Categories
мэдээ цаг-үе

“Ажлын дараа”

-МОНГОЛЫН УРЛАГИЙН СОНГОДОГ БҮТЭЭЛЭЭС ТОЛИЛУУЛЖ БАЙНА-

Монголын урлагийн сонгодог бүтээлийн цувралаар өмнө нь төрийн шагналт, ардын зураач, хөдөлмөрийн баатар Н.Цүлтэмийн “Талын айл”, төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” бүтээлүүдийг хүргэсэн. Энэ удаа төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” хэмээх бүтээлийг танилцуулж байна. Зураач уг бүтээлийнхээ санааг 1947 онд олж, 1954 онд зурж дуусгасан байна. Урлаг судлаачид энэ бүтээлийг социалист бүтээн байгуулалтын өрнүүн их ажил үйлс, хөдөлмөрчин түмний амьдралыг харуулсан бүтээл гэдэг.

Зургийн хавтгайд сахлаг өвс ногоо жигдэрсэн тал нутаг, хадланчдын майхан, эргэн тойронд морин хадуур, хадлангийн багаж хэрэгсэл харагдана. Хөдөө хээр ажиллаж буй хадланчид майхныхаа урд ширээ тойрон цайлж сууна. Хадланчдын хоол хүнс, аяга таваг сав суулга ихэд тод дүрслэгджээ. Дорнодын Улз нутгийн буриад малчдын аж амьдрал, нэгдлийн хадлан тэжээл бэлтгэх үеийн нэгэн агшин. Ахимаг, залуу янз бүрийн насны найман хадланчийн хувцас хунар, царай зүс ч тодхон. Нүүрний хувирал, сэтгэлийн хөдөлгөөн царайнд нь илэрхий. Ногоон дээлтэй, дээлийнхээ энгэрийг задгайлж, амандаа өвс зажлан ихэд гэмшингүй суугаа залуу бусдаасаа зэм хүртэж сууна. Залуугийн өвөрт шилтэй архи юм уу гэмээр зүйл байна. Хадлангийн бригадынхандаа зэмлүүлэн бас ч гэж буруугаа хүлээх мэт хүлцэнгүй, гэмших ичиж эмээх мэдрэмж царайнд нь илэрчээ. Энэ зурагт дүрсэлсэн найман хүний эх дүр нь наймуул зураачийн төрсөн нутаг Дорнодод амьдарч байсан нутгийн уугуул, бодит хүмүүс гэдэг. Зураач нутгийнхнаа сайн мэдэхийн зэрэгцээ бүтээлийнх нь эх дүр болсон тэр хүмүүсийг зан араншин, амьдралд хандах хандлага, ажил төрөл, нас, намба төрх гэхчлэн олон талаас нь гярхай мэдэрч ажилласан учир зураг дээр тэд яг байгаагаараа буусан байна. Өөрсдөө ч уг зургийн эх дүр болсондоо ихэд сэтгэл хангалуун байсныг зураачийн тухай дурсамж номд өгүүлжээ. Хадлан гэснээс, зураач өөрөө гар хадуураар өвс хадахдаа гаргууд байсан гэдэг.

Урлагийн бүтээл нь зарим талаар тодорхой нэгэн нийгэм, цаг үеүдийн түүхэн баримт, бодит дүрийг авч үлдэн соёл иргэншлийн түүхэн үнэ цэнийг бүтээдэг. Энэ хандлагаараа Г.Одон гуайн “Ажлын дараа” хэмээх олонд алдаршсан бүтээл нь үнэхээр ч орчин цагийн Монгол орны нэгдэлжих хөдөлгөөн, эв хамтын нийгмийн аж байдал, хүмүүсийг цаг үеийнхээ тусгал болох үүднээс нь онцолсон бүтээл юм. Уг бүтээлийн зөвхөн нэг л тал нь энэ. Монголын урлагийн нэгэн тод үе болох тавь жараад он, далаад оны эхэн үеийг хүртэлх урлагт бүх цаг үеийнхнээс ялгарах нэг онцлог бий. Чухамдаа хүнийг бус хүмүүсийг үзүүлдэг нийтлэг хэв шинжээрээ онцгойрдог. Үзүүлж буй дүрүүд, ахуйг илэрхийлэх юмс, үйл хөдлөл зэрэг нь зөвхөн өөрсдийн цаг үе, өөрсдийн нийгмийн ухамсрын тод тусгал байх жишээтэй. Ихэнхдээ хүний дотоод ухамсраас илүү баатрынхаа нийгмийн ухамсрыг онцолж, хүнийг байгалийн нэгэн деталийнх нь хувьд гэхээсээ илүү тодорхой нэгэн нийгмийн үзэл санааны баатар, тэр нийгмийн тогтолцооны эрэг шураг, деталь болох талаас нь үзүүлсэн байдаг. Тэр хүмүүс нь цаг үе нийгэм хэмээх нэгэн том жүжигт тоглож байна гэсэн үг. Зөвхөн социалист нийгэм бус аль ч цаг үе бай хүмүүс тэр л жүжигтээ хамгийн итгэл үнэмшилтэй тоглож байдаг биз дээ. Өнөөдөр ч мөн адил. Хүний түүхэн дэх алив цаг үеүд нь итгэл үнэмшилдээ суурилсан өөр өөрийн өнгө төрхтэй, алдаа, оноотой, алаг эрээнтэй байхаас биш адгийн муухай цаг үе гэж байдаггүй. Асар олон алдаанууд байлаа ч хав хар цаг үе гэж байдаггүйн адил бас цав цагаан цаг үе гэж хэзээд үгүй. Машид үзэл сурталжсан бүтээл гэж хүмүүсийн үздэг “Ажлын дараа” хэмээх бүтээлийн түүхэн үнэ цэнэ үүгээр тодрохюм. Харин нөгөө талд юу байна вэ. Нөгөө талд хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн бий. Үүгээр “Ажлын дараа” бүтээлийн урлагийншавхагдашгүй үнэ цэн тодорно. Уг бүтээлийн үзэгчдэд өгөх сэтгэл оюуны өгөөж, туурвил зүйн үнэт зүйл нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг онцолсонд байдаг. Тодорхой нэгэн агшны сэтгэл хөдлөлөөр уран зурагт үйл явдлыг өрнүүлэх бололцоо нээгдэж, өгүүлэмжээ туйлд нь хүргэх боломж гарч ирж байгаа хэрэг. Тухайлбал, “Ажлын дараа” бүтээлийн өрнөл нэг гол дүр дээр төвлөрч байна. Амандаа өвс зажлан, гэмшингүй суугаа ногоон дээлтэй залуу дээр. Энэ ногоон дээлтэй залуу бол гол дүр болж орж ирж байна. Яг л драмын жүжиг шиг үйл явдлын зөрчил өрнөлтэй уран зураг. Үзэгчдэд нийтлэг нэг сонин мэдрэмж төрдөг нь анзаарагддаг. Чухам юу нь тэгтлээ үзэгчдийг нэгтгэнэ вэ гээд үзэхээр илэрхийллээрээ театрт драмын жүжиг үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байдаг. Г.Одон гуай энэ бүтээлээрээ зураг зурж сурсан гэж амьд сэрүүндээ ярьсан байдаг. Магадгүй бүтээлээ өөрөө нэлээн өндөр үнэлсэн нь тэр болов уу.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, зураач “Ажлын дараа” бүтээл дээрээ ажиллахдаа арав гаруй хувилбар эх зураг зурж байжээ. Тэгээд сүүлд ярихдаа “Ажлын дараа” бол зураг зурж сурахад минь тусалсан бүтээл юм шүү. Сэдвийг нь 1947 оны зун олж билээ. Би хадлан тэжээл бэлтгэх, өвөлжөө бууц засах ажилд ээждээ байнга тусалдаг байсан. Нэг удаа оюутны амралтаар Москвагаас ирчихээд ээжтэйгээ хадланд явлаа. Өвс нуруулдчихаад ирэхэд ээж минь газар зууханд аргалын утаа суунаглуулан хоол хийж байв. Тэр үдшийн байгалийн өнгө төрх сэтгэл хөдөлгөж, би хэд хэдэн таталбар хийж билээ. Юуны түрүүнд өвсөн овоохойгоо зурсан. Яаж аятайхан зураг бүтээе дээ гэж бодоод янз бүрийн судалбар хийлээ. Дараа нь түүнээ нэгтгэх болов. Баахан хүний зураг өвсөн овоохойнхоо хажууд байрлуулан зурав. Энэ эх зургаа нөхдөдөө үзүүлэхэд өвсөн овоохойн оронд майхан байвал яасан юм бэ гэсэн санал гарлаа. Би ч зөвшөөрч овоохойг майхан болгосон. Дахин дахин янзалсаар 1958 оны сүүлээр “Ажлын дараа” зураг дуусч 1958 онд төрийн шагнал хүртэж билээ” гэжээ. Улмаар 1975 онд ардын зураач цол хүртсэн байна. Монголчууд бэрхийг даван туулж, “хөмөрсөн тогоон дор”-оосоо гарч, бөөснөөсөө салж, боловсрол олж бас хийж бүтээж орчин үежиж чадсан социалист нийгмийн ид өрнөлийн цаг үеийг урлагт буулган үлдээсэн Г.Одонгийн “Ажлын дараа” бүтээл өдгөө Үндэсний уран зургийн галлерейн сан хөмрөгт буй. Төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн намтрыг үзвэл, тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 1925 онд төрж, уран бүтээлээ 1942 оноос эхэлжээ. Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн академи төгсч ирээд 1951 оноос ДУДуС-д, 1958 онд УБДС-ийн дэргэдэх зураг, хөдөлмөрийн ангийг анх нээгдсэнээс 1986 оныг хүртэл багшилсан байна. Г.Одон гуай уран зургийн 200 гаруй бүтээлээрээ Монголын орчин үеийн дүрслэх урлагт хот, хөдөөгийн аж байдал, түүх, заримдаа угсаатны соёлыг ч өгүүлэн өөрийн том орон зайг эзлэн мөнхөлсөн байх ажээ.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *