Categories
арын-нүүр булангууд мэдээ

Айлгах аавтай арслангийн зулзага

Хорвоо дэлхий
уудам ч хүний амьдрал шүдэнз зурахын төдий гэдэг. “Зөв л явах юмсан” хэмээн хүмүүс
сэтгэх авч үүндээ хүрэх гэж тэмүүлдэг нь хэд бол. Таван настай хүү маань саяхан
“Би айлгах аавтай арслангийн зулзага мөн тийм ээ” гэлээ. Би ч “Айлгах аавтай арслангийн
зулзага мөн өө” хэмээн тоомжиргүйхэн хариулчихаад телевизийн суваг сольсон юм. Төд
удалгүй нэг цаасан дээр аав, ээж, өөрийгөө болон дүүгээ томоо гэгчийн бурханыг гараасаа
хөтлүүлэн зурсан зураг аваад ирлээ. “Арслангийн зулзага нь гэр бүлээ зурчихаад ирлээ”
гэж байна.

“Бурхан манай
гэр бүлийн гишүүн. Манайхан гоё амьдарч чадвал энэ бурхан шиг мундаг болно. Зөв
л амьдрах юмсан” хэмээн хэзээний том хүн шиг ярих аж. “Тийм ээ, бид зөв амьдарч
байна” хэмээн дотроо бодож явдаг ч үнэндээ зөв яваагаа мэддэгсэн билүү. Бидний гишгэсэн
мөрөн дээр гишгэж, бидний гараас зүүгдэн эрийн цээнд хүрэх үрсдээ л ядаж зөв байхсан.
Үнэнийг худал гэж хэлэлгүй, үйлдлээ ядаж цэнэж чаддаг билүү.

Магадгүй
бурхан биднээс баян явсан уу, хэдэн байртай байсан бэ гэж лав л асуухгүй. Зүдэрсэн
нэгэнд тусалж чадсан уу гэж асууна. Өнгөтнөөр цалгиж, хэдэн орноор зугаалав гэж
асуухгүй. Өрөөлийн өмнө хүлцэнгүй явсан уу гэж асууна. Бусдын нүдэн дээр уйлж явсан
уу, дуулж явсан уу гэж асуухгүй. Харин эсрэгээрээ хичнээн хүний нулимсыг арчиж өгсөн
бэ гэж асуухад хүрвэл юу гэж хариулах бол. Гишгэсэн мөрнөөс нь цэцэг дэлгэрдэггүй
юмаа гэхэд гишгэсэн мөрийг нь үр хүүхдүүд минь хараад баярладаг л байгаасай. Үр
минь үлдэх хорвоо гэдгийг санаж зөв амьдрах юмсан.

Цаана чинь
“Айлгах аавтай арслангийн зулзага”-нууд биднийг л харан хүмүүжиж байгаа шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *