Categories
мэдээ цаг-үе

Айлчлалын өмнөхөн албан уулзалтууд өрнөлөө

Зунжин нам жим байсан Төрийн ордон өчигдөр
хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хятадын удирдагчийн айлчлан ирэхтэй холбогдуулан бэлтгэл
ажил өрнөхийн сацуу дараахь албан уулзалтууд болсон юм.

 УИХ-ЫН ДАРГА ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН
ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

 УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсад айлчилж байгаа Япон улсын парламент
дахь Либерал ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши
тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

З.Энхболд дарга уул­залтын эхэнд, Япон улсын парламент дахь Япон,
Монголын найрамдлын гурван бүлгийн тэргүүн өргөн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад айлчилж
байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол
Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон улстай
хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр засаг өндөр ач холбогдол
өгч байгааг тэрээр онцлон тэмдэглэлээ. Мөн өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр орны хооронд Эдийн
засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрээд байгаад
баяртай байна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг шинэ
шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.

Япон улсын парламент дахь Либерал ардчилсан намын Япон Монголын найрамдлын
бүлгийн дарга Мотоо Хаяаши хэлэхдээ, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа
ялангуяа стратегийн харилцаа, эдийн засгийн түншлэл эрчимтэй хөгжиж байгаад талархаж
байна. Бид танай улсын хувийн хэвшилд хувь нэмрээ оруулахад таатай байх болно гэв.
Мөн Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд  Монгол 
Улсад айлчилж байгаа бөгөөд Монгол Японы уран бүтээлчдийн хамтарсан “Тэнгэр,
нар, түншлэл” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтэнд оролцох тухайгаа УИХ-ын даргад танилцууллаа.

Энэхүү уулзалтын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,
дэд дарга Д.Оюунхорол нар тэднийг хүлээж авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
“Манай улс мөнхийн хоёр том хөрштэй. Гурав дахь том хөрш бол Япон улс. Бид олон
жилийн сайн түншийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Хүнд хэцүү үед үргэлж тусалж
дэмжиж, хандив тусламж өгч донор болж ирсэнд талархалтай байдаг. Цаашид ч Япон улстай
харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллана” гэж тодотголоо.  МАН-ын бүлгийн даргын байр суурьтай Японы парламентын
төлөөлөгчид санал нэгтэй байгаагаа илэрхийлээд эдийн засаг хүндрэлтэй үед нэмүү
өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой
гэв. Японы парламентын доод танхимын гишүүн Сонода Хироюки хэлэхдээ, манай хоёр
орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн Монгол Улсын өнөөгийн хөгжилд улс төрийн ууган хүчин МАН-ын гүйцэтгэх
үүрэг, хариуцлага чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Монгол Улс эдийн
засгийн хүндрэлтэй байгаа үед та бүхэн айлчилж байна. Тиймээс танай орны эдийн засгаа
тогтвортой авч явдаг арвин туршлага бидэнд чухал. Бидний хөгжүүлж чадахгүй байгаа
зарим асуудал дээр та бүхний дэмжлэг, зөвлөмж хэрэгтэй байна гэв. Мөн парламентын
гишүүдээ иргэд нь шууд сонгодог Японы сонгуулийн тогтолцооны туршлагаас судлах хүсэлтэй
байгаагаа энэ үеэр уламжлаад авлаа.  Манай
оронд айлчилж байгаа Японы парламентын гишүүд өнөөдөр Дархан-Уул аймагт очиж үйлдвэрлэлийн
бүсийг хэрхэн сэргээн хөгжүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах зэргийг
судлах юм байна.

ХЯТАДЫН СОЁЛЫН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ
УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлалын
сайд Ц.Оюунгэрэл БНХАУ-ын Соёлын сайд Цай Утай өчигдөр уулзлаа. Энэхүү албан ёсны
уулзалт хоёр орны соёлын харилцааны сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Тодруулбал, хоёр
улсын соёлын харилцаа өргөжин тэлж байгааг Ц.Оюунгэрэл сайд онцоллоо.  Үүний дараа Хятадын Соёлын сайд Цай Уг Ерөнхий
сайд Н.Алтанхуяг  хүлээн авч уулзлаа.

Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдтай
ахин уулзаж байгаадаа талархал илэрхийлээд Монгол, БНХАУ-ын хамтын ажиллагаа
улс төр, эдийн засгийн төдийгүй соёл, хүмүүнлэнгийн
салбарт ч өргөжиж байна. Энэ хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, соёлын бүх салбарт
хамтран ажиллах, соёлын өвийг хадгалахад цаашид анхаарч ажиллана гэлээ.Тус улсын
соёлын өдрүүдийн нээлт, БНХАУ-ын дарга Си Жиньпиний төрийн айлчлалтай давхцаж байгаа
бөгөөд энэ айлчлал хоёр орны олон салбарт үр дүнгээ өгөх айлчлал болно гэдгийг уулзалтын
үеэр талууд онцоллоо. БНХАУ-ын Соёлын сайд Цай У айлчлалынхаа хүрээнд Соёл, спорт,
аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй Монгол Улс, БНХАУ-ын 2014-2017 оны соёлын солилцооны
хөтөлбөрийг байгуулах юм.

 

Д.АРВИН ГИШҮҮН Ю.ЦЭДЭНБАЛЫН
АЧ ОХИНЫГ ХОЛБООТОЙ БАЙХЫГ ЗАХИЛАА

УИХ-ын  гишүүн Д.Арвин БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий
сайдаар ажиллаж байсан Ю.Цэдэнбалын хүү Зоригийн охин Анастасияг өнөөдөр Төрийн
ордонд хүлээн авч уулзлаа.

Хатагтай Анастасия УИХ-ын гишүүн
Д.Арвинд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд өвөөгийнхөө төрсөн
нутаг болох Увс аймгийн Давст суманд зочлон, ном хуруулаад ирсэн тухайгаа дуулгасан
юм. Мөн  энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан
бүх хүмүүст талархаж байгаагаа дуулгаад өнөөг хүртэл  өвөөг нь Монгол Улсын төр засаг хүндэтгэж явдагт
баяртай байдгаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр хэлэхдээ, Монголын талаар бодож байсан
түүний бодлууд өөрчлөгдсөн. Өвөөгийнхөө гэрийн бууцан дээр очоод  агаараар нь амьсгалахад өөрийгөө монгол хүн гэдэг
мэдрэмж төрж байсан тухайгаа хэллээ. Түүнчлэн Улсын их хурлын гишүүн Д.Арвинд хандан
1990-ээд оны хүнд хэцүү үед түүний эцэг Ц.Зоригийг Монгол Улсын иргэншилтэй болгоход
гүн туслалцаа үзүүлж, гол үүргийг гүйцэтгэж байсанд талархаж явдгаа илэрхийлээд
Цэдэнбалын Зоригийг Монгол Улсад амьдрах орон сууцтай болгосон зэрэг түүний хүчин
чармайлт гаргаж хийсэн аж­луудад нь  хүндэтгэл
үзүү­лэхээр ирсэн тухайгаа мэ­дэг­дэв. Улсын их хурын ги­шүүн Д.Арвин З.Анастасияг
Монгол Улсад хүрэлцэн ир­сэнд талархал илэрхийлээд цаашид холбоотой байхыг захилаа.
Мөн түүний аавд мэнд хүргэхийн зэрэгцээ Мон­гол Улсад айлчлан ирэхийг  урилаа.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *