Categories
мэдээ улс-төр

Айлчлалын хүрээнд гарын үсэг зурлаа

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аны энэ удаагийн айлчлал нь Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм. Тиймээс хоёр орны хамтын ажиллагааг олон талаар хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг ойртуулан бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан илэрхийллээ. Ингээд 2015 оны гуравдугаар сард анх удаа зохион байгуулагдсан Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороогоор дамжуулан ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, барилгын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтсон юм. Тиймээс өнөөдрийн айлчлалтай холбогдуулан дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:

2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах тухай захидалд Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын талаас Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Ин Сан Нам нар гарын үсэг зурлаа.

Далайн тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах тухай Зам тээврийн яам БНСУ-ын Далайн хэрэг загас агнуурын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Зам тээврийн сайд М.Зоригт, БНСУ-ын талаас Далайн хэрэг загас агнуурын сайд Юун Хаг Бэ нар гарын үсэг зурлаа.

Аж үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангийн захирал Б.Болор-Эрдэнэ, БНСУ-ын талаас Жижиг дунд үйлдвэрийн корпорацийн Ерөнхийлөгч Чай Ян Ли нар гарын үсэг зурлаа.

Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Аж үйлдвэр гадаад худалдаа баялгийн яамны Технологи, техникийн стандарт-ын үндэсний хүрээлэнгийн харьяа солонгосын нийцлэлийн лаборатор хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Эрчим хүчний төвийн захирал Я.Пүрэвжав, Солонгосын нийцлэлийн лабораторийн ерөнхийлөгч Ким Хён Шиг нар гарын үсэг зурлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *