Categories
мэдээ цаг-үе

Аж үйлдвэрлэлийн салбар 60 хувиар өссөн ч, өндөр цалинтай ажиллагсдын тоо буурчээ

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН34 ХУВИЙГ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ИРГЭД ЭЗЭЛЖ БАЙНА

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 11 сард ажилгүй 81 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Өмнө нь бүртгэлтэй байсан 23 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 68 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 29 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 23 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 4.7 мянган хүнээр өссөн байна. 2017 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44 хувийг бүрэн дунд, 34 хувийг дээд боловсролтой буюу дипломын болон бакалаврын зэрэгтэй иргэд эзэлж байна.

УУРХАЙЧИД ХАМГИЙН ӨНДӨР, УРЛАГИЙНХАН ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ БАЙНА

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны III улиралд нийт 38 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 606 мянган ажиллагсад хамрагджээ. Эдгээр ажиллагсдын найман хувь нь 240 мянган төгрөг хүртэлх цалинтай, зургаан хувь нь 240300 мянган төгрөгийн, 17 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай. Харин ажиллагсдын хамгийн их эзлэх хувь буюу 36 хувь нь 500900 мянган төгрөгийн цалинтай. Ажиллагсдын сарын дундаж цалинг бүх салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг, харин урлаг, соёлын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна. Харин 700.0900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагсад 0.2 мянгаар, 900.01100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагсад 3.8 мянгаар, 1100.01300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагсад 1.2 мянгаар буурсан байна.

МАЛ, АМЬТНЫ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ 190-Д ХҮРЧ, БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛИЙН УЛМААС 160 ИРГЭН АМИА АЛДАВ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2017 оны эхний 11 сард 4058 болж, өмнөх оны мөн үеэс 30-аар буурав. Объектын түймэр 3419 удаа гарч, мал, амьтны халдварт шүлхий өвчин 65 удаа, галзуу өвчин 62 удаа, хонины цэцэг өвчин 49 удаа, боом өвчин найман удаа, мялзан өвчин таван удаа, тарваган тахал, цусан халдварт, хорт салт хатуурал болон дуут хавдар өвчин тус бүр нэг удаа бүртгэгдлээ. Аюулт үзэгдэл ослын улмаас нийт 199 хүн амь насаа алдсаныг шалтгаанаар нь авч үзвэл, усны ослын улмаас 112 хүн, объектын түймрийн улмаас 40 хүн, бичил уурхайн нурангийн улмаас 19 хүн, уулын ослын улмаас 17 хүн, хүчтэй салхи, шуурганы улмаас дөрвөн хүн, химийн бодис болон үерийн улмаас тус бүр гурван хүн, аянгын улмаас нэг хүн амь насаа алджээ.

Аюулт үзэгдэл ослын улмаас хорогдсон, устсан мал, тэжээвэр амьтад 2017 оны эхний 11 сард 537.6 мянган толгой болжээ.

НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСЧ ЭКСПОРТЫН ОРЛОГЫГ 1.3 ТЭРБУМДОЛЛАРААР НЭМЭГДҮҮЛЭВ

Монгол Улс 2017 оны эхний 11 сард дэлхийн 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.7 тэрбум америк доллар, импорт 3.9 тэрбум америк долларт хүрлээ.

Өмнөх оноос экспорт 33, импорт 26.8 хувиар өсөв. Экспорт 2017 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 825.1 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.1 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 166.3 сая америк доллар, автобензин 55.3 сая америк доллараар импортолсон нь нөлөөлжээ.

БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 6.5 ХУВИАР ӨСЛӨӨ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өссөн байна. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хувцас, бөс бараа гутлын бүлгийнх 5.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ арван хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод 2017 оны 11 дүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 33.7 хувийнх нь үнэ өсөж, 12.5 хувийнх нь үнэ буурч, 53.8 хувийнх нь үнэ өөрчлөлтгүй байв.

АЖ ҮЙЛДВЭР 60 ШАХАМ ХУВИАР ӨСӨВ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 58.1 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 11.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл, үүнээс нүүрс олборлолт 1.1 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт нэг их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

ЦАГААН НООЛУУР ДОРНОД АЙМАГТ 40, ДОРНОГОВЬ АЙМАГТ 70 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны арваннэгдүгээр сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Говь-Алтай, Увс, Ховд болон Баянхонгор аймагт хамгийн бага буюу 25 мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 40 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ болон Дорнод аймагт хамгийн бага буюу 17 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 25 мянган төгрөг, бусад аймагт 19.5-23.0 мянган төгрөг байна. Ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 40 мянган төгрөг, Дорноговь аймагт хамгийн өндөр буюу 70 мянган төгрөг байна.

ТӨМӨР ЗАМЫН АЧАА НЭМЭГДЭЖ, ЗОРЧИГЧИД БУУРЧЭЭ

Төмөр замын тээврээр 2017 оны эхний 11 сард 20.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 2.4 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 сая тонноор өсөж, зорчигчид 5.8 мянгаар буурсан байна. Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 41.2 хувь, экспортын ачаа 35.0 хувь, импортын ачаа 10.4 хувь, дамжин өнгөрсөн ачаа 13.5 хувийг эзэлж, Төмөр замын тээврийн салбарын орлого оны мөн үеэс 75.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд нүүрс, барилгын материал, өргөн хэрэглээний хүнсний бараа болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ.

АГААРЫН ТЭЭВРИЙН АЧАА БУУРЧ, ЗОРЧИГЧИД НЭМЭГДЭВ

Агаарын тээврээр 2017 оны эхний 11 сард 2.8 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 761.7 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 60.9 тонноор буурч, зорчигчид 139.8 мянган хүнээр өсжээ. Харин өмнөх сараас тээсэн ачаа 38 тонн, зорчигчид 7.8 мянган хүнээр тус тус буурсан байна. Агаарын тээврээр дотоодод зорчигчид өмнөх оны мөн үеэс 73.7 мянга, олон улсад зорчигчид, 66.1 мянган хүнээр өслөө. Агаарын тээврийн салбарын орлого 299.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөгөөр өслөө.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *