Categories
мэдээ цаг-үе

Ажилласан жилийг бус гаргасан амжилт, хийсэн бүтээл, үлгэр дуурайллыг нь үнэлж шагнадаг болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төсөлд нэлээд шинэлэг зүйлсийг тусгасан байна. 1990 онд ардчилсан хөдөлгөөн ялж, 1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаар нийгэм солигдож социализм, коммунизм байгуулах өмнөх нийгмийн зарчим үндсээрээ өөрчлөгдсөн ч төрийн шагнал олгох систем, хэлбэр хуучнаараа үлдсэн нь хуулийг шинэчлэх гол шалтгаан болсныг хууль санаачлагч онцолжээ. Өмнөх тогтолцоогоор хөдөлмөрийн үнэлгээ, он удаан жил ажилласан байдлыг харгалзан шагнал хүртээдэг байсан бол шинэ Үндсэн хуулиар гавьяа байгуулсан, нийгэмдээ сайн үйлс бүтээж, үлгэр дуурайлал үзүүлснийг нь үнэлж шагнал олгодог байх зарчим үйлчлэх юм байна. “Он удаан жил, идэвх зүтгэлтэй ажилласан”, “хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан” гэсэн хуучин шалгуурыг өөрчилж, тодорхой салбар, үйл хэрэгт гавьяа байгуулсан тохиолдолд шагнадаг хүндэтгэлийн шагналын тогтолцоо руу шилжих баримтлалыг мөрдлөг болгох аж.

“Ардын” гэсэн цолыг таван төрөл мэргэжлээр, “Гавьяат” цолыг 30 төрлөөр олгож иржээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсад 7000 орчим төрлийн ажил, мэргэжил байгаа тул нийгмийн бүх салбарын ажил мэргэжлийг хамарч чадахгүй болсон гэж дүгнэжээ. Одоо олгож байгаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг нь хуучин сүлдтэй, БНМАУ гэсэн бичээстэй учир загварыг өөрчлөх шаардлага үүсчээ. Түүнчлэн төрийн дээд одон, медалийн нэр нь улс төрийн намын болон ТББ, аймаг, орон нутгийн ИТХ-аас олгодог зарим одон, медалийн нэртэй давхцах болжээ. Жишээ нь, төрөөс олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Чингис хааны одон”-той АН-ын Чингисийн одон, П.Даваанямын тэргүүлдэг Чингис хааны дэлхийн академийн шагналын нэр давхацдаг нь олон нийтийг төөрөгдүүлж, шагнал хавтгайрсан мэт ойлголтод хүргэх болж. Иймээс давхацсан нэртэй шагналыг цэгцлэх зарчмыг мөн хуулийн төсөлд тусгажээ. Төрийн дээд шагналын Эрхэм дээд шагнал гэдэгт Монгол Улсын Баатар цол, Улсын эрдэнэ, Чингис хаан одонг хамааруулж ойлгох бол эрхэм хүндэт шагналд Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон. Хүндэт шагнал гэдэгт, Алтан гадас, Цэргийн гавьяа одон, Эхийн алдар I, II одонг хамааруулна. Харин медаль гэдэгт, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медаль, Энхийн төлөө медаль орох юм байна.

Монгол Улсын баатар цолыг таван жилд нэг удаа нэг хүртэл хүнд, Улсын эрдэнэ цолыг гурван жилд нэг удаа нэг хүртэл хүнд, Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд, Эрдэнийн очир одонг жилд 200 хүртэл хүнд, Алтан гадас одонг жилд 2000 хүртэл хүнд, Цэргийн гавьяа одонг жилд 500 хүртэл хүнд тус тус олгох аж. Хэрвээ төрийн дээд шагналын тоо хэмжээ тухайн жилийн онцлогоос хамааран хэтрэхээр байвал Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ шийдвэрлэх юм байна.

Хуулийн төсөлд зарим цол, шагналын тэмдэг, одон, медалийн загварыг өөрчлөхөөр тусгасан байна. Одон медалиудын одоогийн болон шинэчилсэн загварыг харьцуулсныг сонирхуулж байна.

Монгол Улсын баатар цол

Монгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээж, Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.

Мөн эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан иргэнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно.

Улсын эрдэнэ цол

Улсын эрдэнэ цолыг Цагаан сарын баярыг тохиолдуулан олгох юм байна. Үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээж, Улсын эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.

Чингис хаан одон

Чингис хаан одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна. Чингис хаан одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно.

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан иргэнд хүртээж, Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэхийг гардуулна.

Эрдэнийн очир одон

Эрдэнийн очир одонгоор төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан хүнийг шагнана.

Алтан гадас одон

Алтан гадас одонгоор иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт гавьяа байгуулсан хүнийг шагнана.

Цэргийн гавьяа одон

Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, хууль сахиулах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнаж одонг үнэмлэхийн хамт гардуулна.

Эхийн алдар одон

Эхийн алдар одон нь I, II гэсэн зэрэгтэй байна. Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна.

Хөдөлмөрийн хүндэт медаль

Хөдөлмөрийн хүндэт медалиар иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан иргэнийг шагнана.

Цэргийн хүндэт медаль

Цэргийн хүндэт медалиар Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Шударга журам медаль

Шударга журам медалиар эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзол хангасан тохиолдолд дахин шагнаж болно.

Найрамдал медаль

Найрамдал медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Энхийн төлөө медаль

Энхийн төлөө медалиар Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан иргэнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Төрийн соёрхол

Төрийн соёрхлыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгох бөгөөд төрийн дээд шагналын эрэмбийн хувьд эрхэм хүндэт шагнал болно.

Төрийн гэрэгэ

Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг монгол хүний оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж, тухайн ондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үйлдвэр, барилга, байгууламж, цогцолбор, хэвлэгдэн гарсан ном зохиол, үзэгчдэд хүрсэн урлаг, соёлын бүтээлд олгох бөгөөд төрийн дээд шагналын эрэмбийн хувьд хүндэт шагнал.

Бэлтгэсэн Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *