалаа.

Манай уяан дээр саяхан нэг
хөгжилтэй яриа боллоо хэмээн Д.Цэрэнжигмэд манлай ярив. Даваахүү манлай хүнтэй
муудалцвал өмнөөс нь элдэв үг хэлэхгүй зүгээр л ерөөх гэнэ. Муудалцсан хүнийхээ
өөдөөс “За хүү минь сайхан таргалаарай” гээд ерөөчих юм гэсэн. Тарган хүнд
зовлон их байдаг байх нь л дээ гэсэн нь тэдний уяа морьдыг сэргэтэл бөөнөөрөө инээлдэхэд
хүргэв. Уяа морьдын орчин ийм л гэгээн сайхан байдаг даа гэсэн бодолтой,
уужимхан амьсгаа аваад бид хот руу хөдөллөө.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *