Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон юм. Хуралдаанаар үндэсний их баяр наадмын тухай хуулийн хоёрдугаар зүйл, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн аймаг, сум, дүүргийн баяр наадмыг зохион байгуулах тогтоол гаргалаа. Тогтоолоор аймаг, дүүрэг, сумын баяр наадам, бүс, аймгийн хэмжээний томоохон уралдааныг ирэх долдугаар сарын 15-25-нд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Энэ оны долдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 53 орны төр, засгийн тэргүүн оролцохоор саналаа ирүүлсэн байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын 800 орчим сурвалжлагч, сэтгүүлч ажиллана. Дээд түвшний уулзалт болох цаг хугацаа нь Үндэсний баяр наадамтай давхцаж байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар нийтээр амрах хугацааг долдугаар сарын 11-15 гэж заасан байна. Энэ нь дээрх хугацаанд нийслэлийн ачааллыг зарим талаар бууруулах ач холбогдолтой бөгөөд аймаг, дүүрэг, сумын баяр наадмыг долдугаар сарын 15-25-нд зохион байгуулах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг энэхүү уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс гаргажээ. Дээд түвшний уулзалтын үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэсэн зорчигчдын нэн яаралтайгаас бусад урсгалыг хязгаарлах, иргэдэд тайлбарлан ойлгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.