Categories
гадаад мэдээ

Ажилчдаа амиа хорлоход нөлөөлсөн гэх Франц захирлыг шүүж эхэллээ

Францын харилцаа холбооны “France Telecom” компанийн экс гүйцэтгэх захирал Дидье Ломбардыг ажилтнууддаа “сэтгэл зүйн хүчирхийлэл” үйлдсэн хэмээн буруутгаж, уг хэргийн шүүх хурал Парис хотноо үргэлжиж байна. Түүнийг “France Telecom” компанийг тэргүүлж байх хугацаанд 35 ажилтан амиа хорлож, хэд хэдэн ажилтан амиа хорлохыг завдсан байна. Гэхдээ “энэ тоо баттай тоо баримт биш” гэдгийг прокурорууд мэдэгдээд “Хохирогчдын тоо 40-50 байж магадгүй” гэж мэдэгджээ. Хамгийн олон ажилтнууд амиа хорлосон гэх 2008-2009 оны үед Дэлхийн эдийн засгийн хямрал бүх нийтийг хамрахаас гадна “France Telecom” компани дампуурах эрсдэлтэй байжээ. Д.Ломбард компаниа авч үлдэхийн тулд 2007-2010 оны хооронд компанийнхаа бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, 10 мянган ажлын байрыг цомхотгож, 20 мянган ажилтнаа ажлаас нь халсан байна. Мөн 2013 онд компанийнхаа нэрийг “Orange” хэмээн өөрчилсөн аж. Тэрбээр ажилчдын эсэргүүцэлтэй нүүр тулахаас болгоомжилж, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж, тэднийг хүчээр халагдах өргөдөл бичүүлдэг байсан гэнэ. Халагдсан ажилчдаас гадна бүтцийн өөрчлөлтийн дараа компанидаа үлдсэн ажилчдад ирэх ачаалал, дарамт их нэмэгдэж, зарим нь амиа хорлоход хүрчээ. Прокурорууд “Амиа хорлогсдын үлдээсэн зурвасаас харахад Ломбардын хатуу бодлого, дааж давшгүй ажлын нөхцөл нь амь хохирогсдыг эцсийн алхам хийхэд нөлөөлсөн гэж үзэхэд хангалттай” гэлээ. Дидье Ломбард 2011 оны долоодугаар сард “France Telecom” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *