Categories
амьдралын-өнгө мэдээ

Айрагдаагүй ч бэлэгтэй наадам DNN.mn

Миний үзсэн хамгийн сайхан наадам гээд бодмогц ихэвчлэн тэмээний наадам санаанд бууж байна. Говь нутгийн минь чимэг болсон сүрлэг сайхан тэмээгээ уралдуулж, сайхан хос, сайхан ингэ, сайхан буур, сайхан атаа шалгаруулж өвөлдөө бид өргөн дэлгэр сайхан нааддаг. Манай удмынхан үе дамжин буянт сүргээ өсгөж, тэр дундаа тэмээг голчлон малладаг билээ. Харин би энд үзсэн гэхээс илүү өөрийн биеэр наадсан наадмаа бичихийг хүссэн юм.

2005 оны зун, сургуульд орохын өмнө жил ах нарыгаа дагасаар морь унаж сурлаа. Би уул шиг түшигтэй зургаан сайхан ахтай. Хоёр бага ах болох М.Амартүвшин, М.Амарсанаа нар намайг морь унахад сургалаа. Тэр зун зургаан даага сургаж, бид халтар даагаа мянгатын наадамд сойхоор болов. Морин дээрээс шороо амсаж үзээгүй хөлний хий, сэтгэлийн хөөрөл хоёр нь дарагдаагүй “Нөхөр” ахыгаа дагаж Мянгатын наадамд явахаар болсон юм. Манай нутагт аагим халж, долдугаар сарын сүүлээр арайхийн хур хайрлав. Хур оров уу үгүй юү маргааш өглөө нь таана шазайж, хүн малын сэтгэл тэнийж, уужим тал нутаг минь өнгө засах нь урамтай. Миний нутаг Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Манайх сумаас зүүн урагш 50 гаруй км зайд Их уул, Хээрийн булгийн араар зуншина.

Хур орсон тул мянгатууд найр, наадмаа хийхээр зэхнэ. Найр, наадмын уур амьсгал орж хавийн харчуул морь уядаг нь морио, барилддаг нь биеэ бэлдэцгээнэ. Ах бид хоёр ч бас. Нагац ах М.Амартүвшин маань цэргээс халагдаж ирээд удаагүй анхны наадамдаа халтар даага, хул шүдлэн үрээ сойлоо. Харин би унаач хүүхэд нь. Анхны наадам учир шөнийн зүүд, өдрийн бодол минь тэдний адил бэлдэцгээн наадамд түрүүлэх байлаа. Өвөө, эмээ, ээж минь ч надтай хамт наадамд бэлтгэнэ. Өвөө шинэ эмээлийн мод засч, ээж олонцоглоно. Эмээ олом жирэм сүлжинэ. Өвөөг минь Төгсийн Маниа, эмээг Д.Элбэг, ээжийг М.Азжаргал гэдэг. Ах бид хоёр өглөө, оройгүй морины ажлаа хийсээр л.

Өглөө нар мандахтай зэрэгцэн босч эмээлээ үүрээд, ахтай мориндоо явна. Нэг орой морио тавьчихаад орж ирэхдээ эмээлээ гэрийн үүдэнд тавиад ороод ирж. Уг нь тэмээн тэргэн дээр тавих ёстой. Маргааш өглөө нь эмээ намайг дуудахаар нь очтол “Хурдан морины хүүхэд чинь эмээлээ гэрээс урагш тавьдаггүй юм, дээш нь тавьж бай миний хүү. Тэгэхгүй бол энийг хар даа” гээд хайртай шинэ эмээл рүү минь заалаа. Гэтэл миний эмээлийн ган нь ханхалсан ганзагыг эрх цагаан ямаа маань идчихэж. Уйлах, инээх хоёрын дундуур юм болж билээ. Тал нь алга болж, шүдний ором үлдсэн ганзага руугаа харахаар л өөртөө гомдож нулимсаа залгимаар, эсвэл эрх ямаагаа зодмоор санагдана.

Бид олон хоног бэлдсэний эцэст мянгатын наадам ч хаяанд ирлээ. Наадмын өглөө ах бид хоёрын ходоод руу хоол битгий хэл цай ч орохгүй. Эмээ сүүгээ өргөөд, ээж миний хамаг гангарааны хувцас болох жийнсэн хослол, цагаан пүүзийг өмсгөж, гэзгийг минь хоёр сүлжиж өглөө. Өвөө болгоомжтой уралдахыг захиад, зүүн хацрыг минь үнэрлэн хөдөлгөв.

Бид хоёр морь уяж, унаж байгаа тул наадамд хамаг хүнээс эрт очих ёстой. Тэр наадамд бидний араас хонь, тэмээгээ усалчихаад өвөө, эмээ, ээж гурав очсон эсэхийг ч би санадаггүй юм. Ах бид хар үүрээр хоёр хос жороо морио унаад уралдуулах халтар даага, шүдлэн үрээгээ хөтөлсөөр саахалт айлыг зорилоо. Саахалт айл нь өвөөгийн отгон дүү Төгсийн Мөнхбатынх. Т.Мөнхбат ахын хүүд нар ч бас морь уяж байгаа, бид хамт явна. Ахын шон дээр очоод мориноос буухтай зэрэгцэн надтай үе тэнгийн хөвгүүн М.Сумъяа гүйж ирээд “Чамаар нэг ах азарга унуулна гэсэн” гэв. Би ч итгэсэнгүй “Худлаа ярь” гэчихээд гэр рүү орлоо. Гэр рүү ортол томчууд ч хэлж байна. Шон дээр сонссон хов үнэн болоод явчихлаа шүү.

“Хурдны морь унаж уралдаж үзээгүй надаар хэн морь унуулах вэ дээ” гэж бодсоор Цэций уулынхаа зүүн дэнж Эрэгийн зоон дээр ирлээ. Наадмын комиссоос “Эхлээд азарга уралдана шүү” гэж байна. Тэр үед манай сумын уул уурхай хараахан хөгжөөгүй, хаашаа л харна таньдаг хүмүүс. Энд тэндээс хүн ирээд “Энэ хэний хүүхэд вэ”, “Маниагийн өвөрт явдаг байсан бор охин ийм том болчихсон юм уу” гээд л ахтай сонин сайхан ярина.

Наадам ч албан ёсоор эхэллээ, нутгийнхан ч олуулаа цуглажээ. Энэ бол манай сумын Сийрст багийн Улсын аварга малчин Ц.Наранцэцэг гуайн мянгатын наадам.

Наадмын нээлтийн үеэр том хар машинтай, 40 эргэм насны бор ах ирээд “За сайн уу, миний дүү. Чи байх нь ээ, миний морины хүүхэд” гээд инээлээ. Тэр бол манай нутгийн хурдан хул азаргатай, Билгэх багийн малчин, уяач Б.Самба ах байсан юм. Агаа тэр хоёр ярилцаж надаар Б.Самба ахын алдарт хурдан хул азаргыг унуулах болов. Би огт азарга унаж үзэээгүй болохоор их айсан “Тийм хурдан азарга юм бол түрүүлчих юм биш үү” гэж догдолно. Үдээс өмнө азарганы уралдаан эхэллээ. Миний санаж байгаагаар 30 орчим азарга уралдсан юм. Хул азаргаа унаад гарааны зураас руу хөдөллөө. Би туршлагагүй унаач бүх азарганы хамгийн түрүүнд нь явж байтал нэг мэдсэн чинь хүүхдүүд “Гүүглээд” л буцаад харвачихдаг юм даа. Гарааны зураас дээр очоогүй байхад дутуу эргэчихсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй ч олон наадмын нүүр үзсэн хул азарга маань аль хэдийнэ мэдээд эргээд давхичихав. Гайхах, яарах хоёр зэрэгцэж ахын захиасыг ч бодож азаргаа зам дөхөөгүй байхад гуядсангүй. Замын голоос хэтрээд явж байтал Самба ах мотоцикльтой миний харалдаа ирчихсэн гараараа гуядаж үзүүлж байна. Би ч “Одоо болох юм байна” гэж ойлгоод суран ташуураараа баруун, зүүнгүй гуядсаар барианд есөөр оров. Бодсоноос муу уралдсан тул сэтгэл гонсгор “Арай ч дээ, наадам ийм байдаг юм уу. Ингэж дутуу эргэдэг юм уу” гэж шар гозойгоод нүдэнд нулимс цийлэгнэж, хоолой зангираад үг ч гарсангүй.

Б.Самба ах “Миний охин сайн уралдлаа. Өөрөө гэмтээгүй, эхний аравт орно гэдэг чинь амжилт” гээд л намайг аргадаж зуугийн шар тор дүүрэн бэлэг авч өгсөн юм. Удалгүй ах бид хоёрын уяж байгаа шүдлэн насны уралдаан эхэллээ. Өмнө нь нэг уралдаад тодорхой хэмжээний туршлагатай болчихсон нөхөр бүх шүдлэнгийн сүүл мушгаад, их болгоомжтой гарааны зураас руу явсан юм даг. Бас л 20 гаруй шүдлэн үрээ уралдсаныг санагддаг. Хамаг тактикаа ашигласан ч 15 дугаарт хурдаллаа. Бас л сэтгэл гонсгор “Одоо даагатайгаа сайн уралдана аа” гэж бодоод дуртай дургүй мориноосоо бууж ирсэн. Ах намайг зоригжуулж ундаа уулгаж, наадмын хуушуур идүүлээд “Айрагдах хамгийн сүүлийн боломж, ахын дүү хамгийн гол нь болгоомжтой яваарай” гээд дааганд мордууллаа. Тэр хүйтэн коланы сайхан амт хуруу дарах тооны төв орж үзсэн, хөдөөгийн хургачин охин надад амттаны дээд нь юм шиг санагдаж билээ.

Даага уралдах цаг болж бид гарааны зураас руу явлаа. Хэд орчим даага уралдсаныг одоо санадаггүй ч нэг их олон даага бол байгаагүй.

Даага барианаас эргээд л давхиж өглөө. Ах бид хоёр даагаа олон хоног сойгоогүй хөөрхөн “Холхгор” даага байсан юм. Халтар даага бид хоёр хичнээн хичээсэн ч баян ходоодонд орсон. Барианд ороход хүмүүс хоёр талаар эгнээд зогсчихсон “Хоёр хөөрхөн юмыг хар даа” гээд л өхөөрдөж байсан ч надад нүүр хийх газар байсангүй. Ичсэндээ барианы зураасны хажуугаар явж байтал морь бариач цогьж ирээд “Ингэж болдоггүй юм, бариандаа орох ёстой миний дүү” гээд цулбуурнаас минь хөтлөөд бариан зураасаар алхуулав.

Тэр өдрийн наадамд хэн хэн байсан, хэдэн гэр байсныг, морины уралдаанаас өөр юу болсныг ч огт санадаггүй. Учир нь миний хамгийн гол зорилго уралдаанд түрүүлэх л байлаа. Уралдаанд түрүүлж чадаагүй ч баян ходоодонд орсон дааганд бэлэг өгдөг юм билээ. Ууттай бэлэг, жижигхэн бор хувцасны чемодантай болсон. Ямартаа ч анхны наадмаасаа бэлэгтэй харьсан юмдаг. Ах бид хоёрыг гэртээ очиход өвөө, эмээ, ээж минь гоёо түүгээд арилгачихсан, бүр дүрж идэх таргийг нь бэлдээд “Миний хүүхдүүд сайхан наадсан уу” гэсээр угтаж билээ. Баян ходоодонд орсон халтар даага минь одоо арав гаруй настай бүдүүн морь болж адуун сүрэгтээ идээшлэн бий. Зуны амралтаар хаа нэг адуугаа эргэхэд андаад гүйгээд ирдэг юм. Тэр жилийн наадмаас ийм гэгээн дурсамж үлдэж. Наадам дөхсөн өдрүүдэд таван настай балчир охин халтар даагаа унаад саахалтын хөвгүүдтэй ана мана тарлаж явсан тэр дурсамж сэтгэлд илүү тодорч харагддаг юм. Наадам гэдэг айрагдаж, түрүүлэхдээ гол нь биш хатуу өвөл, хахир хаврын их ажлыг давж, дэлгэр зунтай золгосны баяр юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *